Дэлхийн хүн ам хурдацтай нэмэгдэхийн хирээр төрөлтийн тоо жил бүр нэмэгдэж байна. Жилд ойролцоогоор 133 сая нярай төрж байгаагаас 7,9 сая нярай нь төрөлхийн хөгжлийн гажигтай төрж байна. Ургийн төрөлхийн гажгийн тархалт дэлхийд ойролцоогоор 3-7% байдаг бөгөөд арьс өнгө яс үндэс угсаатан газар зүйн онцолгоос хамааран харилцан адилгүй байна. Дэлхийд ургийн хөгжлийн гажиг 33 төрөлт тутамд нэг тохиолдож жил бүр төрөлхийн гажгийн улмаас 303000 нярай эхний долоо хоногтоо нас барж байгаа нь нэлээд анхаарал татсан асуудал болоод байгаа юм.
Европын Холбооны Улсуудын "Ургийн төрөлхийн хөгжлийн гажгийг судлах тандалт судалгааны алба" 2003-2010 оны хооронд дэлхийн 22 улсад төрсөн 1,5 сая нярайд тандалт судалгаа хийхэд 1000 амьд төрсөн нярайн 23,9 нь төрөлхийн гажигтай төрсөн байна. Эдгээр хүүхдийн 80% нь амьдарч, 2,5% нь амьдралын эхний долоо хоногт эндсэн байна.
Мөн энэхүү тайлангаас харахад 2017 оны байдлаар төрөлхийн гажгийн тохиолдол 10.000 төрөлтөнд Франц 95, Испани 93, Украин 53, ИБУИНВУ 50, Итали 43, Португали улсад 34 ба Европын дундаж тархалт 48 байна.
Ургийн хөгжлийн гажгийн байдал манай улсад
Манай улсад төрөлхийн хөгжлийн гажгийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна.
2005 онд хийгдсэн АУ-ны доктор Ө.Оюунчимэгийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод 1990-1999 онд төрсөн нийт нярайд ургийн төрөлхийн хөгжлийн гажиг 1000 амьд төрөлтөнд 1.48, 2000-2004 онд 2.15 болж нэмэгдсэн байна. ЭХЭМҮТ-н 2016 оны тайланд ургийн төрөлхийн гажгийн тохиолдол 1000 амьд төрөлтөнд 6,5 ЭМХТ-н 2017 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд 5,8 байсан байна.
Манай улсад төрөлхийн гажиг жирэмсний ямар хугацаанд оношлогдож байгаа талаар 2008 онд АШУ-ны доктор Т.Эрхэмбаатарын судалгаанаас харахад харьцангуй хожуу үедээ дийлэнхи нь оношлогдсон байна. Энэ судалгаанаас харахад ургийн төрөлхийн гажиг 33-39 долоо хоногтойд 38%, 29-32 долоо хоногтойд 27%, 22-28 долоо хоногтойд 20%, харин 13-21 долоо хоногтойд 15% нь хэт авиагаар оношлогдсон байна. Ийм хожуу хугацаанд ургийн төрөлхийн гажиг оношлогдох нь амьдралд үл нийцэх гажиг болон төрөлхийн болон удамшлын гажигтай ургийн төрөлтийн давтамжийг нэмэгдүүлээд байгаа юм.
Сүүлийн 5 жилд (2014-1018) тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд нярай үед үүссэн (перинатал) эмгэг 44.2% эзэлж байгаагаас амьсгалын тогтолцооны өвчин 13.4%, осол гэмтэл 13.3%, нярайн эндэгдэлд амьсгалын гачаал 33.9%, тархины хүчилтөрөгчийн дутмагшил 24.0%, төрөлхийн гажиг 11.6%-г эзэлж байна.
Ургийн төрөлхийн гажиг нярайн эндэгдлийн эхний 5 байранд 11.6%-г эзэлж орж ирлээ. Энэ бүгд маань ПЕРИНАТАЛ ОНОШЛОГООГ сайжруулах ПЕРИНАТАЛ ОНОШЛОГООНЫ ТӨВ зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийлж байгаа юм. Мөн жирэмсний хяналтанд ороогүй эхийн хүүхэд хяналтанд орсон эхийн хүүхдээс 13.6 дахин их эндэх эрсдэлтэй болох нь судалгаагаар тогтоогдлоо. ( АШУҮИС эрдмийн зэрэг горилох бүтээл Магистрын ажил ЭХЭМҮТ ЭШХ 2020.09.14. Номиндэлгэр нарын судалгаа)