Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс зуны улиралд мах идэхээс татгалзаж, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг уламжлалтай байсан. Гэвч өнөө цагийнхан бид өвөл, зунгүй мах иддэг болсныг мэргэжлийн эмч хүмүүс буруушаах болсон билээ. Зуны улиралд цагаан идээ идэх нь олон талын ач холбогдолтой болохыг шинжлэх ухаан аль хэзээний тогтоочихсон. Мэргэжлийн хүмүүс зуны улиралд хамгийн түрүүнд хэрэглэвэл зохистой цагаан идээний нэгдүгээрт малын сүүг нэрлэж байна. Ялангуяа монгол үнээний сүүний найрлагад уураг, глобулин, органик бус хүчлийн давс, мөн олон төрлийн витамин агуулагддаг.
Тиймээс ч үнээний сүүг зуны улиралд хэрэглэх нь эрүүл мэндэд тустай бөгөөд өвөл, хаврын улиралд өвчний улмаас хүнд эмчилгээ хийлгэсэн хүмүүст эмний хорыг гаргах, биеэ тэнхрүүлэх хамгийн тохиромжтой ундаа бол монгол үнээний сүү хэмээн зөвлөж байна. Үүний дээр мэдээж гүүний саам буюу айргийг нэмэх хэрэгтэй. Гүүний сүү нь найрлагадаа нүүрс, уснаас гадна цийдэм ихээр агуулдаг, хүний бие махбодын тамир тэнхээг сайжруулах, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлэх, ядаргааг тайлах үйлчилгээтэй гайхалтай ид шидтэй ундаа гэдгийг эрдэмтэд болон эмч нар санал нэгтэй хэлж байна.
Гүүний сүүг зуны улиралд заавал айраг хэлбэрээр биш, түүхий саам чигээр нь ууж хэрэглэх нь элэг, ходоод, гэдэс, цөсөнд сайн байдгийг манай ард түмэн эртнээс сайн мэднэ. Эмч нарын зүгээс энэ хоёр төрлийн сүүн дээр нэмж санал болгож байгаа ундаа бол ямааны болон хонины сүү юм. Монголчууд эртнээс цагаан ямааны сүүг түүхийгээр нь уувал элэгний сероз өвчинд тустай гэдгийг мэддэг байсан.
Ямаа өөрөө ус бага уудаг амьтан тул сүү нь тослог багатай, шингэн, сэрүүн чанартай байдаг аж. Ямааны сүү элэгнээс гадна хижиг, амьсгалын ззамын өвчин, цусны өвчин зэрэгт нэн тустай болохыг манай эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Өөр нэг бог мал бол хонь. Хонины сүүг ууж болдог юм уу хэмээн мал аж ахуйгаас хөндийрсөн одооны хүүхэд, залуус асуух нь бий. Тэгвэл манай өвөг дээдэс хонины сүүг эрт цагаас хий өвчнийг дарах, бам өвчнийг эдгээхэд ашигласаар иржээ.
Хонины сүүг үнээ, ямаа, гүүний сүү шиг түгээмэл хэрэглэдэггүй боловч энэ мэтээр зарим өвчний эсрэг ашиглаж ирсэн аж. Зуны дулаан улиралд хэрэглэх ёстой өөр нэг төрлийн цагаан идээ бол ааруул, ээзгий хэмээн мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Ааруул, ээзгийг дангаар нь идэхээс гадна буцалгасан ус, хар цайнд дэвтээгээд, гарсан шүүсийг нь ууж хэрэглэвэл ходоодны шарх, үрэвсэл зэргийг анагаахад нэмэр болдгоос гадна ааруулын шүүсийг ууж, хоолны дэглэм барих замаар турах боломжтой гэнэ.
Учир нь ааруул дэвтээсэн цай, ус зэрэг нь ходоод, гэдэс, цөсийг цэвэрлэж, эрүүлжүүлэх үйлчилгээтэй байдаг. Турахыг хичээж, хоолны дэглэм барьж байгаа хүнд ааруул, ээзгийг дэвтээж, шүүсийг нь хэрэглэхээс гадна дангаар нь амандаа хүлхэж идэхэд хоол идсэнээс ялгаагүй мэдрэмж төрж, тунчиг таатай байх нь дамжиггүй. Түүнчлэн уламжлалт анагаах ухаанд ааруулын шүүс хий, шарыг үүсгэхгүйгээр бадганыг арилгах шидтэй хэмээн бичсэн байдгаас гадна хаван үүсэх болон таргалалтаас сэргийлдэг гэж үздэг аж.
Ааруултай холбоотой шинжлэх ухаанаар нотлогдсон өөр нэг мэдээлэл нь ааруул тогтмол идвэл ходоодны галын илчийг үүсгэж, цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд байлгаж, амны цангааг тайлах үйлчилгээтэй юм. Эцэст нь зуны улиралд малын махнаас татгалзсанаар хүний таван цул эрүүлжиж, ядаргаа тайлагддаг бөгөөд таргалалтаас салах, сахарын өвчин тусахгүй байх хамгийн сайн арга болдог гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөх болсныг энд онцлох хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин