БНСУ-д халдварын 58 тохиолдол шинээр илэрчээ



СӨҮЛ.
 /RIA Novosti/. Өнгөрсөн 24 цагийн байдлаар БНСУ-д коронавирусний халдварын 58 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 11402-т хүрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /KCDC/ мэдээлжээ.  БНСУ-д дөрөвдүгээр сарын эхэн үеэс хойш өдөрт илрэх шинэ халдварын тоо 10-20 тохиолдол болж аажмаар буурч байсан бол тавдугаар сарын 6-нд энэ тоо хоёр болж цөөрсөн юм. Гэвч сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдсан байна.
KCDC-ийн мэдээллээр, шинэ тохиолдлуудын 55 нь дотооддоо халдвар авсан бөгөөд бүгд Өмнөд Солонгосын төвийн нутгуудад бүртгэгдсэн бол гурав нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Шинэ тохиолдлын 20 нь нийслэл Сөүл хот болон Гёнги мужид, 18 нь Инчонд бүртгэгдсэн байна.
Сөүл хотын алдартай дүүрэг болох Итаевоны шөнийн цэнгээний газрууд, бааруудад тавдугаар сарын эхээр  тархсан халдвартай холбоотой тохиолдлын тоо 266 болсон байна. Эрх баригчид шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлсэн нийт хүний 83 хувийг нь олж тогтоожээ.
 
Түүнчлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг муу дагаж мөрдсөний улмаас Гёнги мужийн Бучеон хотын цахим худалдааны “Coupang” компанийн хүргэлтийн төвд халдвар авсан хүний тоо 97 болсон байна. Одоогийн байдлаар тус компанийн хүргэлтийн төвд очсон болон компанийн ажилтнууд болох 4159 хүнийг гэрт нь тусгаарлажээ. Эдгээр хүмүүсийн төрөл төрөгсөд болон хамт ажилладаг, сурдаг хүмүүсийг ажил, хичээлдээ явахыг хориглосон байна. 
 
Үүнээс гадна, халдварын жижиг голомт хэд хэдэн эмнэлэг, сүмд бүртгэгдсэн байна. “KB Life” даатгалын компанийн дуудлагын төвд дор хаяж найман хүн халдвар авчээ. Уг төвд тавдугаар сарын 26-нд халдварын анхны тохиолдол илэрсэн байна. Халдвар илэрсэнтэй холбогдуулан компанийн бүх ажилтныг тусгаарлаж, коронавирусний шинжилгээ хийж эхэлжээ.
Өнгөрсөн өдрийн байдлаар 23 хүн эмнэлгээс гарснаар, эдгэрсэн хүний тоо 10363 болсон байна. Харин нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш 269 хүн нас баржээ. БНСУ-д нийтдээ 850 мянга гаруй хүн коронавирусний шинжилгээ хийсэн байна.  
Халдварын нийт тохиолдлын 45.9 хувь нь буюу 5200 гаруй хүн “Шинчонжи” сүмтэй холбоотой байна. Харин 1235 тохиолдол нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тэдний 87.8 хувь нь БНСУ-ын иргэд аж.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан