Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн Нойрны төвийн мэдрэлийн их эмч Т.Амартогтохтой нойргүйдлийн талаар ярилцлаа.
-Танай төвд хүмүүс хэр их хандаж байна вэ. Өдөрт дунджаар хэдэн хүнийг үздэг вэ?
-Нойрны төв нь одоогоор хоёр эмч, хоёр сувилагчтай ажиллаж байна. Ачаалал их байгаа. Ард иргэдийн дунд ташаа мэдээлэл байгаагаас үүдээс ихэнх хүмүүс “нойртой болох гэсэн юм”, “танайд хэвтэж эмчлүүлмээр байна”, “танай аппарат чинь унтуулдаг гэнэ” гэсэн мэдээлэлтэйгээр манайд хандаж байна. Манай эмнэлэг зөвхөн нойрны эмгэг судлалын оношилгоо л хийдэг. Тэрнээс биш эмчилэхгүй, оношилно, зөвлөгөө өгнө. Өдөрт 8-10 хүнд үзлэг хийдэг. Цаг авч, эмчдээ үзүүлсний дараа оношилгоонд орох эсэх нь шийдэгдэнэ. Оношилгоонд орохдоо хоногт нэг л хүнийг оруулдаг. Бусад шинжилгээний аппарат шиг өдөрт хэчнээн хүн гэсэн зүйл байхгүй. Учир нь тухайн аппаратад хонуулдаг юм.
-Хүмүүсийн нойргүйдлийн гол шалтгаан нь юу вэ?
-Нойргүйдлийн дийлэнх хувь нь стрессээс үүдэлтэй байна. Стрессийг сэтгэл зүйн тогтворгүй байдал бий болгодог. Жишээ нь, ээлжийн ажил хийдэг хүмүүс, архаг хууч, хүнд өвчтэй хүмүүс, цэвэршилтийн хам шинж илэрсэн эмэгтэйчүүд нь маш их стрессдэг. Залуу хүмүүсийн хувьд амьдралын буруу хэвшлээс болж нойргүй болж байна. Нойрны эрүүл ахуйг сахихгүй байна. Зарим нь орж ирээд “би шөнийн 12, 1 цаг хүртэл телевиз үздэг”, “утсаа байнга оролддог” гэдэг. Нойрны эрүүл ахуйн дэглэмийг сайн барих хэрэгтэй.
-Нойрны эрүүл ахуйн дэглэмд ямар зүйлсийг хамааруулж ойлгох вэ?
-Хамгийн энгийнээр хэлбэл, хүн 22:00 гэхэд орондоо орох ёстой. Гэтэл манайхан унтахгүй байна, хамгийн оройдоо 22:00-23:00 цагийн хооронд унтсан байх хэрэгтэй. Наснаас шалтгаалаад хүмүүсийн унтах цаг өөр байдаг ч ихэнх хүмүүсийн хувьд энэ цагт унтвал маш сайн амарч чадна. Унтахын өмнө хоол хүнсэнд анхаарах хэрэгтэй. Ялангуяа кофе ууж болохгүй. Мөн хүнд хоол идэж болохгүй бөгөөд унтахаас 2-3 цагийн өмнө хоол идсэн байх хэрэгтэй. Унтахын өмнө усанд орох, халуун сүү уух, унтахдаа таатай орчин бүрдүүлэх зэрэг нь маш сайн нойр авахад хүргэнэ. Мэдээж, хүн анир чимээгүй, нам гүм, харанхуй орчинд сайн унтдаг. Нэмж хэлэхэд, хүний унтах гэж буй ор хүртэл тухтай байх нь хэр сайн нойроо авах вэ гэдэгт нөлөөлнө. Унтахдаа хүртэл байрлалаа зөв олж унтах хэрэгтэй. Бүх биеэрээ доошоо харж унтдаг хүмүүс байдаг. Энэ нь маш буруу байрлал. Мөн утсаараа оролдохгүй, дэлгэц ширтэхгүй, аймшгийн кино үзэхгүй байх, тухайн хүнийг стресстүүлсэн, сэтгэл санааг цочирдуулам таагүй мэдээ үзэхгүй байх хэрэгтэй. Биеийн хүчний дасгалыг ч гэсэн унтахын өмнө хийх нь оновчтой, таатай биш. Учир нь нойрыг сэдрээх хүчин зүйл болдог. Хэрвээ та өдрийн цагаар маш идэвхтэй, хөдөлгөөнтэй байх юм бол орой илүү хурдан унтана. Энэ бүгд нийлээд нойрны эрүүл ахуйн дэглэм гэх ойлголтыг бий болгоно.
Нойргүйдэлд хүргэж буй хамгийн том шалгаан нь стресс
-Нойргүйдлийг тоохгүй яваад байвал ямар үр дүнд хүрэх вэ?
-Эхлээд хурц нойргүйдэлд орно. Энэ бол маш богино хугацааных ба дөрвөн долоо хоног доторх нойргүйдлийг хурц нойргүйдэл гэнэ. Дараа нь архаг хэлбэрт шилжинэ. Энэ үед шөнө унтахаа больж, орондоо удаан хугацаагаар сэрүүн байна. Нойр нь хүрэхгүй гэсэн үг. Нойрны эмгэг тусна. Зарим хүмүүсийн хувьд унтсан мөртлөө ойр ойрхон сэрнэ. Зарим хүн унтах цагтаа унтчихаад өглөө маш эрт сэрнэ. Ингээд ирэхээр нойрны хэмнэл маш их алддаг.
Хурц болон архаг нойргүйдэл нь тухайн хүнийг өдрийн цагаар ажиллах чадваргүй болгоно, танин мэдэхүй, сэтгэн бодохуйн чадвар нь буурна. Тухайн хүнд ямар ч амраагүй мэдрэмж төрнө. Хүүхэд, залуусын хувьд бол сурах чадвар буурч, эрмэлзэлгүй болох зэрэг шинж илэрнэ.
-Та нойрны эмгэг гэж ярилаа. Зарим хүмүүс унтахдаа маш чанга дуугаар хурхирдаг. Энэ нь нойрны эмгэг үү, үүнийг эмчлэх үү?
-Маш чангаар хурхирч байгаад хүмүүсийн амьсгал нь тасалдаад, амьсгалахгүй болчихдог. Энэ бол нойрны эмгэг мөн. Амьсгал тасалдах эмгэг нь их хор уршигтай, амь насанд аюултай. Зүрх судасны системд маш их сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, артерийн даралт ихсэнэ, зүрхэнд хэт их ачаалал ирнэ, цусанд дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасч энэ хэмжээгээрээ тархи, зүрхэнд очих цусны эргэлт алдагдана. Тэгэхээр хурхиралт нь амьсгал тасалдах эмгэгийг үүсгэдэг. Мөн нойрон дунд нь амьсгал боогдоно. Маш их амьсгалснаас болж хоолой өвдөнө, маргааш өглөө толгой нь өвдөнө, өдрийн цагаар нойрмоглоно. Хурхиралтыг манайд оношилно. Амьсгал тасалдалтын шалтгааныг тодорхойлно. Тэгэхээр маш их чангаар хурхирдаг, амьсгал нь тасалддаг хүмүүс манай төвд хандах хэрэгтэй. Нэмж хэлэхэд, илүүдэл жинтэй хүмүүс маш их хурхирдаг. Хурхиралтыг энгийн аргаар эмчлэх боломжгүй. Мөн биеийн байрлалтай холбоотойгоор хөнгөн хурхирдаг хүмүүс байдаг. Хөнгөн зэргийн хурхирдаг хүмүүсийн хувьд бол байрлалаа өөрчилж унтах хэрэгтэй.
-Хурхиралтаас өөр нойрны ямар эмгэгүүд эмгэгүүд байдаг вэ?
-Шөнө хангалттай унтсан ч өдрийн цагаар хяналтгүйгээр унтана.Үүнийг хэт нойрмоглох эмгэг гэнэ. Энэ заримдаа нойр нь хүрээд байгаа хэрнээ унтаж чадахгүй болдог, эсвэл босож чадахгүй унтаад байх зэргээр шинж тэмдэг нь илэрнэ. Мөн нойронд явах эмгэгүүд гэж байдаг. Нойрондоо их ярих, хэвийн бус зан үзүүлэх, зэрэг үүнд хамаардаг. Дараа нь өөрөө ярьсан зүйлээ санадаггүй. Энэ үед нь сэрээхэд их хэцүү. Дараа нь “хөл хөдөлгөөнт” эмгэг гэж бий. Хөлөн дээр жирвэлзэж байгаа юм шиг таагүй мэдрэмж төрдөг. Унтаж байгаа үед хөл хөдөлснөөс болоод нойр тасалддаг. Үе, үе сэрдэг. Энэ нь нойрны чанарт нөлөөлнө. Мөн нойрны саажилт гэж байдаг. Энэ нь нойр гэнэт тасалдсанаас болоод ярьж, чадахгүй болно, айж, цочин хэн нэгэн өрөөн дотор байгаа мэт, цээжин дээр хүн дараад байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Ер нь аль ч насны хүн нойрны эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй. Энэ нь эрүүл байх гол үндэс юм.
-Ярилцсанд баярлалаа.
itoim.mn