Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 15-нд 1300 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа. Ингэхдээ Улаанбаатарт 290, орон нутагт 1010 тохиолдол батлагдав. Хэдийгээр нийслэлд бүртгэгдэх халдварын тохиолдол буурч байгаа ч орон нутагт батлагдах халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймагт халдварын нөхцөл байдал хүнд байгаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр ₮орон нутагт бүртгэгдэх нийт тохиолдлуудын 30 гаруй хувь нь Баян-Өлгий аймагт бүртгэгдэж байгаа. Наадмын урт хугацааны амралт, зуны амралтаар 25 мянга орчим аялагчид тус аймагт очсон байна. Энэ нь халдварыг тараах эх үүсвэр болсон. Гэхдээ Баян-Өлгий аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан.
Мөн сүүлийн долоо хоногт Ховд аймагт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Ховд аймгийн хувьд даншиг наадам болсон. Энэ нь халдвар нэмэгдэхэд нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Бая-Өлгий аймаг вакцинжуулалтын хувьд бага хувьтай байна. Мөн Дархан-Уул аймагт анхаарал хандуулах хэрэгтэй. Бусад аймгуудын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа” гэж мэдээлсэн.
Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэх болсон нь хэд хэдэн шалтгаантай.
- Нэгдүгээрт, Зун цаг. Манай улс жилийн дөрвөн улиралтай. Тиймээс зуны урин дулаан цагт аялж, амарч зугаалдаг. Гэхдээ сүүлийн хоёр зуны хугацаанд коронавирус халдварын улмаас хил хаалттай байсан учир дотоодын аялал жуулчлал илүү хөгжсөн. Өөрөөр хэлбэл гадагшаа явж чадахгүй учир дотооддоо аялахаас өөр аргагүй. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож, Үндэсний их баяр наадмаар 9 хоног амарсан.
- Хоёрдугаарт, Найр хурим. Даншиг наадам. Зуны дэлгэр цагт үсний найр, залуу хосын хурим болдог. Хурим найранд тал талын хамаатан садан, ах дүүс цуглардаг. Ингэж олноор цугларах нь халдвар тархах нөхцөл бүрдүүлдэг.
Орон нутгийн халдварын тохиолдлын яаралтай арга хэмжээ авч хумихгүй бол коронавирусийн “Дельта” хувилбар тархвал нөхцөл байдал маш хүнд болох болно. Учир нь Өнгөрсөн долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR -т суурилсан мутацийг илрүүлэх шинжилгээ хийжээ. Нийт 369 сорьцны 39 сорьцод нь "Дельта хувилбар илэрсэн. Өөрөөр хэлбэл нийт шинжилгээний 11.6 хувьд "Дельта" хувилбар илэрч байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Баян-Өлгий аймаг наймдугаар сарын 15-наас наймдугаар сарын 24-ний 10 хоногийн хугацаанд орох хөдөлгөөнийг хязгаарласан.
Тиймээс "Дельта" хувилбар орон нутагт тархахаас өмнө аймгууд орох хөдөлгөөнөө түр хугацаагаар хязгаарлаж, сэрэмжтэй байх шаардлагатай болжээ.
М.Насан
Shuud.mn