Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр "АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авна. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хандивлаж буй нь энэ юм. Анх гуравдугаар сарын 12-нд "АстраЗенека" вакцины 14400 тун, гуравдугаар сарын 24-нд "Файзер" вакцины 25740 тунг хандивласан.
Монгол Улсын Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас "ВероСелл" вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс "ВероСелл" вакцины 300 мянган тунг хүлээн авсан. Одоо Хятадаас "ВероСелл" вакцины 600 мянган тун мөн ОХУ-аас "Спутник V" вакцины нэг сая тунг авахаар ажиллаж байгаа юм.