Манай улсад цусны "Хүндэт донор" 300 гаруй хүн байдаг. Тэдгээр иргэн өнгөрсөн 10 жилд 100-гаас дээш удаа цусаа хандивлажээ.
Тэдний нэг “Хүрэл донор” Н.Мөнхбаатар хэлэхдээ, "Би анх 23 настайдаа, 2010 оноос 10 дахь жилдээ 80-90 удаа цусаа өгч байна. Бусдын амь нас, биеийг авардаг энэ буянтай үйлсэд залуучуудыг идэвхтэй оролцон нэгдэхийг уриалж байна" гэсэн юм. Тэрээр "Алтан донор" болохыг зорьж буйгаа илэрхийлсэн юм.
Монголд 220 удаа цусаа хандивласан "Топ донор" нэг, 150 гаруй удаа хандивласан "Алтан донор" 10 хүн байдаг. Хүндэт доноруудыг төр, засгийн байгууллагаас бодлогын хэмжээнд дэмжиж урамшуулдаг талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр хэлж байна.
Тэрээр манай улсад 100-гаас дээш удаа цусаа өгсөн 35 хүн байдаг. Тэдгээр хүнийг 500 мянган төгрөгөөр урамшуулсан гэв. Хүндэт донор иргэд магадлан итгэмжлэгдсэн амралтад нэг удаа үнэгүй амрахаас гадна нийтийн тээврээр мөн үнэгүй зорчдог байна. 70 удаа цусаа бусдад хандивласан иргэн "Хүрэл донор", 100-гаас дээш удаа цусаа өгсөн хүн "Мөнгөн донор", 150-иас дээш бол "Алтан донор" болдог байна.
Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой. Нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг аж.