ЭМЯ-наас “Озон эмчилгээний тухай ямарваа нэгэн заавар, эмчилгээний удирдамж батлаагүй бөгөөд олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн удирдамжид байдаггүй эмчилгээ" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл хүүхдэд озон эмчилгээ хийж байгаа тухай цахим сурталчилгаа явуулсан “Сисди мед” компани нь эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шалгаж Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгөөр торгожээ.
ШӨХТГ-аас өгсөн мэдээллээр "Сисди мед” ХХК нь өөрийн “Sisdi medical wellness” твиттер хаягт бичсэн хүүхдэд озонтой дусал хийлгээрэй гэсэн агуулгатай зар сурталчилгааг дусал хийлгэж буй хүүхдийн видео бичлэгийн хамт байрлуулан олон нийтийн сүлжээгээр түгээсэн асуудлыг шалгасан.
Хяналт шалгалтаар тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу таван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эмчлэх, сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлжээ.