Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”


Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг.  

ЦУСНЫ ДОНОР ГЭЖ ХЭН БЭ, ЦУС ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС

Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм. 
Цусны донорын дараах хэлбэрүүд байдаг.
1.Бүхэл цусны донор – цусны бvрэлдэхүүн хэсгийг бүхлээр нь өгдөг хэлбэр
2.Ферезийн донор - өвчтөнд цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр /цусны сийвэн, ялтаст эс/

ТА ЦУСНЫ ДОНОР БАЙЖ БОЛОХ УУ

-18-50 насны
-45 кг-аас дээш жинтэй
-Элдэв өвчин эмгэггvй, аль ч бүлгийн цустай эрүүл бол та донор байж болно.
Цусны албаны эмч мэргэжилтнүүд танд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийнэ. Хэрэв тэнцэж донор болсон бол та эрүүл байгаагийн баталгаа.
Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд элэгний В С вирусын тархалт их байгаагаас цусны донор ховордоод байгаа билээ. Мөн ХДХВ, сүрьеэ, тэмбүү, бруцеллёз зэрэг өвчнүүд цусаар дамжин халдах тул маш нарийн шинжилгээ хийх шаардлагатай.

ЦУСАА ӨГӨХ НЬ ЯМАР Ч АЮУЛГҮЙ

Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй. Хvний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг. Цус авахад хэрэглэгдэж байгаа бүх багаж тоног төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдварыг авах эрсдэл байхгүй.
Таны бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх зэрэг 10 орчим шинжилгээнүүдийг хийж тэнцсэн цуснаас 6 цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн доорх зориулалтаар хэрэглэдэг. 

ЦУС ӨГӨХИЙН ӨМНӨ ЮУГ АНХААРАХ ВЭ

-Урьд өдөр нь сайн унтаж амрах
-Хувийн ариун цэвэр сайн сахих
-Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
-Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ.

ЦУС ӨГӨХӨД ХЭДИЙ ХЭР ХУГАЦАА ШААРДДАГ ВЭ

Зөвхөн цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хугацаа зарцуулагддаг боловч бүртгүүлэхээс эхлэн цусаа өгсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөч байдаг юм.
Та дор дурдсан шалтгаанаар түр зуур цусаа өгөхгүй байж болно.
-Шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж байгаа бол
-Жирэмсэн ба хөхүүл бол
-Мэс засал хийлгэсэн бол
-Аспирин, антибиотик хэрэглэж байгаа бол
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
-Салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн бол

ДАРААХ ТОХИОЛДОЛД ДОНОР БОЛОХЫГ ХОРИГЛОНО

-Та сүрьеэ, тэмбүү В, С гепатитаар өвдсөн бол
-Зүрх, бөөр, уушги, элэг, сэтгэц, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдтэй
-Нян бактери, вирус тээгч бол
-Архаг архичин, мансуурах дон, биеэ үнэлэгч, бэлгийн гаж зуршилтай бол
-Цус гоожимтгой, цус цусны эргэлтийн эмгэгтэй бол
-Хорт хавдартай болох нь тогтоогдсон бол

ЦУС ӨГӨЛТИЙН ХООРОНДЫН ХУГАЦАА ХЭДЭН САР БАЙДАГ ВЭ

Түрүүчийн удаа цусаа өгөх үед эмчийн үзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хүн 2, эмэтэй хүн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэж болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан