П.Мөнхсувд: Цөс өтгөн байхаар нүүрэн дээр сэвх, нөсөө толбо салахгүй гэсэн үг


“Синдерелла” эмнэлэгийн арьс, гоо заслын эмч П.Мөнхсувдтай нүүрний арьсаа хэрхэн эрүүл байлгах талаар ярилцлаа.
 
-Охид, бүсгүйчүүд нүүрээ цэвэрлээд байхад нүүрэн дээр батганаас эхлээд янз бүрийн асуудал үүсч байна гэдэг. Энэ нь юутай холбоотой байдаг вэ? 
-Нүүрээ гадна талаас нь арчлах нь зөв. Нөгөө талаас дотор эрхтэндээ анхаарч байх шаардлагатай юм. Манай бүсгүйчүүд нүүрнийхээ арьсаа л гоё байлгах гэж хичээхээс дотор эрхтнээ ямар байгаад төдийлөн анхаардаггүй. Гэтэл дотор эрхтний толь нь нүүр гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нүүрэн дээр ямар нэг юм гарахад гаднаас арчлахаас илүү дотор эрхтний эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь илүү үр дүнд хүрнэ. Улиралын онцлогоос хамаарч арьсанд янз бүрийн өөрчлөлт гарч болно. Тэгэхээр улирал, уур амьсгалдаа тохирсон арьс арчилгаагаа хийгээрэй.
Үүнээс гадна нүүрээ бүрэн цэвэрлэж чадаж байгаа эсэх нь чухал. Өөрийнхөө арьсны хэв шинжээ маш сайн ойлгож, өөртөө тохирсон бүтээгдэхүүн хэрэглэнэ. Нүүрэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн дараалал нь зөв байх ёстой. Арьсны гадна талын арчилгааны хувьд эхлээд тосон цэвэрлэгээ хийвэл будаг илүү сайн арилгана. Үүний араас арьсны онцлогт тохирсон хөөсөөр угаана. Нүхжилт ихтэй арьстай хүн сойтгоор нүүрээ угаах хэрэгтэй. Нүх нь бөглөрөөд ирэхээр батга гарах нөхцөл болдог. Хамгийн сүүлд нь чийгшүүлэгч, тосоо түрхэнэ. Өглөө босоод дахин цэвэрлэнэ. Үүнээс гадна гэр бүлийн гишүүд бүгдээрээ нэг алчуураар нүүрээ арчиж болохгүй. Ялангуяа батгашилт ихтэй хүмүүс тусгай алчууртай байх эсвэл нэг удаагийн салфеткаар арчих хэрэгтэй.
 
-Нүүрнийхээ арьсыг эрүүл байлгахын тулд дотор эрхтэндээ яаж анхаарах ёстой вэ? 
-Дотор эрхтнээ эрүүлжүүл. Үүний тулд зөв хоолло. Манайхан өлөн дээрээ кофе уухаас эхлээд буруу хооллох зуршилтай. Хүнсний бүтээгдэхүүн амаар дамжиж, ходоодонд ороод хоол боловсруулалтад орох ёстой. Гэтэл ходоод бүрэн ажиллахгүй бол хоол дутуу задарч, дутуу задарсан бүтээгдэхүүн нь арьсанд өвчлөл үүсгэдэг. Мөн сүүлийн үеийн охид, бүсгүйчүүд өөх иддэггүй. Уг нь өөхийг тодорхой хэмжээгээр идэх ёстой. Өөх идэж байж цөс бүрэн ажилладаг. Өөх идэхгүй бол цөс ажилгүй болж, уутанцар нь бөглөрдөг. Үүнээс чулуу үүсч, хана нь зузаардаг юм. Ингээд цөс өтгөн байхаар нүүрэн дээр сэвх, нөсөө толбо салахгүй гэсэн үг.
Үүнээс гадна өтгөн нь хатдаг хүмүүс байдаг. Өтгөнөө гадагшлуулахгүй байвал хортой хий нь арьсаар ялгардаг юм. Ялангуяа нуруу цээж, нүүрээр батгашилт гарна. Ингэхээр дотор эрхтэнтэй нүүрний арьс салшгүй холбоотой байгаа юм.
 
-Өдөр бүр савангаар угаах нь арьсны тэнцвэр алдахад нөлөөлөх үү? 
-Тухайн хүний арьсны онцлогоос хамаарна. Яаж угаавал батга гардаг, үгүйг тухайн хүн өөрөө сайн мэддэг. Ер нь зузаан буддаг охид нүүрнийхээ будгаа эхлээд тосоор арилгачхаад дараа нь савангаар угааж болно. Харин хэт эмзэг мэдрэмтгий арьстай бол сүүн шингэн тохиромжтой байдаг.
 
-Монгол эмэгтэйчүүдийн арьсны онцлог нь ямар байдаг вэ. Түүнд гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүн хэр тохиромжтой байдаг юм бэ. Тухайлбал, Солонгос, Япон зэрэг халуун, чийгшилтэй орны бүтээгдэхүүн манай хуурайшилттай орчинд амьдардаг хүмүүсийн арьсанд тохирох уу? 
-Монголын уур амьсгал хэт хуурай, эрс тэс байдаг. Тэгэхээр манай улсын эмэгтэйчүүдэд хуурайшилт хамгийн түгээмэл тохиолддог. Ус уугаад байдаг чийгшил болдоггүй. Энэ нь уур амьсгалын онцлогтой холбоотой. Бидний арьсанд гиалуроны хүчил байдаг. Энэ нь гаднаас орж ирж байгаа шингэн зүйлийг арьсанд шингээн барьж, усыг нөөцөлдөг юм. Үүний үр дүнд арьс чийглэг байдаг.
Харин гадны бүтээгдэхүүнийг зарим хүмүүс тохирохгүй байна гэх нь бий. Гэхдээ арьс арчилгаагаа сайжруулж, дотор эрхтнээ эрүүлжүүлж, зөв хооллож, зөв унтаж амарвал арьсанд асуудал үүсэхгүй байх боломжтой. Хүн өөрийн арьсны хэв шинжид тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.
 
-Нүүрний будагтайгаа унтах нь арьсыг 14 хоногоор хөгшрүүлдэг гэх нь бий. Ер нь будагтайгаа унтахад хүний арьсанд ямар өөрчлөлт гардаг юм бэ? 
-Уг нь хүний арьс шөнө амарч, амьсгалж байх ёстой. Эмэгтэйчүүд нүүрээ будаж эхэлснээс хойш нүхжилт үүсдэг юм. Үүссэн нүхжилтийг будгаар бөглөдөг. Ингээд бөглөчихөөр арьс амьсгалахын тулд нүхжилт нь томорч эхэлдэг. Энэ нь цэвэрлэгээ дутуу байна гэсэн үг. Тиймээс нүхжилт ихтэй хүмүүс сойтгоор цэвэрлэх хэрэгтэй. Нүүрний будагтайгаар унтаж байхад тос ихээр ялгардаг. Эргээд арьсны нүхийг томруулна. Мөн арьс шөнөжингөө ажиллавал чийгшилгүй болж, өнгө зүсээ алддаг. Үүнээс гадна нүүрний будаг нь найрлагандаа химийн бодис агуулж байдаг. Будганд байгаа химийн найрлага нь арьсны дархлааг сулруулдаг. Ингэснээр арьсны хөгшрөлт явагддаг.
 
-Батгаа шахах нь зөв үү? 
-Батгаа мэргэжлийн хүнээр шахуулах нь илүү үр дүнтэй. Тосны булцуу дотор тосны үлдэгдэл, нян бактер ороод батга үүсдэг. Өөрөөр хэлбэл, батга гэдэг нь тос, нян бактер холилдоод үрэвсэл үүсэхийг хэлж байгаа юм. Хүмүүс батгаа шахахад ногоон идээ гарахыг хараад болчихлоо гэж боддог. Гэтэл идээний тал нь наашаа гарч, үлдсэн хэсэг нь дотогшоо эрүүл эдрүү задардаг. Цаана үлдсэн хэсэг нь арьсны эдийг үхжүүлнэ. Үүнээс сорви үүсдэг. Ер нь сорвигүйгээр батгаа шахна гэвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
 
-Охид, бүсгүйчүүд нүүрний арьсаа арчлахдаа юун дээр ихэвчлэн алддаг вэ? 
-Хүмүүс салфеткан маск маш их тавьдаг. Маскны эссенц нь арьсны нүхийг бөглөдөг. Гэтэл маскаа тавиад унтчихдаг. Угаадаг, шингээдэг маск гэж тусдаа байдаг. Ихэвчлэн маскаа тавьж дуусаад нүүрээ угаадаг байх ёстой. Масктайгаа унтахаар арьсны нүх бөглөрч, нүхжилтүүд илүү нэмэгддэг.
 
-Хамгийн сүүлд нь охид, бүсгүйддээ хандаж юу гэж зөвлөх вэ? 
-Өсвөр насны хүүхдүүд нүүрээ маш сайн цэвэрлэж сургах хэрэгтэй. Мөн арьсны балансыг тогтворжуулах шаардлагатай. Дунд эргэм насны буюу 20-30 насны эмэгтэйчүүд хуурайшилт, сэвх, нөсөө толбо, өнгөц үрчлээний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнээс дээш насныханд колаген дутагддаг учраас колаген нөхөж байх шаардлагатай. Хамгийн сүүлд нь стресстэхгүй байх талаас маш сайн анхаарах хэрэгтэй. Арьсаа арчлаад байгаа хэрнээ стресстээд байвал хүний арьс гэрэлтэхгүй. Тэгэхээр сайн утаж амар. Шингэн зүйл сайн уу. Дотор эрхтнээ эрүүлжүүл.
 
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
 
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонинскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан