Эдгэрсэн хүмүүсийн цуснаас коронавирусний эсрэг биет гурван сарын дараа алга болж байгааг тогтоожээ

ТОРОНТО. /TASS/. Канадын эмч нар шинэ төрлийн коронавирусний эсрэг биетүүд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн цус, биеэс эдгэрснээс нь хойш гурван сар орчмын дараа алга болж эхэлдэг болохыг тогтоожээ. Тэдний ажиглалтын үр дүнг “Blood” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.“Одоогийн байдлаар “COVID-19”-ийн эмчилгээнд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг ашиглах эмнэлзүйн олон туршилт хийгдэж байна. Хамгийн их хэмжээний эсрэг биет авахын тулд ямар үед цус цуглуулах хэрэгтэй вэ гэдэг асуудал үүссэн. Бидний ажиглалт эсрэг биетүүд мөнх биш болохыг харуулж байна. Хэрэв та “COVID-19”-өөс эдгэрч, туслахыг хүсэж байгаа бол аль болох эрт цусаа өгөх хэрэгтэй” гэж судалгааг явуулсан эрдэмтдийн нэг болох Канадын Гема-Квебекийн Цусны төвийн эмч Рене Базен ярьжээ.
 
Хүний бие “COVID-19”-ийн дархлааг удаан хугацаанд бий болгож чадах эсэхийг эрдэмтэд, олон нийт коронавирусний халдвар тархаж эхэлсэн цагаас ярилцсаар байгаа билээ. Энэ асуултын хариулт нь вакцинжуулалтын стратегийг тодорхойлох, хүн төрөлхтөн “SARS-CoV-2”-ийн сүргийн дархлаатай болох эсэхийг зөв үнэлэхэд маш чухал юм.
 
Европын хэд хэдэн оронд явуулсан ийм төрлийн анхны урт хугацааны ажиглалтаар сүргийн дархлаа байгалийн жамаар бий болох боломжгүйг харуулжээ. Түүнчлэн Харвардын их сургуулийн эрдэмтэд коронавирус нь удаан хугацаанд “SARS-CoV-2”-ийн эсрэг биет үүсгэж чадах эсүүд үүсэн бий болоход саад учруулдаг болохыг саяхан тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор эмч, биологич нар халдвараас эдгэрсэн хүмүүсийн биеэс эсрэг биет хэр хурдан алга болж эхэлдгийг идэвхтэй судалж эхэлсэн байна.
 
Түр дархлаа 
Базен болон түүний хамт ажиллагсад коронавирусний халдвараас эдгэрсэн өвчтөнүүдийн цусны дээжийг судлах явцдаа энэ асуултын хариултыг олжээ. Цусны сорьцуудыг “SARS-CoV-2”-ийн эсрэг биет бүхий цусны сийвэнгээр “COVID-19”-ийг эмчлэх туршилтуудын хүрээнд ашиглаж байсан байна. Эрдэмтэд цусны сорьцыг долоо хоног бүр 15 сайн дурынхнаас цуглуулж, эсрэг биетийн агууламж хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглажээ.
 
“COVID-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн биед эсрэг биетийн концентрац халдвар авснаас нь хойш 88 орчим хоногийн дараа буурч эхэлсэн байна. Дараагийн гурван долоо хоногт ойролцоогоор хоёр дахин буурсан бол 3-4 орчим сарын дараа “SARS-CoV-2”-ийн эсрэг биетүүд халдвараас эдгэрсэн өвчтөнүүдийн биеэс бараг бүрэн алга болжээ.
 
Үүний зэрэгцээ эрдэмтэд өөрсдийнх нь дүгнэлт зөвхөн эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеттэй холбоотой болохыг онцлон тэмдэглэсэн байна. Вакцин хийлгэх үед дархлааны хариу урвал огт өөр хэлбэрээр үүсдэг аж. Одоогоор эмч, биологич нарт вакцин хийлгэсний дараа коронавирусний дархлаа өвчилсний дараах шиг тийм хурдан алга болдог гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй байна.
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан