Зуны дэлгэр цаг хаяанд ирж, үндэстэй бүхэн дэлгэрч, өөрийн үзэсгэлэнгээ гайхуулж байна. Энэ цаг үед зөв хооллолтыг эрхэмлэж, ходоодоо амраагаарай.Зун цаг болоход хүмүүсийн хоолны зуршил буурдаг ажээ. Тиймээс энэ боломжийг ашиглаад аль болох тогтмол цагт эрүүл хүнсээр, зөв хооллох нь таны эрүүл мэндэд тустай юм. Ингээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн www.slns.mn цахимд нийтлэгдсэн ”Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм"-ийг танилцуулж байна.
Манго арьсыг төлжүүлдэг
Зуны улирал нь бие организмыг биологийн үнэт бодисоор хангах гайхамшигтай боломж юм. Энэ улиралд хөлдөөсөн бүтээгдэхүүн, консерв, лаазалсан, утсан махнаас татгалзаарай. Харин өдөр тутмын хүнсэндээ жимсийг түлхүү хэрэглэх нь таныг эрч хүчээр сэлбэхээс гадна шаардлагатай амин дэмийг тань нөхөх болно. Ялангуяа, манго жимс бүсгүйчүүдийн арьсыг төлжүүлж, гэрэлтсэн толигор болгодог болохыг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.
Шинэ ургацын ногоо хэрэглээрэй
Жимс, жимсгэнээс гадна зуны улиралд таны хамгийн ихээр хэрэглэх ёстой бүтээгдэхүүн нь шинэ ургацын ногоо юм. Ялангуяа, лууван, байцаа, брокли, өргөст хэмх, бууцай, улаан лоолийг тогтмол хэрэглэхийг зөвлөе. Шинэ ургацын ногоо нь өөртөө B, С витаминыг агуулдаг учир таныг нойргүйдэх, ядарч, сульдах мэдрэмжээс бүрэн ангижруулна.
Өдөрт хоёр литрээс доошгүй шингэн уу
Зуны улиралд шингэн зүйл аль болох их уух хэрэгтэй. Ялангуяа, ногоон цай, эрдэст ус уухад биеэс алдагдах эрдэс бодисыг нөхөхөд нэн тустай. Шингэн зүйлийг янз бүрийн хувилбараар ууж болно. Нимбэгээр баяжуулж уувал өөх шатаадаг. Хийжүүлсэн, чихэрлэг ундаа, жүүс, архи дарс, пиво, найруулж уудаг хуурай жимснээс эрс татгалзаарай. Эдгээр нь хэт илчлэг бөгөөд амны цангааг огт гаргадаггүй болохыг анхааруулъя.
Элсэн чихэр, давсны хэрэглээг багасгая
Зуны улиралд амтлаг зүйлд хэт хорхойсох нь аюултай. Хүмүүс ам цангахаар хэмжээнээс илүү чихэрлэг шингэн уух нь элбэг. Ялангуяа, хүүхдүүддээ зайрмаг, жүүс, янз бүрийн чихэрлэг ундаа авч өгөх нь ажиглагддаг. Үүний үр дүнд илүүдэл жин, шүдний өвчлөл ихсэж байна. Харин давсны хэт их хэрэглээ нь даралт ихэсгэж, усан хаван үүсгэдэг аюултай.
Өөх тостой хоол бүү ид
Зуны улиралд илчлэг, тослог хоол идэхээс татгалзаарай. Энэ төрлийн хоол нь халуунд ходоодонд ороод хамгийн хурдан исэлддэг. Улирлын онцлогоос шалтгаалаад шингэлт удаан байдаг ажээ. Харин цагаан идээг өдөр бүр хэрэглэх нь таны эрүүл байх гол үндэс юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 127 (6859)