М.Мандах: Унтаад боссон ч амарсан мэдрэмж авахгүй, тархи ажиллаж, байнга зүүдлэх нь нойргүйдлийн шинж


Нойргүйдлийн талаар “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч сэтгэл засал эмч М.Мандахтай ярилцлаа.
-Улирал солигдохоор хүний бие организмд өөрчлөлт ордог. Үүнтэй зэрэгцэн нойронд бас өөрчлөлт орлоо гэж яриад байдаг шүү дээ. Яг ямар шинж тэмдэг илэрвэл нойргүйдэлд орсон гэж үзэх вэ?
-Нойргүйдэл нь хэд хэдэн шинж тэмдгээр илэрдэг. Нэгд, нойрны хугацаанд өөрчлөлт орох. Үүнд, насанд хүрсэн хэвийн хүн 6-8 цагт унтах ёстой. Гэтэл 6-8 цагаас бага хэмжээгээр унтах, мөн унтсан ч гэсэн дундаа олон сэрвэлзэх зэрэг нь нойрны хямрал юм. Эсвэл 10 цагаас дээш хугацаагаар унтах нь мөн нойрны хямралдаа ордог. Хоёрт, нойрны чанарт өөрчлөлт орох. Энэ нь 6-8 цаг унтсан ч өглөө босоход сайхн амарсан мэдрэмж авахгүй байх, бие бүрэн амраагүй, ядарсан сульдсан мэдрэмж байх нь нойр чанаргүй байна гэж үздэг. Унтсан ч шөнийн турш янз бүрийн зүүд зүүдлэх, унтаад байгаа ч толгойд янз бүрийн зүйл давхар бодогдох, хажуу талын хүмүүсийн дуу шуугианыг хэт мэдрэгээр хүлээн ава зэрэг нь нойрны хямрал буюу үүнийг нь хөнгөн болон чанаргүй нойр гэж үздэг.
Ихэнх хүн унтахгүй байх нь нойрны хямрал, унтаад байх юм бол нойр зүгээрээ гэж үздэг. Гэвч унтаад байгаа ч нойр чанаргүй байвал нойрны хямралтай байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор нойр хэвийн байна уу, үгүй юү гэдгийг мэдэх боломжтой. Ингэхийн тулд нас насны ангиллаар нь үздэг. Үүнд, хамгийн их цаг унтах шаардлагатай хүн бол нярай хүүхэд байдаг. Нярай үед өдрийн 16-17 цагийг унтаж өнгөрүүлэх шаардлагатай. Үүний дараагаар нойрны хэрэгцээ ихтэй хүмүүс бол өсвөр насныхан. Энэ үед хүний эд, эс тархи, бие өсөн төлжиж байдаг учраас 9-10 цаг унтах шаардлагатай. Ингээд 18-60 хүртэлх насныхан нь идэр нас буюу хөдөлмөрлөх насны хүмүүс өдөртөө 6-8 цаг унтах ёстой байдаг. Харин 60-ас дээш насныхан өдөрт 6-7 цаг унтах юм бол хэвийн байна гэж үздэг. Тэгэхээр нойргүйдэлтэй хүмүүс нас насны ангилалд хамааран унтах ёстой цагаасаа бага цагаар унтах, унтаад боссон ч амарсан мэдрэмж авахгүй байх, зүүд их зүүдлэх, унтсан ч хажуугийн дуу чимээг мэдрэх, өдрийн цагаар нойрмоглоод байх зэрэг эдгээр шинж тэмдэг илрээд байх юм нойрны хямралтай байна гэж үзнэ.
-Нойргүйдэлд хүргэх голлох шалтгаанууд юу вэ?
-Нойргүйдлийг үүсгэдэг шалтгааныг гурав хуваадаг. Нэгд, хамгийн нийтлэг тохиолдох, 70-80 хувийг эзэлдэг шалтгаан бол стрессээс үүдэлтэй нойргүйдэл юм. Энэ нь сэтгэлийн таагүй, тавгүй нөхцөл байдлаас болоод сэтгэл гүн хямарч, нойргүйддэг. Хоёрт, нойргүйдлийг үүсгэдэг шалтгаан нь бие махбодын архаг хууч өвчнөөс болдог. Үүнд бидний эд эрхтний үйл ажиллагааны алдагдалтай холбоотой. Жишээлбэл, тархинд цус харвах, бамбайн булчирхайн ихсэлт, багасалт, чихрийн шижин, зүрх судасны архаг эмгэг, элэгний хатуурал, элэгний хавдар зэргээс болж бодисын солилцоонд өөрчлөлт оруулахад бие махбодын архаг хууч өвчнөөс болоод хоёрдогчоор нойргүйдэл үүсдэг. Гуравт, нойргүйдэлд биеэ даасан төрөл бий. Энэ нь ямар нэгэн бие махбодын архаг хууч өвчин, сэтгэл санаа, стрессээс хамааралгүй. Зүгээр л шалтгаангүйгээр үүссэн бие даасан цэвэр нойргүйдэл юм. Гэхдээ энэ нь харьцангуй бага тохиолддог. Цэвэр нойргүйдэлтэй хүмүүс ихэвчлэн 20-30 жил нойргүйдлийн хямралд явагддаг. Гэхдээ нөгөө хоёр нойргүйдлийн төрлийг бодвол өглөө босоход нойрондоо ханасан байдаг. Өөрөөр хэлбэл, 3-4 цаг унтсан ч ядардаггүй, бага унтсан мэт мэдрэмж төрдөггүй, угаасаа ингэж унтдаг гэсэн хэвшсэн нойртой хүмүүс байдаг.    
-Нойргүйдлийн шалтгаанаа эмчлэхгүй яваад байвал эцэстээ ямар аюултай вэ?
-Нойргүйдлээ эмчлэхгүй удаан хугацаанд явбал нэгд, сэтгэл санааны хувьд стресст мэдрэг, эмзэг зочромтгой болно. Энэ нь эхэндээ хөнгөн сэтгэл зүйн гутралд оруулна, цаашлаад дунд, гүнзгий сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй. Илрэх шинж тэмдэг нь сэтгэл түгших айдсын эмгэг, мэдрэлийн архаг ядаргаа зэрэг стрессийн шалтгаантай сэтгэл санааны хямралуудыг үүсгэж байдаг Хоёрт, бие махбодын талаас стрессээс ялгардаг адреналин буюу дааврын түвшин байнгын өндөр гарах. Дааврын түвшин өдөр гарснаас болж зүрх судас, амьсгал, хоол боловсруулах зэрэг эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд хямрал үүсгэнэ. Гуравт, нийгэм оролцоо идэвх санаачилга талаасаа буурна. Энэ нь ажил хөдөлмөр эрхлэх, карьер ахих, орлого эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Нэг ёсондоо бүтээмж буурна гэсэн үг. 10 минутад хийдэг байсан ажлаа 30-40 минутад хийх зэргээр ажил амьдралын идэвхгүй болно. Ингэж бүтээмжгүй байгаад байгаа хүн аливаа зүйлд амархан уурлах, ажил хамт олонтойгоо муудалцах, нэгэн хэвийн байх зэргээр илэрнэ.
-Нойргүйдэл хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ?
-Нойргүйдэл 2-3 сар үргэлжлэх үед биеийн дааврын зохицуулга хямардаг. Дээр нь дутуу нойртой байх, бие сайн амраагүй үед стресствэл түүнээс ялгардаг даавар буюу адреналин нь цусанд хэвийн байх түвшнөөс их хэмжээтэй болдог. Ингэснээр дааврын систем  хямрах шалтгаан болдог. Адреналин нь их хэмжээгээр ялгарснаар зүрхний зохилт хэвийнээсээ ихсэх, амьсгал дутуу авах, хөлийн ул, гарын алга хөлрөх, толгой дүйнгэтээд манарч, бүх л бие өвдөөд байгаа мэдрэмж төрөх, хүзүү нуруу чилэх зэрэг бие махбодын түр хугацааны хямрал үүсдэг.
Харин нойргүйдэл 3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд тархины бодсын солилцооны үйл ажиллагаанд хямрал үүсгэдэг. Тархинд байдаг жижиг бичил бодисууд хүний сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг. Тэр сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг бодисууд багасаад ирэхээр сэтгэлийн хөнгөн хямрал мэдрэгдээд эхэлнэ. Энэ нь гаднын сөрөг нөлөөлөлд, эмзэг мэдрэмтгий болох, уурлахааргүй жижиг зүйл дээр ч амархан уурлах, гомдомтгой болох, юмны өөг нь түрүүлж харах, дуу чимээнд мэдрэг, тод гэрэлт дургүй болох, олон хүнтэй газраар явахаар төвөгтэй санагдах зэргээр ерөнхийдөө мэдрэг болдог. Энэ үеэс эхлэн мэдрэлийн ядаргаа үүсдэг. Гурван сарын турш амрахгүй яваад байвал тархи ядрах, ямар нэгэн ажлын бүтээл буурах, юм хийх идэвх сонирхол, эрч хүч буурах, гялс нэг зүйлийг санаачлаад хийдэг байсан бол хойш тавьж эхэлдэг.
-Унтах гэж хичээгээд ч унтаж чадахгүй байна гээд нойрны эм, харшлын эм уудаг тал бий. Энэ тохиолдолд яах вэ?
-Унтуулдаг эм нь дотроо олон янз байдаг. Зориулалтаар нь түр тайвшруулах нөлөөтэй бол 6-8 цаг үйлчилдэг, тархины цусан хангамж сайжруулах, нойрсуулах, нойрсохыг дэмждэг, харшлын зэрэг эм нойргүйдлийг тогтворжуулахгүй зөвхөн өнөөдрийг аргацаах түр зуурын арга юм. Эдгээр эмийг цөөн өдрөөр хэрэглэж болно. Харин 14 хоногоос дээш хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд нойргүйдлийг илүү урт хугацаанд үргэлжлэх эрсдэлийг үүсгэх талтай.
Нойрсуулах эмийг дотор нь хоёр ангилдаг. Нойрсуулах болон нойр тогтворжуулах үйлдэлтэй. Нойрсуулдаг эмүүд дотроо өнөөдөр унтуулаа гэхэд маргааш нь нойргүйдэл байж л байдаг. Энэ нь богино хугацаанд үргэлжилсэн хөнгөн нойргүйдлийн үед хэрэглэхэд тохиромжтой. Нойр тогтворжуулах үйлдэлтэй эм нь тархины бодисын солилцооны хямралыг засаад цаашдаа эмгүйгээр унтдаг болоход тусалдаг. Гэхдээ тогтворжуулах эмийг эмчийн зааврын дагуу ууж хэрэглэх нь зүйтэй. Эмчийн зааврын дагуу уухгүй бол тус эмэндээ тэсвэртэй болдог. Энэ нь дараагийн удаа нойргүйдэхэд үйлчлэхээ больчихдог тохиолдол бий. Эсвэл удаан хугацаагаар хэрэглэхэд эмийн хамааралтай буюу донтолтой болох эрсдэлтэй. Энэ тохиолдолд эмээ л уухгүй бол байж чадахгүй, сэтгэл санаа тайван биш болдог. Хэрвээ нойрны хямрал, сэтгэл санааны хямрал байгаа бол мэргэжлийн эмчид хандан яг ямар түвшинд байгаа гэдгээс хамаараад давхар эм хавсрах ёстой юу, үгүй юү гэдгээ оношлуулах шаардлагатай.
-Нойрны хямралтай, асуудал хэдийнэ үүсчихсэн хүмүүс одоо яах вэ гэж асуумаар байх. Тэдэнд зөвлөгөө өгч болох уу?
-Энэ дээр нойргүйдэл хэр хугацаанд үргэлжилсэн гэдгээс хамаарна. Нойргүйдэл гэх онош тавихаар хэмжээний биш, 14 хоногоор үргэлжилсэн байх юм бол эмчид хандахаас өмнө өөрөө нойроо тогтворжуулах гээд хичээх хэрэгтэй. Нойрны дэглэм гэдэг зүйл байдаг. Нэгд, 14.00 цагаас хойш сэргээгч бодис агуулсан кофе, энергийн ундаа хэрэглэхгүй байх. Энэ цагаас хойш хэрэглэсэн тохиолдолд шөнийн нойрыг сэрвэлзүүлэх шалтгаан болдог. Хоёрт, оройн хоолыг 18 цагаас өмнө эртхэн идэж занших. Тэгэхгүйгээс болоод унтах үед хоол ходоодонд боловсорч гүйцээгүй байхад тархи руу дохио ирж, нойр сэргээх, их зүүдлэх шалтгаан болдог. Гуравт, 20.00 цагаас хойш уух шингэн зүйлээ багасгах. Орой шингэн зүйл их уувал шөнийн цагаар бөөрөнд ачаалал өгч сэрвэлзүүлэх бас нэгэн шалтгаан болдог. Дөрөвт, 21.00 цагаас хойш гар утас, компьютер зэрэг долгион ялгаруулдаг электрон хэрэглээг багасгах, шаардлагатай бол зогсоох хэрэгтэй. Хүн шөнийн 24.00 цагаас эхлээд тархины эд эс тайвширч, амрах бэтлгэл хангагдаж байдаг. Энэ үед хүчтэй долгион ялгаруулсан зүйл хэрэглэвэл нойр сэргээгээд байдаг. Ер нь 22.00-23.00 цагт  унтахад хүний тархи амрах, өглөөг сэргэг угтах  нөхцөл бүрддэг байна.
Нойргүйдэл үүсгээд байдаг гол шалтгаан нь сэтгэлийн таагүй, тухгүй байдал. Хүнд гомдох, гутрах, санаа зовсон нөхцөл байдалд ойр дотнын хүнтэйгээ сэтгэлээ уудлан ярилцах. Ингэснээр шөнөдөө сайхан унтаж амрах нөхцөл бүрддэг. Тэгэхээр 14 хоног нойргүйдэлтэй байсан хүн бол сэтгэлийн зовууриа ярих, нойрны дэглэмээ барих зэрэг аргыг хэрэглэх нь тохиромжтой юм.
Үүнээс дээш хугацаагаар нойргүйдэл үргэлжилбэл мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Нойрны асуудлыг мэдрэлийн ядаргаа, сэтгэл санааны хямрал гэж үзэн  сэтгэцийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр байрлаж байгаа харьяа дүүрэг, улсын эмнэлэг зэрэг сэтгэцийн эмчид хандан, өөрт тохирсон эмийн эмчилгээг аваад явах боломжтой. Зургаан сараас дээш хугацаанд нойргүйдэл үргэлжилж байгаа бол зайлшгүй эмийн эмчилгээ хийлгэх ёстой.
-Нойргүйдэлд өртөхгүй байхын тулд яах ёстой вэ?
-Нойргүйдлийг үүсгээд байгаа гол шалтгаан болох стресст өрөхгүй байх нь чухал. Мэдээж, амьдрал их, бага хэмжээгээр таатай, таагүй нөхцөл байдал үүснэ. Энэ үедээ стрессээ хурааэ, хуримтлуулахгүйгээр гадагшлуулж сурах нь нойргүйдлээс сэргийлэх нэлээд үр дүнтэй арга шүү. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцаж ярих, эсвэл тэмдэглэл хөтлөх, 20-30 минутын идэвхтэй дасгал хийх зэргээр сэргийлэх боломжтой. Ерөнхийдөө стресс гэдэг зүйл хуримтлахгүй бол нойргүйдэх эрсдэл багасна.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Туул
https://itoim.mn/a/2023/04/07/healthy-mongolia/mrl
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан