Нэгдсэн Вант улсын Оксфордын их сургуулийн эрдэмтэд бүтээж буй ХДХВ-ийн эсрэг вакциныхаа клиник туршилтыг өчигдөр/2021.7.5/ эхлүүлж, эхний тунг хүмүүст тарьжээ.
“HIV-CORE 0052” дугаартай клиник туршилтаар ХДХВ-ийн эсрэг “HIVconsvX” вакцины аюулгүй байдал, дархлаа тогтоох чадвар, үр дүнг тодорхойлох үндсэн зорилготойг эрдэмтэд тайлбарласан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр вакцин бүтээх энэ төсөл бол Европын санхүүжилттэй ДОХ-ын эсрэг ажлын нэг хэсэг гэнэ.
HIVconsvX вакцин “Мозайк” гэх технологиор бүтээгдэж буй. Тодруулбал, хүний дархлал хомсдлын HIV-1 вирусийн олон хувилбараас сэргийлэх, улмаар дэлхийн аль ч улсад тохиромжтой вакцин болох зорилготой юм.
Клиник туршилтын эхний шатанд 18-65 настай, ХДХВ-ийн халдваргүй, эрүүл чийрэг 13 хүн оролцож, дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тун вакцин тариулах аж.
Туршилтыг удирдаж буй судлаач, Оксфорд их сургуулийн Женнер хүрээлэнгийн дархлаажуулалтын профессор Томас Ханк “ХДХВ-ийн эсрэг үр дүнтэй вакциныг дэлхий 40 жил хүлээж байна. Бидний бүтээж буй вакцин бол зөвхөн халдваргүй хүмүүсийг хамгаалаад зогсохгүй халдвартай хүмүүсийг эмчлэх үйлчилгээтэй анхны вакцин” гэжээ.
Тухайлбал, ХДХВ-ийн эсрэг бүтээгдэж буй бусад вакцинууд вирусийн эсрэг биет үүсгэхийн тулд B эсүүдийг ашигладаг бол дээрх вакцин Т эсүүдийг ашиглан дархлааны тогтолцоог идэвхжүүлэх замаар ажилладаг аж.
ХДХВ хүний биед ормогцоо дархлааны тогтолцоог дарангуйлж, эмчлэхгүй удвал аминд халтай ДОХ өвчин болдог. 2014 онд эрдэмтэд мэдээлэхдээ ХДХВ-ийн халдварын тохиолдол 2020 он гэхэд 500 мянга хүрнэ хэмээн тооцоолж байв. Гэтэл 2020 онд 1.5 сая тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: RT.COM