Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор АНЭ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал гурав дахин нэмэгджээ. 25 хүүхдийн ортой тус тасагт 70 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Эмчлүүлж буй хүүхдүүдээс гадна сахиурууд гээд нийт 140 гаруй хүнийг байрлуулах өрөө тасалгаа байхгүй учир мэдрэлийн тасгийг бүрэн суллаж, нэмэлтээр хүүхдийн хоёрдугаар тасаг болгон ашиглаж байгаа ажээ.
“Ирж байгаа хүүхдүүдийн тухайд ихэнх нь амьсгалын замын халдвар 90-ээс дээш хувьтай, уушгины хатгалгаа гэсэн оноштой байна. Одоогоор тасагт биеийн байдал хүнд зургаа, хүндэвтэр 47, бусад нь биеийн байдал дунд гэсэн байдалтайгаар хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн эм тариаг тасалдуулахгүй байх үүднээс аймгийн төвийн бүхий л эмийн сантай хамтран ажиллаж, нөөцөө бүрдүүлсэн. Тасгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.” гэх мэдээллийг АНЭ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч Ц.Барсболд өглөө.
Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ нэгдүгээр шатлалын буюу өрхийн эмнэлэгтээ үзүүлэлгүйгээр шууд АНЭ-ийн хүүхдийн тасаг дээр авчирдаг, өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийж өвчнийг хүндрүүлдэг зэрэг нь тасгийн ачааллыг нэмэгдүүлж буй өөр хүчин зүйлс болж байгааг тэрээр хэлсэн юм.