Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ долоо хоногийн байдлаар нийт амбулаторийн үзлэгийн 2,1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Тиймээс эмнэлгийн байгууллагууд болон ард иргэд томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан бэлэн байдлаа хангах хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.
Мөн тэрбээр цааш ярихдаа "Томуугийн тандалт судалгаагаар томуугийн шинжтэй амьсгалын замын цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдээс авсан 40 гаруй сорьцод томуугийн вирус илрээгүй. Харин амьсгалын замын цочмог хүнд халдвар үүсгэдэг реновирус 2,5 хувьд нь илэрсэн" гэв.
Манай улсад томуу, томуу төст өвчний үзлэг өмнөх долоо хоногоос 0,5 хувиар багассан байна. Гэвч сүүлийн гурван жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулбал бага зэрэг өсжээ.