ЭМЯ: Томуугийн вакцинд бага насны хүүхдүүдийг үнэгүй хамруулна

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан манай улс жил бүрийн аравдугаар сарын эхний 10 хоногт “Дархлаажуулалтын үндэсний өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дэлхий даяар “COVID-19” цар тахал дэгдсэн өвөрмөц онцлогтой жил учраас манай улс дархлаажуулах аяныг “Томуугаас сэргийлье” уриан дор тэмдэглэж байна.  Иймд та бидний нэрлэдэг “Ханиадны эсрэг вакцин” буюу томуугийн вакцин түүний ач холбогдлын талаар иргэд сайн, муу янз бүрийн ойлголттой байгаа учраас эмч, мэргэжилтнүүд энэ вакциныг хэрхэн тайлбарласан талаарх мэдээллийг хүргэж байна.  Энэ мэдээлэл нь таныг сошиал орчинд хөвөрч буй элдэв мэдээлэлд итгэхээс илүү эрүүл мэндийн мэдлэгийг тань тэлж,  эргэлзээг тань тайлна гэдэгт итгэж байна. 
 
МАНАЙ УЛСАД  ЖИЛД 250-300 МЯНГАН ХҮН ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨР ӨВДДӨГ 
Манай улсын хувьд,  хичээлийн шинэ жил эхлэх үеэр  ханиад, томуугийн өвчлөл намжмал хэлбэртэй байдаг. Харин аравдугаар сарын сүүлчээс ихэнх нутгаар сэрүүсдэг учраас ханиад томуу, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа, боловсролын байгууллагууд ачаалалтай ажилладгаас болж бага насныхан, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд ханиад, томуугаар өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар  “Томуугийн вакцин” тойрсон дараах мэдээллээс сонирхоорой. 
 
ЭМЯ-НЫ  ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: ВАКЦИНЫ ДАРХЛАА ТОГТООХ ХУГАЦАА ТАВАН САР БАЙДАГ 
 
-Манай орны хувьд томуу, томуу төст өвчин улирлын чанартай, элбэг гардаг өвчин. Томуу нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг, нэлээд хүндрэл үүсгэдэг өвчин. Ялангуяа, дархлаа султай, бага насны хүүхэд, 0-5 насныхан, ахмад настнууд тэр дундаа 65-аас дээш насны хүмүүст хүндрэл өгдөг. Сүүлийн гурван жилийн судалгаанаас үзэхэд, 1.4 сая хүн томуу томуу төст өвчнөөр өвдсөн байна. Үүнээс үзэхэд манайд жилд 250-300 мянган хүн энэ өвчнөөр өвддөг. Эдгээрээс 170-200 гаруй хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Тэгэхээр томуу, томуу төст өвчин нь зүгээр нэг тусаад эдгэчихдэг өвчин биш гэдэг нь энэ тооноос тодорхой харагдаж байна. Тиймээс томуугийн өвчлөл хүндрэхээс сэргийлж, дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй.
 
Томуугийн вакциныг жил бүр хийлгэх шаардлагатай. Дархлаа тогтоох хугацаа таван сар байдаг. Жил бүр томуугийн вирус үүсгэгч нь өөр өөр байдаг учраас ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өөр өөр вакциныг хийдэг. ЭМЯ, Засгийн газраас томуугийн өвчлөлд хамгийн их өртдөг бага насны хүүхдүүд, 0-5, 5-9 хүртэлх насныхан, зорилтот бүлгийн хүмүүсийг хамгийн түрүүнд дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд энэ сарын 1-нээс эхлэн “Томуугаас сэргийлье” уриан дор томуугийн вакцины дархлаажуулалтыг хийж байна. Ингэхдээ хүн ам шигүү сууршсан, амьсгалын замын халдвар амархан тархах эрсдэлтэй нийслэлд зургаан сартайгаас ес хүртэлх насны хүүхдүүдийг дархлаажуулна. 
 
Аймгийн төвд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулж байна. Ингэхдээ иргэдээс төлбөр авахгүй ч вакцинжуулалтын зардлыг Засгийн газраас дааж байгааг хэлэх хэрэгтэй.
 
НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс чанарын шаардлага хангасан гурван цэнт вакциныг “Дархлаажуулалтын 10 хоног”-т хэрэглэж байгаа гэдгийг онцлон хэлье. 
 
НЭМҮТ-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛБАНЫ ДАРГА С.ГЭРЭЛМАА: ТОМУУГИЙН ВАКЦИН ТАНЫГ ОЛОН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛНА 
-Бага насны хүүхдүүдийн дийлэнх  нь сургууль, цэцэрлэгт явдаг. Гэтэл томуу, томуу төст өвчнөөр өвдсөнөөр тухайн айлын аав, ээж хоёрын аль нэг нь ажлаасаа чөлөө авах болдог. Мэдээж цалингүй чөлөө авах нь аль ч айл өрхөд эдийн засгийн хүндрэл учруулдаг. Мөн томуугийн эсрэг эм нь өндөр өртөгтэй. Нэг гэр бүлд 300-500 мянган төгрөгийн санхүүгийн хүндрэл учирдаг. Энэ тооцоо судалгааг ХӨСҮТ, АНУ-ын Халдварт өвчин судлалын төвтэй хамтран гаргасан байгаа. Эдгээр хүүхдүүдийн 74 хүртэлх хувь буюу дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 1700 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн байна. 
 
Хүүхдүүдэд зарцуулсан эмчилгээний зардлыг харахад 15.6 тэрбум төгрөгийг улсаас зарцуулсан байна. Тэгэхээр томуу, томуу төст өвчнөөс үүдэн нэг айлд болон улс оронд их хэмжээний зардал гардаг нь харагдаж байна.Тиймээс томуугийн өвчлөл хүндрэхээс сэргийлж дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. 
 
Томуугийн вакцин бол  өвчлөлийг бууруулахад чиглэсэн хамгийн шилдэг арга юм. Вакциныг хийлгэснээр та хүүхдээ халдварт өвчний олон эрсдэлээс хамгаалж чадна.
 
 
Б.ТуулЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан