350 гаруй "Хүндэт донор" автобусаар хөнгөлөлттэй зорчиж байна



Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн турш цусаа идэвхтэй бэлэглэж байгаа 350 гаруй цусны хүндэт донор байдаг аж. Тэд нийтийн тээврээр сард 60 удаа үнэгүй зорчих эрхтэй байдаг бөгөөд хөнгөлөлттэй картаа уншуулахад нь "Хүндэт донор" хэмээдэг байна.
Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Дулмаагаас тодруулахад "Нийгэмд цусны доноруудыг таниулах, нэмэгдүүлэх зорилгоор энэ санаачилгыг анх 2016 онд гаргаж, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Нийтийн тээврийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Улаанбаатар смарт карт ХХК хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын зарчимд цусны донор нь сайн дурын бөгөөд авлагагүй байна гэж заасан байдаг тул доноруудыг цусаа өгөхөөр ирэх, цусаа өгөөд явахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой шалгууртайгаар хэрэгжүүлдэг" хэмээлээ.
Тухайлбал, сүүлийн гурван жилийн турш жилд тогтмол хоёроос дээш удаа цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүндэт донор цол тэмдэгтэй, нийслэлийн харьяат иргэнд тус хөнгөлөлт үйлчлэх аж.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүндэт донор цол тэмдгийг 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүнд өгдөг.
Өнөөдрийн байдлаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа идэвхтэй бэлэглэдэг 17-60 насны 500 гаруй цусны донор байдаг бөгөөд 20-40 насныхан хамгийн идэвхтэй цусаа бэлэглэдэг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан