Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан "Спутник V" вакциныг COVAX хөтөлбөрт оролцуулах хүсэлт гаргажээ. Энэ талаар тус сангийн захирал хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
COVAX хөтөлбөрт дэлхийн 190 орон оролцож байгаа юм. Хөтөлбөрийн нөхцлийн дагуу өндөр орлоготой орнууд орлого багатай орнуудад зориулан вакцин худалдан авах төлбөрийг төлдөг аж. Төлөвлөгөөний дагуу, 2021 оны эцэс гэхэд коронавирусээс сэргийлэх вакцины хоёр тэрбум тунг дэлхий даяар жигд хуваарилсан байх гэнэ.
"Спутник V" вакциныг Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төв боловсруулан, 2020 оны наймдугаар сард Орост албан ёсоор бүртгэсэн юм. Анагаах ухааны Lancet сэтгүүлийн мэдээлснээр, коронавирусээс сэргийлэх энэ вакцины үр дүн 91,6 хувьтай аж. Одоогийн байдлаар Беларусь, Аргентин, Венесуэл, АНЭУ, Египет, Казахстан, Монгол зэрэг дэлхийн 55 орон энэ вакциныг бүртгэсэн бөгөөд ингэснээр "Спутник V" вакцин "АстраЗенека"-ы араас хамгийн олон оронд бүртгэгдсэн вакцинд тооцогдож байгаа юм.