ЭМЯ-аас хүргэдэг ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр “2020-2021 оны томуугийн улирлыг угтуулж, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар хамруулахаар 509500 тун вакциныг хүлээн авсан. Бид дархлаажуулалтыг 580 гаруй нэгжээр дамжуулан сум, өрхийн эмнэлгүүдэд дээрх ажлыг зохион байгууллаа. Дархлаажуулалтын явц 2020.10.25-ны байдлаар нийтдээ 442 мянган хүн хамрагдсан байна. Энэ нь нийт хамрагдалт улсын хэмжээнд 90 хувьтай байгаа үзүүлэлт юм. Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Завхан, Булган аймгуудад улирлын томуугийн вакцинжуулалт дууссан. Нийлүүлэгдсэн вакцины 70 гаруй хувийг томуугийн өвчлөлд хамгийн өртөмхий байдаг бага насны хүүхдүүдэд хуваарилсан. Вакцинд хамрагдсан хүмүүс вакцинжуулалтын дараах урвал хөндөлтийн тандалтын тогтолцоог улсын хэмжээнд идэвхтэй ажилладаг. Энэ тогтолцоогоор вакцинд хамрагдсан хүнд ямар хариу урвал илэрч байгааг тандан судалдаг байгаа.
Улирлын томуугийн вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд дархлаажуулалтын урвал хүндрэлийн идэвхтэй тандалтыг хийхэд вакцинд хамрагдсан хүмүүст ноцтой хүнд урвал , хүндрэл бүртгэгдээгүй. Хэсэг газрын урвал буву вакцин хийлгэсэн хүний 5-15 хувьд нь илэрдэг урвал илэрсэн байна. Энэ нь вакцинд хамрагдсан 442 мянган хүний гуравд нь хэсэг газрын урвал буюу тарьсан хэсэг газарт нь хавдаж, улайж, өвдөх урвал илэрсэн байна. Хоёр хүнд вакцин хийсний дараа халуурсан гэдэг мэдээ ирүүлсэн. Эдгээр илэрч байгаа урвал нь вакцины зааварт тусгагдсан илрэх ёстой урвалын түвшингээс бага мэдээлэгдсэн байна. Вакцинд хамрагдсаны дараа урвал хүндрэл үүсч байна гэдэг нь ташаа мэдээлэл юм” хэмээлээ.