Хөдөлмөрийн чадвар алдахад хүргэх тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал гэв

 

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр ирэх сарын 10-нд тохиох юм. Эл өдрийг угтан СЭМҮТ болон Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос хамтран сэтгүүлчдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл өглөө. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд бие, махбодынхоос гадна сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг ихэд анхаарах болсон.

Дэлхий дахинд насанд хүрсэн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч байна. 2005 онд нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол үүнээс 15 жилийн дараа буюу 2020 он гэхэд 15 хувь болж нэмэгджээ. Харин манай улсад хамгийн сүүлд буюу 2013 онд хийсэн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ тухайд СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн албаны дэд захирал, доктор Н.Алтанзул “Манай улсад амиа хорлолтын шалтгаан, нөхцөлийг тодруулах судалгаа байхгүй. Амиа хорлолтын бүртгэл, мэдээллийн систем хөгжөөгүй учраас цагдаа болон эрүүл мэндийн байгууллагын дүн мэдээнүүд хоорондоо зөрсөөр байна. Тиймээс сэтгэцийн асуудлаас шалтгаалсан амиа хорлолтыг бүртгэх, мэдээлэхээс эхлүүлэн бидэнд олон асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ авах шаардлага үүссэн” хэмээн ярьсан. Мөн тэрбээр хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг. Үүн дотроо сэтгэл гутрал нь бүх насныхны өвчлөл, хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг дуулгав.

Түүнчлэн согтууруулах ундааны хэрэглээ 200 гаруй өвчин, эмгэг, гэмтлийн шалтгаан болж буй аж. Тухайлбал, архи, согтууруулах ундаа нь дэлхийд нийт нас баралтын 5.3 хувийг эзэлдэг байна. Ялангуяа 20-39 насныхны нас баралтын 13.5 хувь нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй ажээ. Мөн тамхины улмаас дөрвөн секунд тутамд нэг хүн хорвоог орхидог гэх статистик бий. Түүнчлэн 15-29 насныхны нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт амиа хорлолт бичигдсэн байна. Үүнд сэтгэл гутрал, түгшилт, зан үйлийн эмгэг нөлөөлж буйг судалгаагаар тогтоожээ. Амиа хорлох бодол, хүсэл нь маш хүчтэй мэдрэмж төрүүлдэг тул үүнийгээ хэн нэгэнд хуваалцсанаар “дарангуйлах” боломжтойг сэтгэцийн эмч нар хэлэв. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарын утсанд хандаж, сэтгэл зүйн зөвлөгөө авч болох нь.

Ч.Туяа

https://www.unuudur.mn/a/277651

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан