​М.Мандах: Уймрах, мартаж санах нь шөнийн нойртой шууд холбоотой


-Нойргүйдэл хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-ДЭМБ-ын гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын дунд нийтлэг тохиолддог зургаан асуудлын нэг нь нойргүйдэл байдаг. Нойгүйдлийн талаар ярихын тулд эхлээд хэвийн болон хэвийн бус нойрны талаар ярих нь зүйтэй юм.
Бага насны хүүхдийн хувьд нас насандаа унтах цаг нь өөр байдаг. Бага насны хүүхдүүд өдөрт 8-12 цаг тогтвортой унтаж, амарч байгаа бол хэвийн нойртой гэж үзнэ. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд 7-8 цаг тогтвортой унтаж байвал хэвийн гэсэн үг. Шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл унтахад маш сайхан амарсан мэдрэмжтэй, сэргэг босож байвал хэвийн гэж ойлгох хэрэгтэй.
Бид өдрийн турш тархи, сэтгэлдээ маш их ачаалал авдаг. Энэ ачаалал шөнийн турш нойрсож, дараа өдөртөө ачаалалгүй, ядаргаа тайлагдсан сэрэх ёстой. Харин тархиа шөнөдөө амраахгүй, нойрсохдоо хөнгөн, тааруу байвал нойргүйдэж эхэлж байгаа хэрэг. Энэ нь ажлын бүтээмжид асуудал үүсгэдэг. Тухайлбал, 10 минут хийдэг ажлаа 30-40 минут хийх зэргээр сунжруулаад гараасаа ажил гаргахдаа тааруу, анхаарал төвлөрөлт муудна. Энэ байдал удаан үргэлжилбэл мэдрэлийн ядаргаа болдог. Нойргүйдэл бол сэтгэл зүйн асуудлуудын хамгийн суурь гэгддэг. Сэтгэл гутрал, түгшилт, солиорох зэргийн бүгдийнх нь суурь шалтгаан нь нойргүйдэл байдаг.
-Бага насны хүүхдийн нойргүйдлийн талаар сая та дурдлаа. Тэд бас нойргүйдэлд өртдөг гэсэн үг үү?
-Бүх насныханд нойргүйдлийн асуудал тулгамдаж болно. Үүнд дундаа хөдөлмөрлөдөг, идэр залуу насныхан хамгийн их нойргүйдэж, мэдрэлийн ядаргаанд өртсөн байдаг. Энэ хүмүүсийн нийтлэг жишээ нь 2-3 жил нойрны хямралтай явсан байдаг. Шөнө хар дарж сэрдэг, унтая гэсэн үедээ унтаж чаддаггүй, чухал ажлын өмнөх орой унтаж чадахгүй байх мэтийн шинж илэрдэг. Яг энэ шинж тэмдэгтэйгээ 2-3 жил явчихдаг. Ийм хямралтай яваад байвал мэдрэлийн ядаргаа үүсэж, эрч хүчтэй ажиллаж, хөдөлмөрлөх насны хүмүүсийн ажлын бүтээмж, анхаарал төвлөрөл муудна, бухимдалтай болно. Хамгийн ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавихдаа сулрах мэтээр амьдралд идэвхгүй болж эхэлдэг.
Гэхдээ нойргүйдэл болгон солиорох эмгэг болохгүй ч 70-80 төрлийн сэтгэл зүйн эмгэгт дагалдах өвчин болдог. Нойргүйдэл хүндрээд стрессийн шалтгаант асуудал болно. Хүүхдийн нойргүйдэл нярай үеэс эхлээд өсвөр насны хүүхдүүдийн дунд байдаг. Тэгэхээр зөвхөн асуудал ихтэй томчуудаас гадна хүүхдүүд ч ялгаагүй нойргүйддэг. Нойргүйдэл нь сэтгэлийн асуудал, стресстэй шууд холбоотой.
-Хүүхэд нойргүйдэх нь ямар шалтгаантай вэ?
-Хүүхэд нойргүйдэх нь хэд хэдэн шалтгаантай. Нэгд, бие махбодод нь ямар нэгэн өвчин эмгэг байх магадлалтай. Тархины саажилт, гэмтэл, уналт таталтын шинжээр илэрдэг эмгэг зэргээс үүднэ. Хоёрдугаар шалтгаан нь хүүхдийн стресс, хүүхдийн мэдрэлийн ядаргаа, сэтгэл санааны таагүй байдлаар нойргүйдэл нийтлэг илэрдэг.
-Хүүхдийн нойргүйдлын шинж тэмдэг том хүнийхтэй адил шөнийн турш үргэлжилдэг үү?
-Унтах цаг хойшлох байдлаар илэрдэг. Оройн 22.00 цагт унтая гэсэн боловч нойр хүрэхгүй 1-2 цаг болчихдог. Орой унтах цагтаа унтсан хэр нь өглөө хэт их нойртой сэрдэг. Шөнө хөрвөөж сэрүүн өнжөөгүй ч шөнө хар дарж сэрдэг. Сүүлийн үеийн хүүхдүүд сүнсэнд дарууллаа гэдэг. Тэдгээр нь бүгд нойрны хямрал, нойргүйдэл юм.
-Тэгвэл нойргүйдлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Шөнийн 22.00-02.00 цагийн хооронд үргэлжлэх дөрөвхөн цагийн нойрыг заавал ав. Яг энэ цагт хүний тархи гүн нойрсож, амарч байдаг. Энэ цагийг унтаж чадахгүй өнгөрүүлбэл дараа нь хэдэн ч цаг унтаад гүн нойрсож, тархины амралтыг нөхдөггүй. Мөн энэ цагт хүний дархлаа идэвхэждэг. Өсөлтийн даавар ялгардаг. Хэрвээ хүүхдээ өндөр болгоё, өсгөлүүн байлгая гэвэл яг тэр чухал дөрвөн цагийн нойрыг заавал авах хэрэгтэй.
Нойрны дэглэмд хэд хэдэн шаардлага бий. Үүнд өдрийн 14.00 цагаас өмнө өтгөн цай кофегоо амжуулж уу. Үүнээс хойш уувал тархи, нойрыг сэргээдэг. Үдээс хойш 16.00 цагаас хойш хүнд хоол идэхгүй байх, 19 цагаас хойш шингэн уух зүйлийн хэмжээг багасгах хэрэгтэй. Харин  21.00 цаг гэхэд утас, компьютер, гээд технологийн ямар нэгэн хэрэгслүүдээс хол байх, ашиглахгүй байх, орондоо ороод, унтахдаа бэлдэх чухал юм. Хэрэв ингэж чадвал эрүүл амжилттай, урт удаан амьдрах боломжтой.
-Монголчуудын ихэнх нь 22.00-02.00 цагийн хооронд унтаж чаддаггүй. Үүнээс болж хүний тархи мартаж санах зэрэг тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг гэлээ. Гэвч одоо цагт ковидын вакцин, халдвараас үүдэн мартаж санах шинж илэрч байна гэж хүмүүс ярих нь түгээмэл байна. Үүнийг та илүү дэлгэрүүлж өгнө үү?
-Тийм. Мэдрэлийн ядаргаа нийтлэг тохиолддог. Монгол эмэгтэйчүүдийн 80 хувь нь амьдралынхаа туршид мэдрэлийн ядаргаанд орсон байдаг. Эрчүүд ч мөн ялгаагүй.  Мэдрэлийн ядаргаа амьдралын буруу хэв маягаас үүсдэг. Амрах унтах цагтаа унтахгүй, амрах цагтаа ажиллах зэрэг нь ажлын бүтээмжийг бууруулж, анхаарлыг саринаах, юмыг их мартах, толгой өвдөх, амархан ядарч сульдаад эрч хүчгүй болдог. Мэдрэлийн ядаргаа үүсгэхгүй байхын зөв цагтаа хангалттай унтаж амрах хэрэгтэй. Тэгвээс таны дээрх шинж тэмдэг арилна.
-Ярилцсанд баярлалаа. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан