"Дельта" уушгийг хурдан гэмтээдгээрээ бусад хувилбараас ялгаатай

МОСКВА. /TASS/. Энэтхэгт анх илэрсэн коронавирусний "Дельта" хувилбар уушгийг хурдан гэмтээдгээрээ бусад омгуудаас ялгаатай гэнэ.Энэ тухай биологийн шинжлэх ухааны доктор, АНУ-ын Виржиниа муж улсын Жорж Мейсоны Их сургуулийн биологийн сургуулийн профессор Анча Баранова лхагва гарагт Лента.ру-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
“Өөрөөр хэлбэл уушгины үйл ажиллагаа одоо 2020 оны эхэн үеийнхтэй харьцуулахад маш хурдан гэмтэж байна. Өвчтөн КT-2-той [компьютерийн томографийн шинжилгээгээр илрүүлсэн гэмтлийн хоёрдугаар зэрэг] эмнэлэгт ирж, маргааш нь КТ-3-тай болж, нөгөөдөр нь эрчимт эмчилгээнд орж байна” гэж биологич тайлбарласан байна.
Барановагийн үзэж байгаагаар молекулын болон эсийн биологийн үүднээс эрдэмтэд хурдан судалгаа хийх боломжгүй байгаа учир "Дельта" хувилбар уушгийг хурдан гэмтээж байгаа шалтгааныг ойрын үед олж чадахгүй гэнэ. Гэхдээ биологич энэ нь төдийлөн судлагдаагүй байгаа коронавирусний уургийн мутацитай холбоотой гэж үзжээ. "Магадгүй зургаан сарын дараа бид яг юу болж байгааг олж мэдэх байх" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
"Дельта" гэж албан ёсоор нэрлэсэн коронавиурсний хувилбарыг өнгөрсөн оны 10 дугаар сард Энэтхэгт анх илрүүлсэн юм. Энэ хувилбар нь коронавирусний вакцин хийлгэсний дараа ч халдварладаг гэж мэргэжилтнүүд мэдээлсэн. Даваа гарагт ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкховегийн мэдээлснээр, "Дельта" хувилбар одоогийн байдлаар дэлхийн 92 улсад бүртгэгджээ. 
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан