Томуугийн А хүрээний вирусийн тархалт илэрч байна

Сүүлийн 10 хоногт улирлын томуугийн буюу А хүрээний вирус илэрч байгаа талаар ЭМЯ мэдээлсэн юм. Энэ нь хүндрэл ихтэй бөгөөд, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа болох магадлал өндөртэй байгаа юм байна. Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A (H1N1)pdm09, A (H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрчээ.
Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн гурван жилийн мөн үеэс 6.9 хувиар бага байна. Хэдийгээр амбулаторийн үзлэгийн хувь бага байгаа боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол их байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүүхдүүд эмнэлэгт хэвтэх нь 50-60 тохиолдлоор илүү байна.
Хүүхдийг 38.5 ба түүнээс дээш хэмээр халуурвал эмчийн зөвлөснөөр халуун бууруулах эм өгөх нь зүйтэй. Гэвч олон улсын нэршил нь нэг боловч үйлдвэрлэгч байгууллагуудын өөр өөр нэршилтэй эмийг олон дахин авах, хүүхдэдээ өгөх явдал гарч байгааг анхаарах хэрэгтэй.
Томуугийн үед хавсарсан эмгэггүй хүүхдийн дархлааг дэмжсэнээр эмчлэгддэг тул ямар нэг антибиотик өгөх шаардлагагүй. Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу юм байна. Эмчилгээ хийлгэсний дараа олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хүнс хэрэглэж байхыг эмч нар зөвлөж байна. Хэрэв эмчилгээний дараа хүүхдэд амьсгаадах, цээж хонхолзох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл даруй эмнэлэгт хандаарай.
Хүнд шинж тэмдгүүд:
-Амьсгаадах – Хүүхдийг тайван үед амьсгалыг тоолох бөгөөд нярай хүүхэд 60 ба түүнээс дээш, хоёр сартай хүүхэд 50 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзнэ. Харин хоёр настай хүүхдийн хувьд 40 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзэн, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай.
-Цээж хонхолзох – Хүүхэд амьсгал авахад цээж болон хэвлийн голд хавирганы доод нумаар дотогшоо татагдахыг хэлнэ.
-Хоол унданд муудах.
Томуугийн:
риновирус нь хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрдэг байна.
сонгомол вирус H1N1 нь маш хурдан хатгалгаа үүсгэдэг.
амьсгалын замын синцитиаль вирус нь халуурахгүй ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтрал үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг.
короновирус нь ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушгины хатгаа үүсгэдэг.
бокавирус нь ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж хатгаа үүсгэнэ.
аденовирус нь нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч, хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэдэг.
Мөн томуугийн В дэд хэв шинжийн вирусээр өвчилсөн үед халууралт өндөр, хордлогын шинж тэмдэг түлхүү илэрч, хурдан хүндэрч, уушгины хатгаа болж, удаан хугацаагаар цэртэй ханиалгадаг байна.
А хүрээний вирусийн тархалт их байгаагийн улмаас Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас улирлын томуугийн 1200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакциныг тус тус захиалжээ.
Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор амьсгалын замын өвчтэй 1396 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан