Манай Улс коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар 30446 хүнд AstraZeneca вакцины эхний тунг хийгээд байна. Энэ нь хангалтгүй тоо, вакцинжуулалтын ажил удаашралтай байна гэдгийг олон нийтийн зүгээс илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар болон вакцинтай холбоотой бусад цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар хэдэн салбарын хэчнээн хүнийг вакцинжуулалтад хамруулсан бэ. Вакцинжуулалтын ажил удаашралтай байна гэсэн шүүмжлэл их байна?
-Бид өдөрт 10-15 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөнийхөө дагуу вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулаад явж байна. Гуравдугаар сарын 9-ны өдрийн байдлаар, 30446 хүнд AstraZeneca вакцины эхний тунг хийгээд байна. Үүний 47.1 хувийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын эмч ажилтнууд, 16.6 хувийг хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа цагдаа онцгой, хил хамгаалах, мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид, 11.3 хувь нь үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай ААН байгууллагын ажилтан албан хаагчид эзэлж байна.
-Вакцинд хамрагдсан хүмүүст хариу урвал, хүндрэл гарч байгаа юу. Иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлснээс хойш ноцтой урвал, хүндрэл гараагүй. Харин дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 48.8 хувьд нь тухайн газар өвдөх, хөндүүрлэх шинж тэмдэг илэрч байна. Энэ бол вакцины зааварт тусгагдсан хариу урвал. Хэрэв танд хариу урвал илэрвэл, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг хийлгэнэ. Мөн вакцин хийлгэсэн хүмүүс даарч болохгүй гэдгийг анхаарах шаардлагатай.
-Вакцинд хамрагдвал халдвар авахгүй гэсэн ойлголт иргэдийн дунд их байна. Үүн дээр тодорхой мэдээллийг өгөөч?
-Вакцин хийлгэснээр халдвараас шууд хамгаалагдаж байна гэсэн үг биш. Цар тахлын эсрэг энэ вакцин нь хоёр удаагийн тунгаар дархлаажуулж байгаа бөгөөд бүрэн тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна вакцин таныг 100 хувь хамгаалахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, дагаж мөрдөх нь хамгийн чухал.
-Иргэд хийлгэх вакцинаа өөрөө сонгох боломжтой юу?
-Одоогийн байдлаар зөвшөөрөгдсөн вакцинаараа зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулах ажлыг есөн дүүрэг зохион байгуулж байна. Цаашдаа вакцины хангамж хангалттай хэмжээнд очсон тохиолдолд иргэдэд сонгох эрхийг олгох боломжтой.
-Хөхүүл эмэгтэйчүүд вакцинд хамрагдах уу?
-Зарим вакцинууд хөхүүл эмэгтэйчүүдэд хориглох заалттай байдаг. Манайд хийгдэж байгаа AstraZeneca вакциныг хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно. Харин жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэж болохгүй.