Аль хэдийнэ 27 нас хүрсэн хэрнээ одоог хүртэл 20-25 хүртэлх насныхаа арчилгаанаас салаагүй явж байгаа юм биш биз? Эсвэл 40 настай хэрнээ дерма эмчилгээнүүдийн алийг нь ч бодолцож үзээгүй яваа юм биш биз? Ямар насанд ямар арьс арчилгааг хийснээр хөгшрөлтийг дээд хэмжээгээр нь сааруулах тухай товч бөгөөд тодорхой өгүүллээ.
Тоглоомонд “level” ахих тусам шаардагдах ур чадварууд нь ихэсдэгтэй адил бидний нас нэмэгдэх тусам бид ахисан түвшний арчилгаануудыг дор бүр нь хийж явах хэрэгтэй болдог. Доорх мэдээллийг уншаад “Арчаатай бүсгүйн 100 орой хөтөлбөр” хөтөлбөртөө нэгдээрэй. Тэнд 20-40 хүртэл янз бүрийн насны, янз бүрийн арьсны онцлогтой эмэгтэйчүүд яг насандаа бүрэн тохирсон олон талт арчилгааг орой бүр хэрхэн залхууралгүй хийж, ямар ямар бүтээгдэхүүнийг яаж хэрэглэж, түүнээсээ бие сэтгэлийн таашаал авч буй тухайгаа хуваалцаж байгаа.
Аль ч насанд заавал хийх ёстой “алтан” арчилгаа
Нарны хамгаалалттай тос түрхэхийг өөрийн мартаж болшгүй үүрэг даалгавар мэт сана
Энэ бол үрчлээ, нөсөө толбо, хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүд, хамгийн гол нь арьсны хорт хавдраас сэргийлэх #1 арга юм. Арьсныхаа төлөө таны хийж чадах хамгийн чухал зүйл бол энэ.
Арьс арчилгаандаа “хөрөнгө оруул”
Арьс бол бидний биеийн хамгийн том эрхтэн. Хэрвээ энэ эрхтнийг маань эрүүл байлгаж, хөгшрөлтөөс сэргийлж чадна гэвэл илүү чанартай, дэвшилтэт найрлагатай бүтээгдэхүүнд хэдэн төгрөг илүү зарцуулсан ч харамсах зүйлгүй. Бүсгүйчүүд бид заримдаа нүүр будалтын бүтээгдэхүүнүүддээ харамгүй зардаг хэрнээ арьс арчилгаагаа арай дутуудуулаад байх шиг санагддаг. Нэг хэмнэлтийн арга зааж өгөх үү? Цэвэрлэгч бүтээгдэхүүнээс чийгшүүлэгч бүтээгдэхүүнд илүүг зарцуулаарай. Учир нь эхнийх нь тэр дороо гоожуур луу урсаад алга болчихдог бол хоёр дахь нь арьсанд маань наалдаж үлдэнэ шүү дээ.
Дасгал хийж, эрүүл хооллож, нойроо сайн ав
Иймэрхүү эрүүл амьдралын хэв маяг нь биед явагдаж буй бүхий л жижиг, том үйл ажиллагааг тогтмол саадгүй урсгаж, нэгэн хэмнэлээр ажиллуулснаар хамгийн цэвэр тунгалаг арьстай байхын үндэс болдог.
Удмын хүчин зүйлсийг бүү март
Харамсалтай нь, бидний хяналтаас гадуур зүйлс гэж бий. Генийн хүчин зүйлс бидний арьсны хөгшрөлтөнд 50 хувьтай нөлөөлдөг гэж үздэг байна. Тиймээс чиний ээж, эмээд хөгшрөлтийн ямар шинж тэмдэг илүү хурдацтай, эрт, тод үүссэнийг ажиглаж, түүнд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг аль болох эртнээс аваарай.
20-25 насанд: Чийгшүүл
Усыг тахин шүт
Бидний нас нэмэгдэх тусам арьсны чийгээ барих чадвар сулардаг. Тиймээс л хүүхдийн арьс тийм зөөлхөн, чийглэг байдаг юм. Арьсаа гадна дотроос нь маш сайн чийглээд л байх хэрэгтэй.
Чийгшүүлэгч түрх
Дөнгөж угааж дуусаад удаагүй байхдаа, хэдхэн секундын дотор чийгшүүлэх усархаг бүтээгдэхүүнийг түрх. Энэ нь өөрөө чийгшил өгөхөөс гадна нүүрээ зайлахдаа ашигласан усаа арьсандаа түгжин шингээхэд тустай.
Зөөлөн цэвэрлэгч хэрэглэ
Өсвөр насны батгатайгаа тэмцдэг үе чинь өнгөрсөн. Тиймээс тослогжилтын эсрэг хүчтэй найрлагатай цэвэрлэгчээс зайлсхийж, зөөлөн цэвэрлэгч ашигла. Бидний арьсанд тэнцвэрт байдлаа хадгалахад нь тодорхой хэмжээний тос зайлшгүй хэрэгтэй.
25-35 насанд: Хамгаалалт
Ретинолтой бүтээгдэхүүн хэрэглэж эхлэ
Ретин-А болон Ретинолыг А амин дэмийн комплексоос гаргаж авдаг бөгөөд батганы эсрэг, хөгшрөлтийн эсрэг маш үр дүнтэй найрлагуудын нэг юм. Гэхдээ одоохондоо энэ нь тийм ч нэн шаардлагатай биш учраас багахан хувьтай байхад л болно.
Үрэвсэл, исэлдэлтийн эсрэг антиоксидант найрлагыг чухалчил
Чийгшүүлэгч, тоник авахдаа А амин дэм, С амин дэм болон бусад төрлийн цайруулах найрлага агуулсан бүтээгдэхүүн сонгоорой. Эдгээр нь нүхийг агшааж, улайлтыг багасгаж, арьсны өнгийг жигдхэн болгодог.
Ботоксын талаар бодолц
Хэрэв чи гоо заслын талаар сонирхож байгаа бол ботокс хийлгэхэд хамгийн тохиромжтой үе нь одоо юм. Ботоксыг бүр нас явсан хойно хийлгэсэн нь дээр гэж зарим хүн эндүүрдэг. Учир нь ботоксыг 25-35 насандаа хийлгэвэ үрчлээ үүсгэдэг булчингуудыг үрчлээ үүсгэж эхлэхээс нь өмнө суллаж, хөгшрөлтийг хойшлуулдаг. Оройтсон хойно нь хөдлөх биш, урьдчилж хөдлөх нь хэзээд зөв байдаг шүү дээ.
Өөрийн гэсэн арьсны экспертүүдийг ол
Өөртөө болон өөрийн арьсандаа бүх талаар нийцсэн арьсны мэргэжилтнүүдийг олж, тогтмол үйлчлүүлээрэй. Нас нэмэгдэх тусам чиний арьсыг ааш араншинг мэддэг хүмүүс их хэрэг болно.
Үргэлжлүүлэн, өдөр бүр чийгшүүлсээр бай
Одоо усан гэхээсээ илүү арай өтгөн бүтэцтэй, баялаг найрлагатай чийгшүүлэгчийг сонгоорой.
35-45 насанд: Бодит арга хэмжээ ав
Чийгшүүлэлтээ ахин нэг шат ахиул
А, С амин дэмийн найрлагыг өмнө хэрэглэж байснаасаа өшөө өндөр хувьтайгаар агуулсан чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Энэ нь үүсэхэд бэлэн байгаа нөсөө толбуудыг сааруулна.
Зөөлөн лазер эмчилгээг бодолц
Одоо бол шинээр гарч ирж буй хялгасан нимгэн үрчлээнүүдийг дор дор нь гялс арилгахад тохиромжтой цаг юм. Харин ахиад хэдэн жилийн дараа илүү хүчтэй лазер эмчилгээний талаар бодоорой. Өөрийн арьсны эмчтэйгээ сайтар ярилцаарай.
45+ насанд: Хадгалалт
Солихын оронд нэм
Нас нэмэх тусмаа өөрийн арьс арчилгааны дэглэмд бүтээгдэхүүнийг шинээр сольж орлуулахаас илүү, бүтээгдэхүүн нэмж оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тоог нь олшруулах хэрэгтэй гэсэн үг юм. Мөн илүү олон идэвхтэй найрлагатай бүтээгдэхүүнүүд хайгаарай.
Ботокс, филлерийг зохистой хэмжээнд л хэрэглэ
Одоо үрчлээнүүд нэгэнт үүссэн байгаа учраас ботокс, филлерийг хэтрүүлэн хэрэглэснээр хиймэл төрхтэй юм шиг харагдана.
Арай хүчтэй лазер эмчилгээг сонирх
Хүчтэй лазер эмчилгээ нь илүү гүн үрчлээнүүдэд төвлөрдөг.