Цар тахлын цаадах монголчууд


Дэлхийн нийтийг түгшээж буй коронавирусийн халдварын үед манай улсын холбогдох албаныхан сайн ажиллаж байна гэх хүн олон. Харин хилийн цаана гацсан монголчууд “Хилээ нээ, хэт сүржигнэж байна. Тусгаарлалтын хоног олон байна. Бид тусгаарлагдах байр, нисэх онгоцоо хүртэл олсон байхад УОК хүлээн зөвшөөрөөгүй. Тусгай нислэгийн зардал иргэдийг туйлдуулж байна” хэмээн бухимдацгааж байна. Мөн тусгаарлах байрны зардал, хоол хүнсийг ч шүүмжилдэг. Тэгвэл бид коронавирусийн халдварын үед УОК хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн хувьд асуудал юу буйг тодруулж, дараах мэдээллийг бэлтгэлээ. 

“ХҮҮХЭД МААНЬ АМИА ХОРЛОНО ГЭСЭН”

Гадаадад гацаад байгаа үр хүүхэд, эцэг, эхээ авчрахын тулд Монголд байгаа ар гэрийнхэн нь  УОК-т хандан, өргөдөл гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын үүдэнд нүдэндээ нулимстай, горьдлого тээн хүлээж байна. Тэдний зарим төлөөллийн ярилцлагыг хүргэе. 
БНСУ-руу сурахаар явсан 19 настай хүүгийн ээж О.Болормаа “Хүү маань 2019 оноос Солонгос Улсад сурч байгаа. Сургууль нь хөл хорио тогтоосон учир бид өнгөрсөн гуравдугаар сараас УОК-т Монгол ирэх хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар тав дахь удаагаа өргөдөл өгч байна. Солонгост суугаа ЭСЯ-д дөрөвдүгээр сараас хойш и-мэйлээр өргөдөл өгсөн. Тэгээд дөрөвдүгээр сард өргөдөл өгсөн хүмүүсийн бүртгэлд багтаагүй хэрнээ зургадугаар сарын 23-нд өгсөн и-мэйл хаягт нь бүртгэж авлаа гэсэн хариу ирсэн. 
Тэгээд долдугаар сарын 10-нд Монгол Улсаас Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамнаас өргөдөл өгсөн хүмүүсээ жагсаасан юм. Тэгэхэд 1898-т жагссан боловч түүнээс хойш хоёр, гурван онгоц нисч байхад багаар бодоход 500 хүн хасагдмаар. Гэтэл ЭСЯ-наас гаргасан сүүлчийн жагсаалтад 1911 рүү хойшилсон байна билээ. Энэ асуудлыг би гайхаж байна. Манай хүү одоо 19 настай. Эхлээд хэлний бэлтгэл явсан ч өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад тэнд очоод өвдсөн. Ингээд дөрөвдүгээр сараас хойш сургууль, дотуур байрнаасаа гарчихсан байгаа. Одоо Сөүлд айлын хажуу өрөө түрээслэж амьдарч байна. Дөрөвдүгээр сараас хойш хүлээсэн учир сэтгэл санааны маш хүнд байдалд байна. Аргаа барахдаа над руу “Би гэртээ харимаар байна.
Та нар машинаа зарна уу., надад хамаагүй. Зүгээр намайг эндээс ав. Би амиа хорломоор байна” гэсэн зурвас явуулсан” гэлээ.  Тэрбээр хүүгийнхээ амьжиргааны зардлыг Монголоос явуулж байгаа бөгөөд энэ талаараа “Байдгаараа чармайж хоёр сая гаруй төгрөг явууллаа. Тэр чинь Солонгост очоод сая вон ч хүрэхгүй. Монгол мөнгөөр бодоход нэг вон  2.42 төгрөг болно. Түрээсийн өрөөний зардал нь багаар бодоход 350 вон болж байгаа. Дээрээс нь иднэ, ууна. Мөн өөрийнх нь гар, хөл өвдөөд, биен дээр нь тууралт гарч байгаа учраас ажил хийж чадахгүй байна. Мөн цаг агаар хэт халуун байгаа. Тэгэхээр юм юмандаа зохицож чадахгүй, буцаж ирэхийг дөрвөн сар хүлээлээ. Одоо бол өөрөө “Би Монгол Улсын иргэн биш” гэж байна. Намайг дөрөвдүгээр сард өргөдөл өгөхөөр ирэхэд “Бид оюутан хүүхдүүдээ хамгийн түрүүнд авна. Эд нар сэтгэл санааны хувьд хүнд байгаа” гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ авахгүй байна” хэмээв. 

“БИД ТА ХОЁРЫН НЭРИЙГ ЯВУУЛСАН. МОНГОЛООС ХАСААД БАЙНА”

Австрали Улс руу нэгдүгээр сард аяллын зорилгоор явсан бага насны хүүхэдтэй охиноо авчруулахаар, удаа дараа өргөдөл гаргаж, УОК-ын шийдвэрийг хүлээж буй иргэн Т.Бямбацогт “Миний охин, нялх хүүхэдтэйгээ хамт нэгдүгээр сард Австрали Улс руу аяллын визээр яваад тэндээ гацсан. Визнийх нь хугацаа дууссан. Хоёр улс ч хилээ хаалаа. Хүүхэд нь одоо нэг ой хүрч байна. Би УОК-т гуравдугаар сарын 15-наас хойш өргөдөл өгсөн. Долдугаар сард нислэгийн хуваарийн өмнө болон дөнгөж сая дахин өргөдлөө өглөө. Хүүхэд нь нялх хүүхдийн товлолт вакцинууддаа хамрагдаж чадахгүй байна. Тэндээ эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүй. Эхэндээ айлын хажуу өрөө түрээслэж байтал, түрээсийн хугацаа нь дууссан. Зургадугаар сарын 8-ны шууд нислэгт багтаагүй.
Тэнд байгаа элчин нь охинд “Бид та хоёрын нэрийг хамгийн түрүүнд явуулсан. Монголоос хасаад байна” гээд байдаг. Энд болохоор уулзах хүн байхгүй. Тэгээд лавлах руу ярьдаг. Лавлах нь “Манайхаас нэрийг нь явуулсан. Тэнд байгаа Консулаас нь хассан байна” гэдэг. Ингээд хэн нь худал хэлээд байгаа нь мэдэгддэггүй. Дөрвөн сарын турш өргөдөл өгөөд хариу ирээгүй. Үүдэнд суугаа жижүүрт нь өргөдлөө өгөөд л байлаа. Тэгсэн чинь би УОК-ийн шуурхай штабт ажилладаг хүн биш гэж байна. Бидний өргөдөл хаана, хэнд очиж байгаа нь тодорхойгүй. Ой хүрч байгаа хүүхэд, хүүхэн хоёр ч нислэгт багтаж чадсангүй, гудамжинд гарлаа. Тэндхийн элчин  охиныг дараагийн нислэгээр ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад багтаагүй гэж хэлсэн байна лээ. Охин маань Австралийн ЭСЯ-ны үүдэнд, би Онцгой байдлын ерөнхий газар суухаас өөр үр дүн алга” гэлээ.

“УОК-ЫН ХААЛГЫГ ДӨРВӨН САР САХИЛАА. ХҮНД ӨВЧТЭЙ ААВ МААНЬ ИРЖ ЧАДААГҮЙ”

Эрүүл мэндийн шалтгаантай, өндөр настай аав, ээжийгээ авчруулахаар өргөдөл гаргасан П.Энхболд “Аав, ээж маань нэгдүгээр сарын 26-нд дүү нар дээрээ очихоор, аяллын визээр ниссэн. Ингээд хоёрдугаар сарын 27-нд Монголд ирэх ёстой байсан юм. Гэтэл нислэгийн тасалбарыг хоёрдугаар сарын 25-наар таслаад, өвчин гарсантай холбоотойгоор хилээ хаасан. Тэрнээс хойш ирж чадахгүй зургаан сар боллоо. Гуравдугаар сард ЭСЯ руу утасдаад, нэрээ бичүүлье гэхээр “Нэр бичихгүй байгаа” гэнэ. Тэгээд гуравдугаар сарын сүүлчээр гурван удаа холбогдож байж нэрээ бичүүлсэн.
Тэрнээс хойш, би дөрөвдүгээр сарын 29-нд УОК-т өргөдөл өгсөн. УОК-ын хаалгыг дөрвөн сар сахилаа. Хүнд өвчтэй аав маань ирж чадаагүй. Мөн зургадугаар сард аав маань Солонгос Улсад суугаа ЭСЯ-нд хоёр удаа өргөдөл бичиж өгсөн. Ядах нь ээ аавыгаа эхлээд эх оронд авчирмаар байна. Яагаад гэвэл, 2017 оны наймдугаар сарын 17-нд тархины хоргүй хавдар авахуулах, хүнд хагалгаанд орсон. Тархины хавдрынхаа 80 хувийг авахуулаад, одоо 20 хувийн үлдэгдэл нь бий. Солонгост манай Монголоос илүү халуун байгаа. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор толгой нь маш их өвдөж байна. Үүнээс улбаатайгаар зүрх нь өвдөж, даралт нь ихэссэн. Хоёрдугаарт, санхүүгийн байдал хүндэрлээ. Мөн манай дүү 13 настай. Аав, ээжийгээ санаад, гэрээсээ гарахаа больсон” гэв.

“ОНГОЦОНД СУУХ ИРГЭДИЙН НЭРИЙГ ИЛ БОЛГОНО”

УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Шуурхай штабаас татан авалт, тэр тусмаа нэрстэй холбоотой асуудалд зарим өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, долдугаар сарын 20-ноос Солонгос болон Японы татан авалт, дараагийн гурван удаагийн татан авалт, дөрөв дэх удаагийн татан авалтын нэрсийг ГХЯ-ны Консулын газраар дамжуулаад, тухайн оронд сууж байгаа Элчин сайдын яам, консулын газрынхан ард иргэддээ хүсэлтээ гаргасан хүмүүсийн нэрсийг ил болгосон. Тэгээд Консулынхаа газарт ил байршуулчихаад, онгоцныхоо багтаамжаар нэрсийг таслаад Монгол руу явуулж бай гэдэг ийм үүрэг чиглэлийг ГХЯ-ны Консулын газраас албан ёсоор хүргүүлсэн. Үүнийхээ хүрээнд долдугаар сарын 20, 28-ны Солонгос, 21-ний Японы бүх нэрсийг ил гаргаж тавьсан. Зайлшгүй шаардлагаар энэ татан авалтыг өмнө нь хүмүүсийн дотор үнэхээр жагсаалтад хойгуур байж байгаад гэнэт хүнд өвчтэй болсон, амьдралын ноцтой шаардлага гарсан ийм үед шуурхай штабын зүгээс тэр хүмүүст анхаарлаа хандуулж ажиллана” гэлээ. 

“ТУСГААРЛАХ БАЙР, ХООЛНЫ МӨНГӨ ӨДРИЙН 50 МЯНГАН ТӨГРӨГ. ХООЛНЫ ЧАНАР, ҮЙЛЧИЛГЭЭНД АНХААРЧ БАЙГАА”

Тусгаарлах байранд байгаа иргэд хоол, хүнсний асуудлаар гомдол гаргах болсон. Тэд “УОК-оос хоосон шөл, хүйтэн хоол өгч байна” гэдгийг зургаар баримтжуулж, цахимд орчинд байршуулж байгаа. Энэ талаар түүнээс тодруулахад “Нийслэлийн хэмжээнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг халдварын үед ажиллаж байна. Сувиллын зориулалттай гурван газрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байгаа. Харин тусгаарлах байрны зориулалтаар 25 зочид буудал ашигладаг. Мөн  шуурхай штабт хоол хүнсний холбоотой гомдлууд их ирж байгаа нь үнэн. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, хоолны үйл ажиллагаатай зөрчлийг мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгалт хийлгээд ажиллаж байгаа.
Шуурхай штабаас ажлын хэсэг гаргаад, тусгаарлах байрнуудыг түүвэрлэн хоол амталгаа зохион байгуулж ажиллах үүрэг, чиглэл өгсөн. Мөн иргэдэд өдрийн гурван удаагийн махан хоол, хөнгөн, цай, зууш олгож байна. Нэг иргэн хоол, байрны мөнгө нийлээд, өдөрт 50 мянган төлөх ёстой. Харин тусгаарлах байрны төлбөрийн хувьд бид олон нислэгийг шахуу хийж байгаа учраас иргэд байрныхаа төлбөрийг төлж амжихгүйгээр онгоцонд сууж байна. Одоогийн байдлаар тусгаарлах байранд 90 орчим сая төгрөгний төлбөр үүссэн. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг ажилтан татаж авчраад, төлбөр барагдуулах тал дээр хамтраад ажиллаж байгаа. Мөн иргэд тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг гэр барьж байгаад авах тухай санал гаргасан. УОК-ийн шуурхай штабын зүгээс энэ асуудлыг судалж үзсэн. Тусгаарлалт нь халдвар хамгааллын дэглэм сайтар сахих ёстой. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс гэрт хүлээж авах нь хүндрэлтэй гэсэн хариу өгсөн” гэв. 

ДОЛДУГААР САРД 14 УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЖЭЭ

Харин нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 28-наас хойш 14371 иргэний авто болон агаарын замаар зохион байгуулалттай татан аваад байна. Монгол Улсын Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр агаарын болон авто замын хилийг шат дараатай хаасан. Хил хаахаас өмнө, мэргэжлийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хилээр 67 мянган хүн нэвтэрсэн. Харин хил хааснаас хойш зохион байгуулалттайгаар татан авсан 14371 хүн байна. Гадаадын 44 улсаас иргэд маань ирсэн. Тэгэхээр агаарын замаар 40 удаагийн тусгай үүргийн нислэгээр, 13 чиглэлээс иргэдээ татаж авсан гэсэн үг. Татан авах ажиллагаа зургадугаар сараас огцом эрчимжсэн.
Долдугаар сард бид 11 нислэг хийхээр төлөвлөж байсан. Гэхдээ тусгаарлах байрны нөөц бололцооноос хамаараад УОК-ийн шуурхай штабын зүгээс нэмэгдүүлж, хувийн хэвшил, зочид буудлын эзэдтэй яриа хэлэлцээр хийсний үр дүнд тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлсэн. ЭСЯ гуравдугаар сараас хойш буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээж авсан. Тухайн үед 3000 орчим иргэн буцъя гэж байсан бол сүүлийн хоёр сард 10000 хүрсэн. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн авснаас хойш гадаад дахь Элчин сайдын яамдад маш тодорхой хоёр чиглэл өгсөн. Нэг нь, Монгол Улсын иргэд байгаа 55 улсын төр засагт албан ёсны хүсэлт тавьж, татан авах хүртэл хугацаанд тухайн иргэнд тулгарсан асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, иргэн бүрийн өргөдөл хүсэлтэд хариу өгч байхыг хүссэн. Мөн иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, иргэн бүрийн өргөдлийг хүлээн авч, иргэн бүртэй уулзаж, иргэдийн төлөөлөл, дуу хоолойг сонсох үүрэг өгсөн.
УОК-ийн даргаас өгсөн чиглэлийн дагуу татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэл өгсөн тул ЭСЯ хүсэлт гаргасан хүний нэрсийг Хувь хүний нууцын тухай хуульд нийцүүлээд, боломжтой түвшинд нээлттэй болгож байгаа. Боломжтой түвшинд гэдэг нь тухайн өргөдөл гаргасан иргэний овог нэр, өргөдөл өгсөн огнооны дарааллаар нийтэд ил гаргаж байгаа. Ингэснээр иргэд хэзээ дараагийн нислэгт хамрагдах боломжтой вэ гэдэг мэдээллийг авч ажил амьдралаа төлөвлөх, буцах хугацаагаа товлох ач холбогдолтой. Наймдугаар сард хийх нислэгүүдийг долдугаар сараас бууруулахгүй байх, боломжоо нэмэгдүүлэх чиглэл барьж байгаа” гэх мэдээллийг өглөө. 

“ХАХУУЛЬ АВСАН, ӨГСӨН БОЛ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ”

Мөн иргэдийн дунд “УОК-т их хэмжээний хахууль өгч, эх орондоо ирж байгаа хүмүүс байгаа. Хүнд цаг үед ядарсан иргэдийнхээ халаасыг тэмтэрч, мөнгөний төлөө ажиллаж байна” гэх хүн олон. Мөн УОК-ын ажилтнууд, гадаад улсууд дахь ЭСЯ-д, консулын газрын ажилтнууд бусдаас авлига авч, жагсаалтын доогуур байсан иргэдийг түрүүлж авчирсан гэх мэт мэдээлэл бий. Энэ дагуу АТГ хяналт шалгалт эхлүүлжээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Манай улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэд бий. Тэд “Үр хүүхэдтэйгээ уулзмаар байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг тул очмоор байна” гэх хүсэлтийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш тавьж байгаа. Бид одооноос тэдгээр иргэний хүсэлтийг ч харгалзан үзэж, нэрсийн жагсаалтад оруулж байгаа.
Авлига өгсөн, авсан гэх мэдээлэл байгаа бол холбогдох газруудад нь  шалгуулах хэрэгтэй. Энэ хүнд цаг үед хүний зовлонгоор ашиг хонжоо хайсан бол заавал шалгуулна. ГХЯ болон хилийн чанад дахь Элчин сайдууд, Консулууд энэ оны эхнээс өндөр ачаалалтай ажилласаар ирлээ. Бид хийх ёстой ажлаа л хийж байна. Иймд хэн нэгнийг түрүүлж авчрахын тулд авлига авсан Консулын ажилтан нэг ч байхгүй гэдгийг би баттай хэлнэ” гэлээ. Мөн тэрбээр “ЭСЯ-ны ажилчид тусгай үүргийн нислэгээр ирэх хүсэлт гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид зарим ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, энэ сарын 21-д ирсэн онгоцонд Японы найман иргэн ирсэн. Энэ нь ЭСЯ-ны болон шинэ нисэх онгоцны буудалд ажиллах ажилчид” гэлээ. Тэгэхээр тусгай нислэгээр манай улсын иргэнтэй гэр бүл болсон бол УОК-оос гаргасан таван шалгуурыг хангахгүй байсан ч зарим хүнийг авчрах бололтой. 

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦНЫ ТӨЛБӨР БУУРАХГҮЙ 

Дараагийн асуудал бол тусгай үүргийн онгоцны нислэгийн төлбөр. Хүнд өвчтэй, нялх хүүхэдтэй гэх таван шалгуурыг давж, арайхийн нислэгт нэр нь багтсан ч мөнгөгүйн улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа олон хүн бий. Нислэгийн төлбөрийн талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “МИАТ компани 2020 оныхоо төлөвлөгөөгөөр 1200 гаруй нислэг үйлдэхээр төлөвлөсөн боловч, Эхний зургаан сарын байдлаар 534 нислэг үйлдсэн байна. Үүний 250 нь дангаараа Ханбогд чиглэлийн дотоодын нислэг байгаа. 21 нь тусгай үүргийнх бол 70 нь ачаа зөөсөн каргоны нислэг. Үндсэндээ төлөвлөгөөнөөсөө 54 хувиар бага нислэг хийсэн гэсэн үг. Тусгай үүргийн нислэгт бид гуравдугаар сард Сөүл чиглэлд 1000 ам.долларын ашигтай нисч байсан байна.
Гэтэл дөрөвдүгээр сард 3000 ам.долларын алдагдалтай нисжээ. Харин тавдугаар сард 35 мянган ам.долларын алдагдалтай болж эхэлсэн. Зардлын өсөлтийг тухайлбал, Сөүл нисэхэд 68 мянган ам.долларын зардал гаргадаг байсан бол хоёрдугаар сард 76, гуравдугаар сард 105, дөрөвдүгээр сард 110, тавдугаар сард 142 мянган ам.доллар болжээ. Үндсэндээ 108 хувиар буюу зардал хоёр дахин өслөө. Онгоц нисэх нь цөөрсөн учраас нэг нислэгт хамаарах зардал өссөн гэж ойлгож болно. Манай улсын зорчигчид өмнө нь билет худалдаж авсан бол 170-350 ам.долларын зөрүү төлж нисэж байгаа. МИАТ яагаад алдагдалтай хэрнээ нисээд байна гэхээр хэдийгээр үйл ажиллагааны зардал алдагдалтай байгаа ч орлогоороо шууд зардлаа нөхөж байгаа.
Мөн бид Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу нислэг хийх ёстой. Дэлхий даяар тийзний үнэ өндөр байгаа. Чикаго-Инчеон 1200 ам.доллар байна. Тэрнээс биш МИАТ компани шинэ тариф гаргаад, ашиг олсон зүйл байхгүй. Тусгай үүргийн нислэгийн төлбөрийг бууруулах боломжгүй. Бууруулбал, МИАТ улам алдагдал хүлээнэ. Манай БОИНГ-767 онгоц 256 хүний суудалтай. Ойролцоогоор 250-252-оор тооцдог. Мэргэжлийн хяналтын байцаагч нар хамт явдаг” гэлээ. 

Д.МӨНХСҮХ: ГЕРМАНД ОНГОЦОО ИХ ЗАСВАРТ ОРУУЛЧИХААД, ЭРГЭЖ ИРЭХДЭЭ ИРГЭДЭЭ АВЧРАХ САНАЛ ТАВИХАД УОК ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

Эх орондоо ирэх хүсэлт гаргаад цөхөрсөн иргэд “Өөрсдөө нисэх онгоц, тусгаарлагдах байраа олсон ч УОК зөвшөөрөөгүй” гэдэг мэдээлэл бий. Мөн “Хүннү эйр” компанийн зүгээс тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт илгээсэн ч мөн л зөвшөөрөөгүй гэдэг. Энэ талаар  “Хүннү эйр” компанийн Коммерийн албаны дарга Д.Мөнхсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Хүннү эйр” компани тусгай үүргийн онгоц нисгэх санал УОК-т удаа дараа тавьсан гэсэн. Тэгвэл УОК-оос ямар шалтгааны улмаас танай хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар албан ёсны ямар хариу ирсэн бэ?
-Ямар нэгэн ашиг шингээхгүйгээр нислэгийг шууд зардлаар буюу шатахуун, навигац, нисэх буудлын, буулт, хөөрөлтийн хураамж, нисгэгчийн цалин, импортын зардлаа гаргаад нислэг хийх хүсэлт тавьсан. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гаднын улсаас иргэдээ авчрахад оролцъё гэсэн санал, санаачилга гаргасан юм. Тусгаарлалт хийж эхлээд, олон улсын нислэгүүд цуцлагдсанаас хойш хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Эхэндээ УОК-ын байр суурь МИАТ ТӨХК нислэгийн чиглэл рүү үйлдээд, тэндээс хүмүүсээ татаж, авна гэж байлаа.
Сүүлийн үед нислэг үйлддэггүй чиглэлүүд болох Сиаттл, Дели, Авсрали руу явж байна. Одоогоор манайд Унгар дахь оюутнууд хүсэлт тавиад, бид цааш нь уламжилсан байгаа. Мөн Тайваньд сурж байгаа 140 гаруй оюутан хүсэлт тавьсан. Түүнийг мөн уламжилсан. Бүр өмнө нь онгоцоо Германд их засварт оруулчихаад, эргэж ирэх гэж байхад иргэдээ авчрах санал тавьж байсан. Миний ойлгож байгаагаар, тухайн үеийн тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалаад саналыг хүлээж авахгүй байна гэж ойлгож байна. 
-МИАТ ТӨХК-ийн нислэгийн зардал хоёр дахин нэмэгдсэн. Хэрвээ танайхыг тусгай үүргийн онгоц нисгэхийг зөвшөөрвөл төлбөр хэдий хэр хэмжээтэй байх вэ?
-Манайх Сөүл, Япон руу нисдэггүй. Гэхдээ бид зардлаа тооцоолоод, нэг хүний төлбөрийг тооцож гаргана. Яг одоо тэд, тэд гэж хэлэх боломжгүй байна. Ер нь бол, шууд зардлаараа л явах бодолтой байгаа.
-УОК-оос “Тусгаарлалтын байрны хүрэлцаа бага байгаа учраас танайхыг гаднын улс руу нисгэх боломжгүй” гэдэг юм уу, ямар нэг байдлаар учир шалтгааны албан ёсоор бичсэн, хариу ирүүлсэн үү?
-Ер нь тухай бүрт нь хариу ирж байгаа. Гэхдээ тэр нь янз бүрийн шалтгаантай байгаа. Дээр хэлсэнчлэн, эхлээд зөвхөн МИАТ ТӨХК-ийн нислэгийн чиглэл бүхий орнууд руу ниснэ. Дараа нь, тусгаарлах байрны хүрэлцээ муу гэх шалтгаан байлаа. Өнгөрсөн зургадугаар сард тусгаарлах байр хэзээ суларч байгаагаас шалтгаалан нислэгийн төлөвлөгөө гаргахад нь манайх анхнаасаа багтаагүй юм шиг байна. Бид маргааш (өнөөдөр) наймдугаар сарын төдний өдөр нисэх боломжтой гэдгээ УОК-т хүргүүлнэ.
-Тайвань болон Унгар Улс руу нислэг үйлдэх хүсэлтээ илгээгээд хэр удаж байна вэ?
-УОК-оос энэ хоёр нислэгийн тухай албан ёсны хариу ирүүлээгүй байна. Тайвань руу нисэх хүсэлт илгээгээд хоёр долоо хоног болж байна. Унгар руу нисэх хүсэлт мөн долдугаар сарын эхээр тавьсан.Энэ талаар УОК судалж байгаа байх.
-Эдгээр улс руу танайх өмнө нь нисч байсан уу?
-Унгар, Тайвань руу нислэг үйлдэж байгаагүй. Гэхдээ Хонконг руу ачаа тээврийн нислэг үйлдэж байсан. Тэгэхээр Хонконг, Тайвань хоёр ойролцоо гэх зэрэг нисэх боломжтой газруудаа санал болгож байгаа. Мөн манайх онгоцоо Германд их засварт оруулдаг. Германы зүүн урд талын Дюссельдорф хот Унгар Улстай ойрхон. 
-Үүнээс өмнө гаднын ямар улсад гацсан монголчууд “Хүннү эйр”-т хандаж байсан бэ?
-Өмнө нь Сэбү, Манилад байгаа монголчууд хандаж байсан. Тэд транзит нислэгээр цөөн цөөнөөрөө ирж байх шиг байна. Австрали Улсаас мөн хүсэлт ирж байсан. Гэхдээ манайх тийшээ нисэх боломжгүй.

УОК-Т УНГАРААС ОНГОЦ НИСГЭХ ХҮСЭЛТ ИРЖЭЭ

Гадаадад гацсан монголчууд “Хүннү эйр” компанид удаа дараа хандаж байсан ч УОК хүлээн зөвшөөрөхгүй бол тэд нисэх боломжгүй гэдгээ хэлж байлаа. Харин энэ талаар ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Унгар Улсад суугаа монголчуудаас  дөрөвдүгээр сард ирсэн санал байдаг. Л.Мөнхтүшиг захирал Унгарын Элчин сайдтай холбогдоод тодруулж ярьсан байна лээ. Тэгэхэд тухайн компанийн зүгээс нислэг хийхгүй. Энэ бол дөрөвдүгээр сард тавьсан хүсэлт гэсэн байна” гэв. Мөн үүнтэй холбоотойгоор Унгар Улсад сурдаг монгол оюутан А.Одонтуяа “Монгол Улсын Засгийн газар, УОК, МИАТ-д хаягласан албан хүсэлт өгсөн. Хүсэлтийг хүлээн авч, цааш дамжуулахаа мэдэгдсэн. Бид хүсэлтдээ нөхцөл байдал болон өөрсдийн шийдлээ тусгаж, гурван шаардлага тавьсан.
Нэгдүгээрт, Европ руу хийх тусгай үүргийн нислэгийг нэмэх. Хоёрдугаарт, оюутнуудад хөнгөлөлттэй зээл олгох юм уу, дараа нь эргэн төлөх нөхцөлтэйгөөр тусгай үүргийн нислэгийн төлбөрийг хөнгөлөх. Гуравдугаарт, Монголоос тусгай нислэг явуулах боломжгүй бол Унгарын агаарын тээвэр болох “Wizz Air”, Польшийн LOT компаниас Монгол руу нислэг хийх боломжийг судалж, үнийн санал авчихсан учраас Засгийн газар гаднын онгоц газардуулахгүй гэсэн шийдвэрээ эргэж харахыг хүссэн” гэсэн юм. 

ХАЛДВАР ШИНЖ ТЭМДЭГГҮЙ ИЛЭРЧЭЭ

“Ковид-19”-ийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая хүн халдвар авч, 645 мянга гаруй хүн нас бараад байна. Харин одоогоор 9.8 сая гаруй хүн эдгэрчээ. Харин манай улсын халдвар аваад эдгэрсэн  23 хүнд дахин халдвар илэрсэн билээ. Коронавирусийг илрүүлэх оношилгооны талаар зарим эрдэмтэд шүүмжлэх болсон. Энэ талаар  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторын эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор Б.Дармаа “Монгол Улс Японы халдварт өвчний үндэсний төвд загварчилсан праймерыг авч оношилгоондоо ашиглаж байна.
Японд анхны халдварыг илрүүлсэн праймерын дараалал буруу ташаа гарчээ гэдэг талаар өөрсдөө энэ оны нэгдүгээр сарын 23-нд нийтлэл гарган дэлхий нийтэд онлайн сүлжээнд нээлттэй мэдэгдэж байсан. Уг праймерыг япончууд аль ч улс оронд тараагаагүй. Харин манай улс Япон Улсаас нэгдүгээр сарын 27-нд шинэчилсэн шинэ праймерыг нь авч оношилгоондоо хэрэглэж эхэлсэн. Шинэчилсэн праймертай холбоотой албан баримт нотолгоонууд нь байгаа. Мөн бид ДЭМБ-ын бүх улсад нийлүүлж байгаа найдвартай, баталгаатай праймерыг хэрэглэж байна. Тиймээс иргэд, олон нийт санаа зоволгүй, одоо хэрэглэж буй оношилгооны праймерт итгэж болно. Франц иргэний сорьцын шинжилгээ гуравдугаар сарын 10-нд батлагдсан. Энэ шинжилгээг Токиогийн оношлуураар хийсэн. Ямар нэгэн эргэлзээгүй гэдэг нь зөв дарааллын праймераар хийсэн гэдгээр нотлогдож байгаа юм. Хоёр талын уушгинд нэвчтэст хатгаа ихтэй байсан.
Тэр үед судалгаа хийж байгаад нэвчтэст хатгаатай, хүний уушгины өөрчлөлт цэрний шинжилгээнд  вирусийн хэмжээ их гардаг юм билээ. Харин халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илрэх тохиолдол манай улсад гэлтгүй гаднын орнуудад ч байгаа. Манай улсын 23 хүнээс дахин халдвар илрэхдээ эмнэлзүйн шинжгүй, зөвхөн шинжилгээний хариу л сөрөг гарсан. Ингэхдээ энэ хүмүүс халдвар цааш нь тараахгүй гэсэн баталгаа байхгүй. Харин тараах магадлал хэр байгааг судалж байгаа” гэлээ.
Б.Бадралмаа, Npost.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан