Хүүхдийг ХООЛОНД хэрхэн дуртай болгох вэ?

Хүүхэд тань хоолондоо дургүй байна уу?
Хүүхдийг хоолонд дуртай болгоход дан ганц хүүхдүүдээс биш биднээс ч бас хичээл зүтгэл их шаардагдана.
Ээж, Аавууд дараах зөвлөгөөг гэртээ туршихаас гадна дор коммент хэсэгт өөрсдийн туршлагаа бусад эцэг эхчүүдтэй чөлөөтэй хуваалцаарай.
1. ТОГТМОЛ ЦАГТ ХООЛЛО 
Хоолоо тогтмол цагт идэх нь хүүхдэд хооллолтын эрүүл, зөв дадлыг суулгадаг байна. Өглөө, өдөр, оройн гээд өдөрт 3 хоолыг тогтмол идүүлж сурга. Цаггүй хооллох нь хүүхдийг өдрийн турш хэт их иддэг эсвэл эсэргээрээ хэт бага хоолны дуршилтай болгох муу талтай.
2. ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАМТ ХООЛЛО
Гэр бүлийхэнтэйгээ хоолоо иддэг хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харьцуулахад жимс, ногоо, бүхэл үр зэрэг эрүүл хооллолтын төлөвшилтэй, жингийн илүүдэлтэй болох эрсдэл нь харьцангуй бага байдгийг судалгаагаар тогтоожээ. ТВ-ийн өмнө юм идэх зуршилтай хүүхдүүд хоолоо хэтрүүлэн идэх дадалтай болох, цаашлаад таргалах эрсдэлд ордог байна.
3. ХҮҮХДИЙГ БҮҮ ХҮЧИЛ, БҮҮ ШАГНА
Хүүхдийг тодорхой нэг хоолыг идүүлэхийн тулд албадан шахах нь хүүхдийн хоолыг үзэн ядах, хоолонд дургүй болох сэдлийг өдөөж улмаар хоолны дуршил багатай болгоход нөлөө үзүүлдэг байна.
Хүүхдийг хоол идүүлэх гэж хүчлэх, идсэнийх нь төлөө шагнах зэрэг нь хүүхдийг хооллох буруу төлөвшилтэй нэгэн болгох аюултай.
4. ХООЛ ХИЙХДЭЭ ХҮҮХДЭЭ ОРОЛЦУУЛ
Хүүхдэд эцэг эхтэйгээ хоол хийнэ гэдэг гадаа найзуудтайгаа тоглохоос ч илүү сонирхолтой санагддаг байна. Гал тогоонд туслах тогоочийн дүрд тоглох нь хүүхдэд хоол хийхэд хэр их хөдөлмөр ордог талаар ойлголттой болоход тусалдаг. Мэдээж хөлс хүчээ гаргасан хоолоо идэхээс ямар ч хүүхэд татгалзахгүй нь мэдээж шүү дээ.
5. ХООЛНЫ ЦЭСИЙГ БАЯЛАГ БАЙЛГА 
Өдөр бүр нэг янзын хоол идэх эсвэл хөргөгчинд байгаа бэлэн зүйлсээр хооллох нь хүүхдийн хоолны дуршил бага байх бас нэг шалтгаан болдог байна.
Тиймээс аав, ээжүүд маань боломжтой бол 7 хоногийн хоолны цэс зохиож аль болох шинэлэг, өнгө сайтайн дээр ногоо, амин дэм их агуулсан хүнсийг оролцуулсан хоолыг хүүхэддээ санал болгоод үзээрэй.
6. ХҮҮХЭДДЭЭ САЙН ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛ
Хүүхэд бол цав цагаан цаас. Тэд аав, ээжээрээ хорвоо ертөнцийг төсөөлдөг. Өөрсдөө дургүй, иддэггүй гээд хүүхдүүддээ зарим төрлийн ногоо, мах идүүлэхгүй өсгөх нь хүүхдийн хоолны дуршил, ирээдүйн хооллох төлөвшилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс эцэг эх болсон цагаасаа та бүхэн хооллох хүнсний нэр төрлөө илүү баялаг болгоход анхаарч эхлэхэд гэмгүй. Хүүхдээ олон янзын хоол, амин дэмээр баялаг хүнсний зүйлд дуртай болоход зөв үлгэр дуурайл нь болоорой.
Бэлтгэсэн мэдээллүүдээс ашиглах бол эх сурвалжаа заавал дурдаж байхыг хүсье.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан