Дутуу боловсорсон самар шим тэжээл багатай



Хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Энэ үед хуш модны самар гүйцэд боловсорч, боргоцой нь өөрөө салхинд унадаг. Ийм үед самар түүвэл байгаль экологид сөрөг нөгөөгүй. Тиймээс дээрх хугацаанд самар, түүж бэлтгэх тухай Байгаль орчны сайдын тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам” 2014 оноос эхлэн хэрэгжиж байна.

Гэтэл нийслэлд болон орон нутагт наймдугаар сарын дундуур самар худалдан борлуулаад эхэлсэн. Баянзүрх дүүргийн зуслангийн бүс Гачууртын зам дагуу нэг, хоёр аягаар нь ууталж, 5000, 10 мянган төгрөгөөр худалдаж эхлээд удлаа. Мөн хотын төвийн иргэд олноор хөлхөлддөг гудамжууд болон хүнсний ногоо худалдаж буй цэгүүдэд ч самар зарж байна.

Самрын болц гүйцээгүй нь илэрхий бөгөөд хазахад чөмөг нь яснаасаа салахгүй, хоёр хуваагдахын дээр амт шимт ороогүй түүхий байна. Байгалийн үр жимсийг ийм байдлаар зохисгүй ашиглавал самар ургахгүй, өнжих жилүүд олон болж, хушгүй, самаргүй болох эрсдэл хаяанд байна.  Нийслэлд ойр бүсүүдэд иргэд хэсэг бүлгээрээ самарт гарч, буулгаад эхэлжээ. Самрын болц гүйцээгүй учир боргоцой модноосоо салахгүй. Иймд өндөр хуш мод руу авирч, боргоцой унагааж түүж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ийм аргаар самар түүж байгаад 27 настай залуу 5-6 метр өндөр модноос унаж нас барсан золгүй явдал хоёр хоногийн өмнө /2022.08.29/ гарлаа.


Самрын болц гүйцэхээс өмнө түүх нь модондоо халгаатай бөгөөд хуш мод ургах, нөхөн төлжих явцыг удаашруулдаг, самар үр жимсээр хооллодог амьтдад ч сөрөг нөлөөтэй. Самрыг эрт түүвэл мод нөхөн ургах, самар жимс ургах тэнцвэрийг алдуулж, улмаар устгах аюултайг самар түүдэг иргэд ч ухамсарлах ёстой. Самар түүдэг болон самарт дуртай иргэдэд хушны модны талаар мэдээлэл хүргэе.

Хуш мод 140-170 жил насалдаг бөгөөд 50 жилийн настай хуш мод самраа өгч эхэлдэг гэхээр нэлээд хожуу үр жимсээ өгдөг. Самар нь болц гүйцэж газарт унах үед мод шинээр үрслэх боломжтой ч газар унасан нэг сая ширхэг самарнаас ганц нь л мод болж ургах боломжтой гэхээр нөхөн төлжих, ургахдаа маш удаан мод.

Дэлхийн нийт хушны 90 хувь нь Сибирт ургадаг. Зүүн хойд Азийн бүс нутагт нарсны овгийн 20 гаруй зүйл тархан ургадаг. Бидний сайн мэдэх Сибирийн хуш /Pinus sibirica/ нь нарсны овгийн нэг зүйл бөгөөд Сибирийн хуш мод нь ОХУ болон Монгол Улсын газар нутагт тархан ургадаг байна.

МОНГОЛ ОРНЫ ОЙН ТАЛБАЙН 5.2 ХУВИЙГ ХУШИН ОЙ ЭЗЭЛДЭГ
Монгол оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612.7 мянган га, нөөц нь 111,2 сая шоометр бөгөөд Монгол Улсын байгалийн ойн талбайн 5.17 хувь, ойн нөөцийн 8.9 хувийг эзэлдэг.

Хушин ой нь Архангай аймгийн 13 суманд, Баян-Өлгий аймгийн нэг суманд, Булган аймгийн найман суманд, Завхан аймгийн хоёр  суманд, Өвөрхангай аймгийн таван суманд, Хөвсгөл аймгийн 14 суманд, Хэнтий аймгийн зургаан суманд, Төв аймгийн дөрвөн суманд, Увс аймгийн гурван суманд, Сэлэнгэ аймгийн долоон суманд буюу нийт 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, улсын тусгай хамгаалалттай 10 газарт тархан ургаж байна. 
Хуш модны самар түүж, бэлтгэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт: 
Хуш модны самрын тухайн жилийн ургацын байдлыг тус сум орон нутгийг хариуцан ажиллаж буй Ойн анги нь судлан тогтоож мэдээ, дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд тухайн оны наймдугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ. Ирүүлсэн мэдээ, дүгнэлтэд үндэслэн Ойн судалгаа, хөгжлийн төв нь ургацын байдлын талаар хяналтын судалгаа, мониторинг хийж мэдээг нэгтгэн дүгнэж, дүгнэлтийг тухайн оны наймдугаар сарын 20-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ хэмээн 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар 2014 онд баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Ойн тухай хуульд “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар бэлтгэхийг зөвшөөрнө” гэсэн заалт бий. Тухайн жилд самрын нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах шийдвэрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн оны есдүгээр сарын 1-ний өдрийн дотор бүсчлэн гаргана гэж заажээ.


Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь ойн ангиуд нь бүс нутаг, хариуцсан сумдынхаа хушин ойд самрын ургацын судалгааг хийж гүйцэтгэж байна. Хушны самрыг их хэмжээгээр түүвэл экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж,  амьтдын хүнс тэжээл дутагдана. Мөн эргэж нөхөн үржиж ургаж байх ёстой хуш модны самрын  үйл явц алдагддаг.

Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс амархан салдаггүй тул түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалдаг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг.
Бүрэн боловсорсон боргоцой бараан хүрэн өнгийн хайрстай, хайрсны үзүүртээ давирхайн дусалтай, том, хайрсыг эрхий хуруугаараа сөргүүлэн авахад чөлөөтэй унадаг, унасан хайрсны доор байгаа үр буюу самар нь боргоцойноосоо унах хэмжээнд хүртэл бүрэн боловсорсон байна. Самар түүхдээ: 
  • Эх мод, мөчрийг хугалахгүй, унагаж гэмтээхгүйгээр нэг модонд байгаа бүх боргоцойноос ойн байгалийн сэргэн ургалтын үр, амьтдын идэш тэжээлийн нөөцийг үлдээж түүнэ.
  • Боргоцойг бүрэн боловсорсон үед нь буюу болц гүйцсэн үед нь л дэгээ бүхий савааг ашиглан мөчрийг гэмтээлгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй техник, хэрэгсэл ашиглан түүж бэлтгэнэ.
  • Модыг муна болон бусад модонд гэмтэл учруулж болох багажаар түншиж түүхийг хориглоно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан