Жилийн дотор 12 тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээл байна. Энэ асуудал биш гэж үү. Уг нь жилдээ 12 байтугай 3-4 тохиолдол илрэхэд л сенсацлаад хэн гэж хүн хэдэн настай, нөхөртэй, эхнэртэй юу гээд л хойноос нь элддэг байв.
Энэ юу вэ гэж үү. Өнөөх гайхал ДОХ. Гэхдээ зөвхөн ДОХ бишээ ХДХВ нь ч бас. ХДХВ-ээр халдварлаж улмаар үхлийн шатандаа очихоор нь ДОХ гэдэг. Тиймээс энэ нэршлийг ХДХВ/ДОХ гэж хамтад нь хэрэглэдэг.
Энэ тухай өгүүлж байгаа нь ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өчигдөр болов. Улс орон бүр өөр өөрсдийн хүрээнд энэ өдрийг үр дүнтэй өнгөрүүлсэн нь мэдээж. Гэхдээ дэлхий энэ өдрийг нэг л уриатайгаар тэмдэглэдэг. Гэтэл Монгол Улс ковидтойгоо тэмцээд амьсгаа авах ч чөлөөгүй шахам байгаа бололтой ажин түжин.
Уг нь энэ жил “Тэгш бус байдлыг арилгаж халдварын тархалтыг зогсооё” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх ч гавьтай хийсэн, сонсогдсон юм мэдрэгдсэнгүй. ХӨСҮТ-ийн энэ чиглэлээр ажилладаг багаас “Өмнөговь аймагт очиж хуралдана” гээд явсан сурагтай ч таг чиг.
Хэдийгээр цар тахлын хэмжээнд байгаа ч дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-той тэмцсээр байх ёстойг мартаж болохгүй. Товчхондоо бол мэргэжлийн байгууллагуудаас зөвхөн энэ өдөр л сэрж буй мэт байдагтаа анхаарч, нэг ажлаар нөгөөг дарж, бүрхэгдүүлж болохгүй ээ гэж хэлж буй хэрэг.
Мэдээллийн байгууллагуудын хэлж буйгаар 2021 онд үнэхээр 12 тохиолдол илэрсэн бол өнөөх чинь Ковидын далбаан дор ёстой "МАНДЧИХАЖ" гэхээс өөр юу гэлтэй.