Монгол Улсад ням гарагт 3628 хүнээс COVID-19 халдвар илэрч, таван хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд 233308 тохиолдол бүртгэгдэж, 962 хүн цар тахлаар амиа алдлаа. Хамгийн анх БНХАУ-д бүртгэгдсэн COVID-19 халдварын вирус мутацид орон дэлхий дахинаа хамгийн аюултай нь дельта хувилбар гэгдэж байв. Учир нь дельта хувилбар бусад хувилбаруудаасаа хэд дахин хурдацтай тархдаг төдийгүй халдвар авсан тохиолдолд хүндрэх улмаар нас барах магадлал өндөр байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Манай улсад батлагдсан нийт тохиолдлын 50 хувийг дельта хувилбар эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 2-нд мэдээлсэн билээ. Гэтэл дельтагаас өөр “Mu” гэсэн хувилбар дэлхий дахинаа тархаж эхэлснийг ДЭМБ даваа гарагт албан ёсоор зарласан юм.
Монгол Улсад өдөрт 4000 орчим хүнээс халдвар илэрч, халдварын тоо 230 мянга гарч, нас баралт 1000 хүрэх гэж байхад шинжилгээний цэгийн тоо, ажиллах цаг багассан төдийгүй хөл хорио тогтоохгүй гэдгээ Засгийн газар зарлаад байна. Тодруулбал, Улаанбаатар хотод наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3 хүртэл байнгын гурав, явуулын гурав нийт зургаан шинжилгээний цэг 09:00-12:00 хүртэл ажиллаж, 100-150 хүнээс шинжилгээ авах хязгаартай байв. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд Сүхбаатар дүүрэгт 100 айл Жоби төвийн зүүн талд, Баянзүрх дүүрэгт Авто оношилгооны төвийн гадна талбайд, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд гурван цэгт 09:00-12:00 цагийн хооронд 100-120 хүнээс нийт 320 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авсан юм.
“Дүүрэгт ганцхан явуулын цэгтэй болохоор шинжилгээ өгч чадахгүй буцах тохиолдол гарна” Бид Баянзүрх дүүрэгт Авто оношилгооны төвийн гадна талбай буюу бидний нэрлэж заншсанаар “Тэнгэр плаза”-н гадна талбайд ажиллаж байгаа явуулын цэгт өглөөний 11:00 цагт очлоо. Эхлэл болоод төгсгөл нь үл мэдэгдэм урт дараалал үүсгэн иргэд зогсжээ. Бидний тооцоолсноор 50 гаруй хүн өөрийн ээлжийг хүлээн зогсож байгаа нь энэ. Тус цэг 09:00-12:00 цагийн хооронд 100 хүнээс шинжилгээ авах хязгаартай. Ийн бид шинжилгээ өгөхөөр дарааллаж буй иргэдээс зарим зүйлийг тодруулсан юм.
Иргэн О.Болор “Ойрын хавьтал болсон учир шинжилгээ өгөхөөр өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд ирсэн.Гэтэл олон хүнтэй, дараалал ихтэй байсан. Халдварын тархалт улам нэмэгдэж, нэг хүнтэй уулзаад гарахаар хавьтал болж байгаа ийм үед шинжилгээний цэгийн тоог нэмж, цагийг нь уртасгамаар байна. Дүүрэгт ганцхан явуулын цэгтэй болохоор хаа холоос ирж шинжилгээ өгөх гэсээр байтал дараалал нь улам нэмэгдэж, шинжилгээ өгч чадахгүй буцах тохиолдол их гарна. Хувийн эмнэлэгт төлбөртэй шинжилгээ өгөх боломжтой хүн Монголд цөөн. Сургуулийн хичээл эхэлж, хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа үед шинжилгээний цэгийн тоогоо нэмээчээ гэж Засгийн газраас хүсмээр байна” гэж ярилаа.Харин иргэн Т.Хүрэлбат “Хэд хоногийн өмнө ойрын хавьтал болсон учир шинжилгээ өгөхөөр 10:50 цагт ирсэн. Гэтэл өмнө минь 30 гаруй хүн байна. Дүүрэгт ганцхан явуулын цэг, цагийн хязгаартай ажиллаж байгаа учир шинжилгээгээ өгч чадахгүй олон хоночихлоо. Намайг холоос ирэх гэсээр байтал хаах цаг нь болчих гээд байх юм. Өнөөдөр машинаар арай хурдан ирлээ гэтэл бас амжихгүй бололтой. Шинжилгээ өгөх нь ийм төвөгтэй юм чинь хүмүүс ойрын хавьтал болсон ч шинж тэмдэг илрээгүй л бол шинжилгээ өгөхөөс залхах юм байна” гэлээ. Ийн хэд хэдэн иргэнтэй уулзахад мөн ийм хариу өглөө.
Халдварын тоо нэмэгдэх тусам шинжилгээний цэгийн тоо болоод ажиллах цагийг багасгасан туршлага одоогоор Монголоос өөр улсад хэрэгжээгүй байна. COVID-19 халдварын олон хувилбар хурдацтай тэр дундаа шинж тэмдэггүй тархаж байгаа үед PCR шинжилгээнд бүх нийтийг хамруулах нь халдварыг эрт илрүүлэх, хавьтлуудыг тогтоох хамгийн найдвартай арга гэдгийг дэлхийн олон оронд баталж байна.Гэтэл Монголд бүх зүйл эсрэгээрээ. Үүнээс гадна оношлуурын нийлүүлэлт тасалдсанаас үүдэн ХӨСҮТ-ийн шинжилгээ авах цэг наймдугаар сарын 30-наас эхлэн түр хугацаагаар хаалгаа барьсан юм. Тус төв нь гадаад руу зорчигч иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс өдөр бүр 09:00-12:00 цагийн хооронд PCR шинжилгээг үнэгүй авдаг байв.
С.Энхболд: Тохиолдлын тоо өссөн нь шинжилгээний цэгийг нэмсэнтэй холбоотой
Шинжилгээний цэгийн тоог багассан шалтгаанаа “Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нь нэн чухал” гэж Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат тайлбарлаж байв.
Гэтэл энэ сарын 1-нээс эхлэн халдварын тоо огцом нэмэгдсэнийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөдөө орон нутаг дахь шинжилгээний цэгийн тоог нэмсэнтэй холбон тайлбарласан. Тэрбээр “Халдварын тохиолдол есдүгээр сарын 1-нд 3726-гаар нэмэгдсэн учир хөл хорио тогтоох байх гэсэн таамаг дэвшүүлж байна.
Ийм их тохиолдол бүртгэгдсэн нь PCR шинжилгээний цэгүүдийг нэмсэнтэй холбоотой. Эерэг гарах хариу нийт тохиолдолд 20 хувийг эзэлж байгаа.Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын шинжилгээнд хамрагдах тохиолдол өсөхөөс гадна орон нутагт халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
Өчигдрийн хувьд /2021.09.01/ орон нутагт тандалтын 11 мянга, PCR шинжилгээний есөн мянган сорьцоос тохиолдлыг тогтоосон. Цаашид ч энэ тоо буурахгүй байх магадлалтай. Монгол Улсад батлагдаж байгаа нийт тохиолдлын 50 хувийг дельта хувилбар эзэлж байна. Тиймээс хоёр дахь тунгаа хийлгээд гурван сар болсон иргэд гурав дахь тунг хийлгэх боломжтой зохицуулалтыг хийсэн” гэж ярьсан юм.
Дельта хувилбар мөн “Mu” хувилбар дэлхийд тархаж эхэлсэн, сургуулиудын хичээл эхэлсэн эгзэгтэй цаг үед шинжилгээний цэгийн тоог нэмж, ажиллах цагийг уртасгах нь халдварын тархалтыг хумих оновтой шийдвэрийн нэг юм.
Сургууль болоод цэцэрлэгийн хүүхдүүдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй учир халдвар авах эрсдэл маш өндөр. Тархалт улам нэмэгдэж, өдөрт 5000 орчим тохиолдол бүртгэгдэх урьдчилсан тооцололтой үед иргэдийн санал хүсэлтийг дагуу шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин