Хятадад тархсан уушгины хатгалгаа өвчин БНСУ-д дэлгэрчээ



Хятадад тархсан уушгины хатгагаа өвчин Өмнөд Солонгост мөн дэлгэрчээ. Тус улсын Ewha Womans University сургуулийн Сөүл дэх эмнэлэгийн зүгээс "Сүүлийн үед үүссэн микоплазмын уушигны үрэвсэл, антибиотикт тэсвэртэй байдал хүчтэй байна" хэмээн мэдээлсэн байна. 

Тус эмнэлгийн хүүхэд, өсвөр үеийнхний амьсгалын замын эмч, профессор Пак Ён А  энэ сарын 6-ны өдөр “Mycoplasma pneumoniae-ийн тархалт бидний санааг зовоож байна. Сүүлийн үед хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дунд антибиотикт тэсвэртэй байдал өндөр ажиглагдаж байна. Микоплазмын уушгины хатгалгаа оношлогдвол хамгийн түрүүнд макролидын антибиотик тарьдаг бөгөөд энэ үед ихэнх хүүхдүүдийн бие сайжирдаг. Гэвч саяхнаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд антибиотик хэрэглэсэн ч шинж тэмдэг нь сайжрахгүй байх тохиолдол ихэссэн. Тиймээс өмнөхөөсөө илүү болгоомжтой байх хэрэгтэй байна" гэжээ. 
Мөн тус хатгалгааны нууц үе 2-3 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжилж болдог байна. Хэрэв халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол олон нийтийн газраар явахгүй байх, цэцэрлэг, сургууль, ажилдаа явахаас татгалзаж, эмчид яаралтай үзүүлэхийг тус эмнэлгээс анхааруулжээ. 

Микоплазмын халдварт өвчин нь Mycoplasma pneumoniae-ээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдвар бөгөөд Солонгост 3-4 жил тутамд нэг удаа дэлгэрдэг байна. Энэхүү өвчин өмнө нь Өмнөд Солонгост 2019 онд дэлгэрч, 13479 хүн уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Сүүлийн үед уг өвчин Хятадад тархаж, хүүхдүүд гол төлөв өвчилж байгаа бөгөөд томоохон хотуудын хүүхдийн эмнэлгүүд хяналтаа алдах хэмжээнд хүрчээ. Гэсэн хэдий ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Хятадад амьсгалын замын энэхүү өвчнийг Ковид-19 хэмээн үзэхэд эрт байна хэмээжээ. 

Микоплазмын халдварын шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, хамраас нус гоожих, хоолой өвдөх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэгтэй боловч 1-3 долоо хоног орчим үргэлжилдгээрээ энгийн ханиаднаас ялгаатай ажээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан