Хятадын хойд хэсгээр уушгины хатгалгаа олноор бүртгэгдэх болжээ. Ялангуяа, хүүхдүүд ихэвчлэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааг тусах болсон тул ДЭМБ Бээжингээс дэлгэрэнгүй мэдээлэл хүсч байна. НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ "Хятадад хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны олон тохиолдол нэг дор бүртгэгдэж, амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн тул нарийн мэдээлэл авах албан ёсны хүсэлтийг ДЭМБ гаргасан" гэв.
Хэвлэлд мэдээлснээр, Бээжин, Ляонин болон хойд нутгийн бусад газрын хүүхдийн эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Тиймээс эрх баригчид ямар нэг тахал өвчнийг нуун дарагдуулж байна уу гэх асуулт эцэг эхчүүдийн дунд үүсчээ.
Хятад улс Covid-19-ийг тэглэх стратегийн хүрээнд хатуу арга хэмжээ авч байсан. Энэ үетэй харьцуулахад томуу төст өвчний тохиолдол нэмэгдэх болжээ. Covid-19-өөр тогтохгүй томуу, микоплазма, синцитиал вирус зэрэг эмгэг төрүүлэгч бичил биетүүд тархаж байгаа тул амьсгалын замын өвчлөл нэмэгджээ. Хятадаас гадна өөр олон оронд Covid-19-ийн хязгаарлалтыг цуцалсны дараа амьсгалын замын өвчлөлийн тоо ихэссэн байна.
Амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь Covid-19-ийн хязгаарлалтыг цуцалсантай холбоотой гэж Хятадын Эрүүл мэндийн үндэсний комисс тайлбарлав.
Covid-19 анх дэгдэх үед буюу 2019 оны арванхоёрдугаар сард анхны тохиолдлуудыг тайлбарлах боломжгүй уушгины хатгалгаа гэж мэдээлж байв. Улмаар 2020 оны нэгдүгээр сард анхны нас баралт бүртгэгдэж, Хятад улс Covid-19-ийн генетикийн дарааллыг олон нийтэд дэлгэсэн. Вирусийн хурдацтай тархалт, ноцтой байдалд түгшсэн ДЭМБ мөн оны гуравдугаар сард Covid-19-ийг тахал өвчин гэж зарлаж байв.
Эх сурвалж: AL JAZEERA