ДЭМБ Хятадад хүүхдүүдийн дунд тархсан уушгины хатгалгааны тухай тодорхой мэдээллийг Бээжингээс хүссэн билээ. Амьсгалын замын энэхүү халдвар нь БНХАУ-ын хойд хэсэгт голомтлон тархаж, эмнэлгүүд ачааллаа дийлэхэд бэрх байгаа юм. ДЭМБ-ын зүгээс Хятадаас уг халдвараар өвчилсөн хүмүүсийн лабораторийн шинжилгээний хариу, ханиад, COVID-19, RSV зэрэг амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн талаарх нэмэлт мэдээлэл авахыг хүссэн. Тэгвэл вирус судлаачид одоогоор айж сандрах хэрэггүй гэж уриалжээ.
Эрдэмтдийн дүгнэж байгаагаар ДЭМБ Хятадаас мэдээлэл хүссэн нь COVID-19-тэй холбоогүй аж. ДЭМБ-ын цар тахлын зөвлөх, нийгмийн эрүүл мэндийн салбарын шинжээч Брайан Макклоски “Хятадад сурагчид болон багш нарын дунд тархсан амьсгалын замын халдварын асуудлаар одоогийн байдлаар сандрах хэрэггүй гэж үзэж байна. ДЭМБ-ын болон Хятадын дүгнэлтийг харах нь маш сонирхолтой байна. Түгшүүртэй байдлаас ангижрахын тулд бидэнд мэдээлэл хэрэгтэй” гэжээ.
Түүнчлэн Нидерландын вирус судлаач, ДЭМБ-ын зөвлөх байсан Марион Купманс “Одоогоор илүү их мэдээлэл, дүгнэлт хэрэгтэй байна. Энэхүү амьсгалын замын халдварын давлагаа нь ковидын шинэ омог үүсгээгүй” гэсэн байна.
Хятадын эрүүл мэндийн байгууллагууд ч ямар нэгэн ер бусын болон шинэ эмгэг төрүүлэгчийг илрүүлээгүй бөгөөд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүүхдийн уушгины хатгалгааны дэгдэлт үүссэн гэх мэдээлэл өгсөн талаар ДЭМБ-аас энэ сарын 23-нд мэдэгджээ.
Хятадын эмнэлгүүд хатгаагаар өвчилсөн хүүхдүүдээр дүүрч, ачаалалтай байгаа юм. Энэхүү халдварын дэгдэлт Бээжин зэрэг томоохон хотуудад тархсан байна. Бээжин хотын оршин суугчийн ярьснаар уг халдвараар өвчлөхдөө тэрбээр ханиалгаагүй ч өндөр халуурчээ.
Ляонин мужид нөхцөл байдал хүнд байгаа бол Даляны эмнэлэгт ээлж дараалал үүсэж, амбулатороор хүлээн авах боломжгүй болжээ. Хүүхдүүд болон багш нар өвчилж, сургуулиудын хичээлийг зогсоосон байна.
Бээжин болон Ляонины хооронд 800 км зайтай байхад уг халдвар яагаад тэгж хурдан тархсан нь тодорхойгүй байгаа аж. Үл мэдэгдэх уг вирусийг нэмэлтээр шинжилж байгаа бөгөөд одоогоор дүгнэлт хийхэд эрт байгааг мэргэжилтнүүд хэлжээ.