Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвараар дэлхийн дахинд 3.2 сая хүн өвчлөөд байна. Манай улсад 38 тохиолдол батлагдаж, 10 хүн эдгэрэн гараад байна. 28 иргэн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Манай 119 утсанд 183 дуудлага ирсэн. Гадаадын гурван улсаас иргэд холбогдож зөвлөгөө авсан. Мөн иргэд бөөнөөрөө бөөгнөрөл үүсгэж байна. Мөн хүүхдүүд амны хаалтгүй, нэг савнаас ус ундааг дамжуулан ууж байгааг анхааруулж өгөөч гэсэн дуудлага их ирлээ. Тиймээс иргэд тусдаа аяга тавагнаас хоол ундаа идэж, тусдаа алчууртай байх хэрэгтэй. Ингэж байж коронавирусээс сэргийлж чадна. Ариун цэврээ маш сайн сахих ёстой. Түүнчлэн хүүхдүүдээ улаанбурханы дархлаажуулалтад заавал хамруулах хэрэгтэй" гэлээ.
ДЭМБ "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар өндөр байсан орнуудад тархалт, нас баралт буурах хандлагатай байна. Тархалтын байдлыг судалвал, гэр бүлийн тархалт, ажлын байрны тархалт маш өндөр байна. ДЭМБ-аас коронавирусийн халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээнд анхаарахыг зөвлөж байна" гэв.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 29-ний өдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дарханы шинжилгээний төвд хийгдсэн 163 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-ийн 12, Дорноговийн 31 хүнд давтан шинжилгээ, Замын-Үүдийн нэг хүн, тандалтын 46 хүний шинжилгээ багтсан. Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн 31 тээврийн жолооч, ажиглалтад байгаа 43 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 150 ор бэлэн болсон. ОХУ-ын оюутнуудын хувьд 20 гаруй хоног өнгөрлөө. Энэ хугацаанд давтан шинжилгээг гурван удаа хийсэн. Шаардлагатай хүмүүст дөрвөн удаа хийхэд коронавирус илрээгүй. Тэгэхээр ОХУ-ын оюутнуудын асуудал одоо гайгүй байх" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Өнөөдөр транзит нислэгээр ирж байгаа иргэд 48 цагийн дотор өгсөн байх ёстой гэсэн шинжилгээндээ хамрагдсан болов уу?
-ЭМЯ-наас бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ Европын зарим орнуудад шинжилгээ хийх боломжгүй байгаа юм билээ. Тиймээс ХӨСҮТ-д бэлтгэлийг хангасан байгаа. БНСУ-аас ирж байгаа иргэдийн хувьд бүгд шинжилгээндээ орсон гэх мэдээлэл байна.
-Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ?
-Өвчтөнүүдийн биеийн байдал хуучин янзандаа байна. Хэдэн хүн хатгаатай, хэдэн хоног дараалж халуурсан хүн байна. Гүйлгэж, суулгаж байгаа хүмүүс байна. Зарим хүмүүст шинж тэмдэг нь тод байгаа. Тиймээс эмчилгээ сувилгаандаа онцгой анхаарч байна.
-Өчигдрийн байдлаар гадаадад таван хүн коронавирусийн халдвар авсан гэнэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Гуравдугаар сарын эхээр гадаадад халдвар авсан 14 иргэн байсан. Эдгээр хүмүүс бүгд эдгэрч, ажилдаа орсон. Сүүлийн таван тохиолдлын хувьд хөнгөн учраас тухайн улсдаа зөвлөгөө аваад эмчилгээ хийгдэж байгаа.