Н.Сувдмаа: Томуугийн эсрэг дархлаажуулалтад сайн дураараа хамрагдахдаа заавал эмчид үзүүлнэ

  "Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм.
Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам өчигдөр хүлээн билээ. Вакцин хийлгэснээс хойш дунджаар 14 хоногийн дараагаар дархлаа тогтдог аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. 
-Томуугийн эсрэг вакциныг ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж хийх гэж байна. Нэн түрүүнд эрсдэлт бүлгийн хүн амд хийнэ гэхээр яг ямар, ямар хүмүүс хамрагдах вэ?
-Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг аравдугаар сард хийх нь маш тохиромжтой гэж үздэг. Учир нь томуугийн вирус эргэлтэд ороогүй, иргэдийн дунд ханиад тархаагүй байдаг. Тиймээс яг энэ цаг үед хийх нь тохиромжтой. Нэн түрүүнд 6 сартайгаас 9 настай хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настнууд, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүсийг хамруулна. Мөн олон нийттэй харьцдаг байгууллагын ажилтнууд, багш нар, хууль хяналтын байгууллагынхан хамрагдана. 
-Сайн дураараа хамрагдах боломжтой юу? 
-Боломжтой. Эмчид үзүүлээд, вакцин хийж болно гэвэл төлбөрөө төлөөд хамрагдана. Улирлын томуугийн эсрэг вакциныг жил бүр зохион байгуулагддаг. 
-Томуугийн вакциныг сургууль, цэцэрлэгт бас хийдэг. Ингэхдээ эцэг, эхчүүдээс зөвшөөрөл авах уу? 
-Авалгүй яахав. Эцэг, эх нь зөвшөөрсөний дагуу дархлаажуулалтад хамруулна. Мөн мэргэжлийн үзлэгийн эмчид заавал үзүүлж байж хамрагдана. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан