Т.Амартогтох: Амьдралын буруу хэвшил хүнийг нойргүй болгож байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн Нойрны төвийн эмч, хошууч, ахлах зэргийн эмч Т.Амартогтохтой ярилцлаа.

-Нойрны төв гэхээр нойргүйдсэн хүмүүсийг унтуулдаг, хөгжим сонсгож амрааж хэвтүүлдэг газар гэж ойлгоод байдаг?
-Манай төв 2019 оны гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийгээд тэрнээс хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Манай төвийн нэр бол Нойрны эмгэг судлалын төв. Нойрных шүү. Нойргүйдлийнх биш. Манай төв мэдээж нойрны эмгэгийг оношилно. Нойрны эмгэгт нойргүйдэл орно. Нойрны хэмнэлийн алдагдал, нойрон дунд амьсгал тасалдах эмгэг, нойрон дунд явах, нойрны үеүдийн өвчнүүд гэж байдаг юм. Өнгөц нойр, гүн нойр, нүүр хурдан хөдөлдөг нойр гээд нойр нь дотроо шатлалтай. Тэр үеүд дотор эмгэг гэж бас байдаг байхгүй юу. Тэр эмгэгүүдийг оношилдог оношилгоог манайх хийдэг. Оношилгоогоо хийчихээд эмчилгээн дээр нь яах вэ гэдгийг зөвлөнө.
-Танай төвд нойрны ямар асуудалтай хүмүүс голчлон хандаж байна вэ?
-Тухайн хүн эхлээд амбулаториор цаг аваад нойрны эмчид үзүүлнэ. Ирж байгаа хүмүүсийн ихэнх нь нойргүйдэл, хурхиралт, амьсгал тасалдалттай улсууд байна. Нойргүйдэлтэй настай хүмүүс их ирж байна, мөн залуу хүмүүс ч олон байна. Нойрны хэмнэлийн алдагдал гэж юм бий. Хэт эрт унтаад эрт сэрэх, эсвэл орой аажуу унтаад өглөө сэрж чадахгүй, их унтах. Ийм эмгэгтэй хүмүүс их хандаж байгаа. Маш их хурхирдаг, нойрон дундаа хурхирч байгаад амьсгал нь тасалддаг, бөглөрдөг хүмүүс их байна. Ийм шинж тэмдэгтэй хүмүүс зайлшгүй оношилгоонд орох ёстой.
-Хүмүүс “Нойр хүрсэнгүй”, “Унтсангүй” гэсэн пост их оруулах юм. Гэтэл тэр хүний нойр хүрэхгүй байгаа нэгдүгээр шалтгаан нь тэр постыг бичиж байгаа гар утас, фэйсбүүк, сошиал гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүй юм?
-Нойргүйдлийн үндсэн шалтгааны дийлэнх хувийг сэтгэлзүйн шалтгаан эзэлдэг. Нойрны эрүүл ахуйн дэглэм гэдэг ойлголт монголчуудад ерөөсөө байхгүй. Хүн хэдэн цагт унтах ёстой юм. Хамгийн энгийнээр хэдэн цагт орондоо орох ёстой юм бэ?
-22 цагт гэдэг нь зөв үү?
-Яг зөв. 22 цаг гэхэд орондоо орох ёстой. Тэгтэл хүмүүс хэдэн цагт орондоо ордог вэ?
-00:00, 01 цагт. Зурагтын удирдлагаа хэзээ тавина тэр цагтаа орондоо ордог?
-Яг тэгж байгаа. Унтахын өмнө юу хийх ёстой юм, юу хийхгүй байх ёстой юм. Унтахын өмнө юу идэх ёстой юм, юу идэхгүй байх ёстой юм. Гэтэл хар даа, кофейны хэрэглээ байна. Кофег өглөө, өдөр, оройгүй ууж байна. Хажуугаар нь сэргээгч бэлдмэлийг маш их хэрэглэж байна. Дээрээс нь олон төрлийн цай ууцгаадаг болсон. Цайнууд ч өөр өөр үйлчилгээтэй. Ногоон цай нь нойр сэрвэлзүүлэх үйлчилгээтэй шүү дээ. Идэж, ууж байгаа юм нь нойрыг нь сэрвэлзүүлж байна. Өөрсдийнх дэглэм, амьдралын буруу хэв маяг гээд энэ бүхэн нойронд сөргөөр нөлөөлж байгаа байхгүй юу.
Үүн дээр нь дэлгэцийн хамаарал. Зурагтын дэлгэц, гар утасны дэлгэцийг өдөржин шагайгаастай. Буруу хэвшлүүд хүнийг нойргүй болгож байна. Настай хүмүүсийн хувьд яахав, архаг, хууч өвчнөөс болж нойргүйдэж болно. Үүн дээр нийгмийн сэтгэлзүйн шалтгаан, стресс, бухимдал нөлөөлнө. Тайван бус хүмүүс аж төрж байна. Энэ бүхэн нь сэтгэлзүйд цочрол өгч нойргүйдлийг үүсгэдэг.
-Хүн хэт их стресс, сэтгэлзүйн цочролд орохоороо нойргүй болдог. Бас ийм тохиолдолд эсрэгээрээ маш их унтаж, унтахаас өөр юм хийх хүсэлгүй болох нь бий. Ер нь хүн яавал чанартай унтах вэ. Нас биед хүрсэн хүн хоногт хэдэн цаг унтвал зохистой вэ?
-Хүн 7-8 цаг унтах ёстой, шөнийн турш. Гэхдээ наснаасаа хамаарч унтах цаг өөр өөр. Нярай өөр, өсвөр насны хүүхэд өөр, сургуулийн насны хүүхэд өөр, дунд эргэм насныхан өөр, настай хүмүүс өөр. 80 гарчихсан хүн 7-8 цаг унтахгүй л дээ. Гэхдээ хүний унтах дундаж цаг бол 7-8 цаг гэж үздэг. Нойрны чанарын хувьд, шөнө ойр ойрхон сэрэхгүй байх. Зарим хүн шөнө ойр ойрхон сэрэх, сэрчихээд эргэж унтаж чаддаггүй. Орой унтахаар орондоо ороход нойр нь хүрэхгүй хэдэн ч цагаар хамаагүй орондоо хөрвөөж байна. Эсвэл өглөө босох цагаасаа яагаа ч үгүй эрт сэрж байна. Тэгээд сэрчихвэл буцаад унтаж чаддаггүй. Энэ байдал нь нойрны хямралыг үүсгэдэг. Тэгэхээр хүн ийм байдалтай байвал гүн сайхан нойрсож чадахгүй, өнгөцхөн, үе үе маш бага хэмжээгээр унтаж байна аа гэсэн үг. Үүнээс нойрны чанар багассан үзүүлэлт гарна. Чанаргүй унтаж байна гэж ойлгож болно. Дээрээс нь тухайн хүн өглөө босоод маш их ядарна, тамирдана, ажлын ачаалал даахаа болино, юм мартана, толгой өвдөнө, зүрх дэлсэх зэргээр бие махбодид нь өөрчлөлт гарч ирдэг.
-Ажлаасаа орой тарж очсон тохиолдолд шууд унтдаггүй л дээ. Унтах гэж дахиад нэгээс хоёр цаг болно. Тэгээд өглөө нь дутуу нойртой, улаан нүдтэй ядарсан хүмүүс хуралдаа санд мэнд орж ирдэг. Тэр хүмүүс бол ажлаасаа хоцорсон биш нойроо гүйцэд аваагүй хүмүүс болж таарах нь?
-Нойрны хэмнэлийн алдагдал гэж би дээр ярьсан. Нойр эртдэх, нойр хойшлогдох эмгэг гэж бий. Хүмүүс оройтож ажиллаад 23 цаг гэхэд гэртээ ордог гэж ярьдаг. Тэгээд унтах гэсээр байтал 00:00, 01:00 цаг болдог гэдэг. Ийм хүмүүст нойр хойшлогдох эмгэг их үүсдэг. Хэт орой унтсанаас болж өглөө босож чаддаггүй. Тэгэхээр энэ чинь нойрны хэмнэлийн алдагдал явагдаад байна гэсэн үг шүү.
-Өдрийн цагаар дугхий гэж зөвлөөд байдаг?
-Тухайн хүний шөнийн нойрны чанар хэвийн байж болно. Өдөр 20-30 минут дугхийхийг зөвшөөрнө. Харин хэдэн цагаар унтана гэсэн асуудал байхгүй. Нөгөөтэйгүүр өдрийн цагаар хэт зүүрмэглээд байдаг хүн байдаг. Шөнө унтаж чаддаггүй хүн мэдээж өдрийн цагаар зүүрмэглэнэ. Аль эсвэл зарим хүн шөнө сайхан унтсан мөртлөө өдрийн цагаар зүүрмэглэдэг. Хурал дээр, замын хөдөлгөөнд жолоо барьж байхдаа зүүрмэглээд байдаг. Энэ бол хэт нойрсох эмгэг. Нэг ёсондоо ямар нэг уулзалт, цуглаан дээр зүүрмэглэнэ, бүр жолоо барьж байхдаа зүүрмэглэдэг. Ерөнхийдөө нойрондоо хурхирдаг, амьсгал тасалддаг насанд хүрэгчдэд голдуу илэрдэг эмгэг. Тийм хүмүүс өдрийн цагаар маш их нойрмоглодог.
-Цагаан сарын дараачаас эхлүүлээд л хүмүүс өдрийн цагаар зүүрмэглээд, нойр хүрээд байна, ядраад байна гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ. Хаврын улиралтай холбоотой гэж тайлбарлах түгээмэл л дээ?
-Хавар болохоор өдөр уртасна, хаврын уур амьсгал тодорхой хэмжээгээр нөлөөлөх ч тухайн хүний шөнийн нойрны чанарыг л хамгийн түрүүнд харна л даа. Хүн өдрийн цагаар идэвхтэй ажилтай байх ёстой. Нойргүйдэлтэй хүнд “Өдрийн цагаар маш их идэвхтэй бай, юм хий. Хөдөлгөөнтэй, идэвхтэй бай. Тэгж байж шөнийн нойр хангалттай байдаг” гэж зөвлөдөг. Хамгийн гол нь тэр. Тэрийг маш сайн баримтлах ёстой. Зарим хүн шөнө унтахгүй. Тэгчихээд л өдөр нь зүүрмэглээд байдаг.
-Нойрны эрүүл ахуйн дэглэмтэй холбоотой зөвлөгөөгөөр энэ удаагийн ярилцлагаа өндөрлүүлье?
-Нойргүйдлийн үндсэн шалтгаануудыг би дээр хэлсэн. Нойрны эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, баримтлаарай. Нойргүйдэл нас насныханд элбэг тохиолдож байна. Нойргүйдэлтэй залуучууд манай төвд маш их ирж байна. Тэд яагаад нойргүйтэв гэхээр амьдралын буруу хэвшилтэй. Хамгийн наад захын жишээ бол дэлгэц ширтэлт. Орой яг тогтмол цагтаа, унтдаг цагтаа унтаач ээ. Унтахын өмнө хэдэн цагаар зурагт битгий үзээч ээ. Нойрны эрүүл ахуйн дэглэмийг маш сайн баримтлаач ээ. Хэрвээ энэ дэглэмийг баримтлаад сурчихвал залуу хүмүүс нойргүйдэлд өртөх нь харьцангуй багасна. Хүмүүс “Танай “Нойрны төв” хүмүүсийг унтуулдаг гэж байна. Унтуулдаг аппарат байдаг гэнэ ээ. Би унтах гэж ирлээ” гэдэг. Тийм зүйл байхгүй шүү гэдгийг энд хэлье. Манайх бол нойрны эмгэгийг оношилдог. Маш их хурхирдаг, нойрон дундаа амьсгал тасалддаг эмгэгтэй, өдрийн цагаар нойрмоглодог, бүр гулжийж унадаг хүн бий. Бүр шүлсээ гоожуулаад гулжийтал унтдаг. Энэ нь хортой хэлбэрийн хэт нойрсох эмгэг байна уу, хоргүй хэлбэрийнх нь байна уу гэдгийг бас ялгадаг юм, нойрны бичлэгээр. Хортой хэлбэрийн хэт нойрсох эмгэгийн онош, нэршил нь хүртэл өөр. Тиймээс манайх нойрны эмгэгийг оношилдог төв юм. Хурхирдаг, амьсгал тасалддаг, бөглөрдөг хүмүүст бид харин эмчилгээн дээр нь зөвлөдөг. Гэхдээ амьсгал тасалдалтын зэрэг нь хөнгөн, дунд, хүнд байна уу гэдгээс шалтгаална. Хүнд зэрэгтэй гарсан тохиолдолд тухайн хүнд унтахдаа зүүдэг аппарат зөвлөдөг. Тэр аппарат нь тухайн хүнийг хурхируулдаггүй. Хүн хурхираад амьсгал тасалдвал цусан дахь хүчилтөрөгч нь навс унадаг. Зүрх, судас, даралтад нь огцом өөрчлөлт гардаг. Үүнээс болж тухайн хүн унтаж байх үед тархинд нь цус харвах, зүрхэнд нь шигдээс үүсэх нэг нөхцөл болж өгдөг. Үүнээс гадна артерийн даралт тогтвортой өсөх нэг нөлөөлөл болдог. Өдрийн цагаар хэт их нойрмоглох нь ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг бууруулна. Эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсгэх зэргээр маш олон хүндрэлтэй, хорт зуршлыг бий болгодог. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүс заавал оношилгоонд орох ёстой. Нойргүйдэлтэй байгаа хүнээсээ илүүтэй ийм хүмүүс оношилгоонд яаралтай орох ёстой. Харин манай төв нойргүйдэлд зөвлөгөө өгдөг. Хүмүүс нойргүй болоод эхлэнгүүтээ л сэтгэцэд нөлөөлөх химийн найрлагатай эм ууж, түүнээсээ хамааралтай болчихоод орж ирж байна. Дур мэдэж тийм эмийг олон сар, жилээр нь ууж байна. Ингэж болохгүй ээ. Хэрвээ тийм болчихсон бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж сэтгэцийн эмчээс л зөвлөгөө авна даа. Тиймээс энэ асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй.
 
Өдрийн сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан