Титэм вирусийн олз


Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Бас баян, ядуу, хөгшин, залуу, дарга, цэрэг гээд хэнийг ч ялгадаггүй. Энэ л жамаар шинэ коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудыг хөгжингүй, хөгжиж буй, ядуу буурай гэж ялгахгүйгээр тархаж байна. Энэ янзаараа магадгүй дэлхийн бүх улс орныг хамрах бололтой. Тиймээс энэхүү хүндрэл бэрхшээл нь халдвар илэрсэн болон илрээгүй бүх улс оронд маш том сорилт болж байна.
Аливаа өвчин зовлонд ч сайн тал бий гэвэл корнавирусийг хүн амдаа чөлөөтэй тархааж “сүргийн дархлаа” тогтоох санал дэвшүүлсэн Их Британийн эрдэмтэн, доктор Сэр Патрик Валлэнсээс ялгаагүй харгис үзэлтэн болж хувирна. Гэхдээ гэгээлэг талаас нь харвал олон эерэг үр дүн гарч байгааг дурдаж болно. БНХАУ томоохон үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоосноор агаарын бохирдол буурсан бол Итали улс хөл хорио тогтоосноор тус улсын хамгийн сэтгэл татам газруудын нэг болох Венецийн сувгийн ус тунгалагшиж загас, жараахайнууд үзэгдэж, хун шувууд чуулжээ. Эндээс дэлхий нийтээрээ хорионд орсноор байгаль дэлхийд ямар эeрэг үр дүнг гарч байгаа нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр байгаль дэлхийн хувьд хүн төрөлхтөн энэ вирусээс ч илүү хортой вирус гэдгийг хэлээд байх шиг.
Монголчууд нэгдэж чадвал ямар ч бэрхшээлийг даван туулна
Бидний цөөхөн монголчуудын хувьд дэлхийн бусад улс орны иргэдийг өдөрт хэдэн зуугаар нь хиар цохиж буй аймшигт халдвараас амжилттайгаар урьдчилан сэргийлж байгаа нь хамгийн том амжилт. Төр засгийн зүгээс хурдан шуурхай арга хэмжээ авч байгаагаас гадна иргэд төрийнхөө шийдвэрийг ягштал биелүүлж байгаа нь бахархууштай. “Төрийн сүлд минь өршөө” хэмээн залбирч, цайныхаа дээжийг өргөх үзэгдэл багассан ч төрдөө итгэж найддаг, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэдэг хэвээрээ гэдэг нь ажиглагдлаа. НҮБ-аас манай улсад суугаа суурин төлөөлөгч Мишра Тапан Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин сайдтай уулзахдаа монголчууд нэгдэж чаддаг, төрийнхөө шийдвэрийг дагадаг ухаант ард түмэн юм байна гэдгийг онцлон хэлж байлаа. Энэ хэцүү цаг үед хувь хүн төдийгүй улс үндэстний чанар чансаа, өнгө төрх ялгарч харагддаг юм байна.
Титэм вирусийн олз
НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Мишра Тапан
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос өнөөдрийг хүртэл хийж байгаа ажлыг сайшааж байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдийг нь маш анхааралтай ажигласан. Зарим үед “Хэтэрхий хатуу шийдвэр гаргаж байна уу даа” гэсэн бодол төрсөн ч яагаад ингэх ёстой вэ гэдгийг нь ойлгосон. Яагаад гэвэл, Монгол Улсын хувьд онцлог их байна. БНХАУ-тай 4800 км-ээр хиллэж байна. БНСУ-д Монгол Улсын 49 мянга гаруй иргэн оршин сууж байна. Энэ үеэр Монголын уламжлалт Цагаан сарын баяр давхацлаа. Мөн Улаанбаатар хотдоо хүн амынх нь 50-иас илүү хувь нь оршин суудаг гэх мэт онцлог их учраас хатуу арга хэмжээнүүд нь зөв алхам боллоо гэж дүгнэж байгаа. Хамгийн чухал нь Монголын ард түмний онцлогийг харлаа. Төр засгийнхаа гаргасан шийдвэрийг хүндэтгэж дагадаг, хэрэгжүүлдэг нь Цагаан сарын баярын үеэр болон бусад шийдвэр гарсан өдрүүдэд харагдсан. Монголын ард түмэн бол үнэхээр ухаантай, нэгдэж чаддаг ард түмэн юм байна.
Дэлхий дахиныг бүрхэж буй энэхүү вирусийн халдвар монголчуудад нэгдэж чадвал ямар ч бэрхшээлийг даван туулах боломжтой гэдгийг тодоор харуулж байгаагаас гадна олон зүйлийг ухаарч, үнэт зүйлсээ мэдрэх боломж олгож байгаа нь сайн хэрэг.
Хүн бүр үүргээ гүйцэтгэж, чадах зүйлээ хийхэд л ядах юм алга гэдгийг ухаарсан өдрүүд үргэлжилж байна.
Цаашлаад зөв дадал зуршилд шилжих, хариуцлагаа дээшлүүлэх гэх мэтээр ирээдүйд хэрэгтэй олон зүйлийг эдгээр өдрүүдээс авч үлдэх биз ээ. Тиймээс энэ цар тахал манай улсад хэрхэн сайнаар нөлөөлж, олон нийт юуг ойлгож ухаарч, бас олж байгааг сийрүүлье.
Монголчууд зөвхөн гуйдаг, зээлдэг бус өгч чаддагийг харуулав
Титэм вирусийн олз
Манай улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас зээл, хандив, тусламж авсан тохиолдол их. Харин бусдад зээлсэн, тусалсан нь ховор. Энэ ч утгаараа монголчууд зөвхөн зээлдэг, гуйдаг гэсэн ойлголт дэлхий дахинд бий. Ямар сайндаа л “Алтан дээр сандайлсан гуйлгачид” хэмээн цоллуулах билээ дээ.
Харин шинэ коронавирусийн халдварын голомтоор нэрлэгдэж, дэлхий дахинд нүд үзүүрлэгдэж яваа урд хөршдөө 30 мянган толгой хонь хандивласан нь дээрх ойлголтыг үгүйсгэж чадлаа.
Бусад улс орны Төрийн тэргүүнүүд БНХАУ-д айлчлах нь бүү хэл иргэдээ ч татаж авахаас айсан, эргэлзсэн цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч айлчилсан нь эрсдэлтэй ч цагаа олсон шийдвэр байлаа. Үүнийг зөвхөн хятадууд төдийгүй дэлхийн бусад улс орон талархан хүлээж авлаа. Магадгүй “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусалсан нь дээр”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана”, “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн Монгол ардын хэлц үг байдгийг олон хүн мэдэж авсан биз ээ.
Титэм вирусийн олз
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин
БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх оронд минь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлье. “Дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээх Күнзийн сургааль бий. Мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үг байдгийг мэднэ. Халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал энэ боллоо.
Титэм вирусийн олз
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй
“Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан.
Баяруудыг цомхон тэмдэглэж болдог л юм байна
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх цаг хугацаа нь Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр, цаашлаад “Гэгээн хайрын баяр”, Мартын-8, Цэргийн баяр, Наурызын баяртай давхацлаа. Цаг үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалан эдгээр баярыг өргөн дэлгэр тэмдэглэсэнгүй. Гэхдээ энэ нь баярлаагүй гэсэн үг биш. Баяр гэдэг нь зөвхөн идээ будаа, эд бараагаар хэмжигдэх зүйл бус амар амгалан байж, сэтгэлийн жаргал эдлэхийн нэр гэдгийг ойлгох шиг боллоо. Товчхондоо их зардал гаргаж, явдал чирэгдэл болохгүйгээр баярлаж болдгийг үзлээ. Энэ нь айл өрхийн эдийн засагт ч сайнаар нөлөөлж, үргүй зардлын хэмжээгээ бууруулахад нөлөөлсөн. Мөн цаашлаад улсын эдийн засагт ч эерэг нөлөөгөө үзүүлсэн гэдгийг эдийн засагчид хэлж байлаа.
Титэм вирусийн олз
Эдийн засагч Х.Батсуурь
Коронавирусийн халдвартай холбоотойгоор гаргасан хөл хорио Цагаан сарын баяртай давхацсан нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн.
Манай улс жил бүрийн Цагаан сараар 700-750 тэрбум төгрөгийг урд хөршөөс бэлэг сэлт авах жижиглэн худалдаанд зарцуулдаг. Энэ жил ийм хэмжээний мөнгө дотооддоо үлдсэн гэсэн үг.
Хаа нэгтээ очихгэж түгжрэхшаардлагагүй. Онлайн сүлжээ байхад бүгдийг амжуулна
Цагаан сараар гэр гэртээ шинэлж, цахимаар мэнд усаа мэдэлцэн, цахим гүйлгээгээр ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн бол одоо гэрээсээ цахимаар ажиллаж сууна. Ер нь хөл хорио тогтоосноос хойш цахим хичээл, цахим сургалт, цахим хурал, цахим гүйлгээ, цахим сурталчилгаа хийх, төрийн байгууллагууд онцгой нөхцөлд шуурхай мэдээллээ цаг алдахгүй цахимаар шууд дамжуулах гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгжийн цахим хэрэглээ улам нэмэгдэх боллоо. Тодруулбал, ажиллах, сурах, тоглож наадахын тулд заавал цаг алдан түгжирч хаа нэгтээ очих шаардлагагүй, онлайн сүлжээ байхад бүгдийг нь амжуулж байна. Энэ ч утгаараа цахим орчныг ашиглаж хэвшвэл ямар их давуу тал байгааг мэдэрч, ашиглах хүний тоо нэмэгдэж байгаа нь лавтай.
Хувийн ариун цэвэртээ нийтээрээ анхаарах боллоо
Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдэхээс өмнө иргэд мэргэжлийн байгууллагуудынхаа зөвлөгөөг сайтар дагаж амны хаалт зүүж, гараа тогтмол угааж эхэлсэн. Одоо энэ нь бүр хэвшил болж байна. Энгийн үед амны хаалттай явж байгаа хүн содон харагддаг байсан бол одоо амны хаалтгүй явж байгаа нь анхаарал татдаг боллоо. Гэхдээ гадуур амны хаалтгүй явж байгаа хүн тун ховор байгаа нь монголчууд эрүүл мэнддээ анхаарч хувийн ариун цэвэр сахиж эхэлсний илэрхийлэл. Одоо үүнийгээ зөв дадал зуршил болгон авч үлдэх нь чухал.
Титэм вирусийн олз
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа
Манай эмч нар коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор монголчууд маск хэрэглэж, гараа угааж сурч байна гэж ярьж байна лээ. Үнэхээр сурч байна. Ер нь томуу, томуу төст өвчин дэгдсэн, утаа униартай үед маск тогтмол зүүсэн хүн ханиад хүрдэггүй шүү дээ. Нөгөө талаас өвчтэй хүн бусдад халдвар тараахгүйн тулд заавал маск зүүх хэрэгтэй. Энэ бол бусдыг хүндэтгэж байгаа хэрэг.
Халдварт өвчний гаралт 3-3.5 дахин буурав
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх алхам нь иргэдийг давхар бусад халдварт өвчнөөс ч сэргийлжээ. Тодруулбал, иргэд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, дархлаагаа дэмжих хоол хүнс, эм бэлдмэл хэрэглэж, гудамж талбайд нус, цэр, шүлсээ хаяхаа больсонтой холбоотойгоор энгийн үед ихээр гардаг халдварт өвчний гаралт буурчээ. Өөрөөр хэлбэл, монголчууд маань нэг сумаар хоёр туулай буудаж, хувийн ариун цэвэр сахих, амны хаалт зүүх зэрэг нь ямар их давуу талтай болохыг мэдэрч байна. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад халдварт өвчний гаралт 3-3.5 дахин буурсан гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.
Титэм вирусийн олз
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс зохион байгуулсны үр дүн олон зүйл дээр тод харагдаж байгаа. Иргэд хавар пальтогоо тайлахаас нааш ханиад томууны гаралт буурдаггүй. Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлгийн 1033 ор байдаг. Эдгээр ор тавдугаар сар хүртэл дүүрэн байдаг. Гэтэл одоо 200 гаруй хүүхэд л хэвтэж байгаа. Ер нь эмнэлгүүдийн орны ачаалал буурсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад халдварт өвчний гаралт 3-3.5 дахин буурсан. Энэ бол коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлсний үр дүн. Монголчууд маань халдварт өвчний үед амны хаалт зүүж, гараа угааж, шаардлагагүй бол олон нийтийн газар явахаа болих гэх мэтээр зөв дадал зуршилтай болж байна.
Нийтийн тээвэр сэлүүхэн, бас цэвэрхэн
Хувь хүн бүр нийтээрээ ариун цэвэртээ анхаарах болсноос гадна нийтийн өмчийн зам талбай, нийтийн тээвэр цэвэр цэмцгэр болсныг анзаарсан уу. Энгийн үед бохир заваан хэмээн байнга шүүмжлэлд өртдөг нийтийн тээврийн автобуснууд цэвэрхэн болсон нь анзаарагдлаа. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ариун цэвэр сахиж цэвэрлэгээ, ариутгал хийх болсон. Хоёрдугаарт, иргэд шаардлагагүй тохиолдолд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс татгалзаж байгаатай холбоотой. Коронавирусийн халдвар намжсаны дараа нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэх ч автобус компаниуд хүсвэл автобусаа цэвэрлэж болохыг харууллаа.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 45.7 хувиар буурчээ
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байгаагаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг оны эхний хоёр сарын байдлаар буурчээ. Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.7 хувиар буурсан байна. Ийнхүү гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахад хөл хорио тогтоосон явдал нөлөөлсөн бололтой. Учир нь, гэр бүлийн гишүүд гэртээ хамтдаа байгаа үед тухайн гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж нэгнээ хардах, уурлаж уцаарлах нь багасдаг гэдгийг сэтгэл зүйчид онцолдог. Үүнээс гадна эрсдэлтэй цаг үед гэр бүлийнхнээ хайрлаж хамгаалахад анхаарахын зэрэгцээ гэр бүлийнхээ үнэ цэнийг илүү мэдэрч байгаа биз ээ.
Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласан нь ч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд ажлынхаа хуваарьт өөрчлөлт оруулж, амралтын цагаа уртасгаснаар хүмүүсийн гэр бүлдээ анхаарал хандуулах хугацаа ч нэмэгдэж байгаа юм.
Титэм вирусийн олз
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэнгэлбаяр
Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 45.7 хувиар буурсан үзүүлэлт. Статистик судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн харилцааны асуудлаас үүсдэг. Хүчирхийлэл үйлдэгч хохирогчийг бусадтай харилцахыг хязгаарлах нь хүчирхийллийн хэлбэрт хамаарагдана гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хууль бус үйлдэл хумигдаж, алт тушаалт нэмэгдэв
Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тонн алт худалдан авчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард 952 кг алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 856 кг-аар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард Монголбанк ердөө 96 кг алт худалдан авч байжээ. Ийнхүү иргэд, аж ахуйн нэгжүүдээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэх болсон шалтгаан нь өнөө л коронавирусийн халдвартай холбоотой. Хөл хорио тогтоож хилийн боомтуудаар иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаар алтаа хууль бусаар хил давуулах боломж хумигджээ. Тиймээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ огцом нэмэгдсэн гэж үзэх талтай юм.
Эдийн засгийн нөөцөө шалгах боломж олгов
Манай улсын гадаад худалдааны гол түнш БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар голомтлон гарч тусгай горимд шилжсэн нь улсынхаа эдийн засгийн хүчин чадлыг сорих нөхцөлийг бүрдүүллээ. Тодруулбал, БНХАУ-аас эдийн засгийн хувьд хараат бусаар дотооддоо, бие даасан байдлаар оршин тогтнох боломж байна уу гэдгээ туршиж үзэх боломж гарсан юм. Нүүрс, газрын тосны экспорт хоёрхон сарын хугацаанд зогсоход л төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасарч байгаа нь энэ улстай түүхий эдийн худалдаа хийхгүй л бол болохгүй гэдгийг мэдрүүллээ. Харин хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод хэцүүдсэн, үнэ хөөрөгдсөн зүйл одоохондоо алга. Ялангуяа хамгийн чухал хэрэгцээ болсон хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ удаагийн үйл явдал нь ямар ч үед бэлэн байдлаа сайтар хангах ёстой гэдгийг эрх баригчдад ойлгуулах шиг боллоо. Учир нь, Засгийн газар стратегийн гэсэн тодотголтой бүх бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж эхэллээ.
Мөн хэзээ ч ийм зүйл тохиолдож болох учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь чухал гэдгийг бүх түвшинд улам мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна.
Жагсаал цуглаан, уур бухимдалгүй хавар
Шинэ коронавирусийн халдвар нь дэлхийн улс орнуудын дотоодын үймээн самууныг автоматаар дарсан.
Үймээн самуунтай байсан олон газар одоо зөвхөн энэ халдварыг хэрхэн даван туулах вэ гэдэгт л анхаарлаа хандуулах боллоо. Манайд ч мөн адил жагсаал цуглаан, хаврын синдром гэдэг ойлголт мартагдав.
Уг нь сонгуулийн жилийн өдийд Сүхбаатарын талбай жагсаал цуглаан, уур хилэнгээр дүүрдэг. Харин энэ удаад улс орон даяар амар амгалан байдал ноёлж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн гол үнэт зүйл ч гэлээ улс төрийн тогтвортой байдал үүнээс дутахгүй чухал. Коронавирусийн халдвар нь Монголын улс төрийн тогтвортой байдал, нийгмийн сэтгэл зүйд ч ийнхүү эерэгээр нөлөөлж байна. Жагсаал цуглаан, хэрүүл тэмцэл, уур хилэн буцалж байх ёстой энэ цаг үед эсрэгээрээ амар амгалан, нэгнээ хайрлаж энэрсэн, санаа тавьсан, үүргээ ухамсарласан, төрийн албан хаагчдаа хүндэлж, бахархсан, нийтээрээ аюулт өвчний эсрэг тэмцсэн байдалтай байна. Эв нэгдлээ бататгаж, тусгаар тогтносон улс гэж ийм л байдагсан.
ЭХ СУРВАЛЖ: С.ШИЙЛЭГТӨМӨР, EAGLE.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан