Шинэ төрлийн титэм вирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн орнууд шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхайлан авч чадвал цар тахал зургаадугаар сард намжина гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны тусгаөй шинжээчийн комиссын тэргүүн Жун Наньшань мэдэгджээ.
"Итали, Өмнөд Солонгост хэдийнэ шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг харахад баяртай байна. Эдгээр орнуудад халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэх нь эрс багассан. Энэ байдлаараа явбал зургаадугаар сард тахал намжина" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Наньшаний өгүүлснээр, зуны цагт агаарын хэм өндөр байх үед вирус идэвхихгүй болох бөгөөд ингэснээр тахал намжих гэнэ.
Түүнчлэн тэрбээр энэ вирус нэн хурдтай тархдаг тул нөхцөл байдлыг хянахад төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай болдог гэдгийг цохон тэмдэглэжээ.
"Итали, Испани, АНУ, Франц зэрэг зарим орнуудад өвчний улмаас нас барах тохиолдол өндөр байна. Энэ нь тахалд хангалттай анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байгаа юм. Хятадын нөхцөл байдлыг харвал, ойролцоогоор өвчилсөн хүмүүсийн гурван хувь нь нас барж байна. Ухань, Хубэй мужид нас баралт 4.9 хувь байгаа бол Хубэйгээс бусад нутагт нас баралт маш бага байгаа. Энэ нь тухайн бүс нутгуудад хяналтын хатуу арга хэмжээ хэрэгжиж байгааг харуулж байгаа юм" хэмээн тахал судлаач Наньшань өгүүлжээ.
Цар тахал, эдийн засаг ба бусад
ДЭМБ гуравдугаар сарын 11-ны өдөр титэм вирусийн халдварыг "цар тахал" хэмээн зарласан юм. Ойрын хугацаанд халдвар авсан орнуудад нас баралтын тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа бөгөөд "цар тахал" гэж зарласан ч авч буй арга хэмжээнд өөрчлөлт орохгүй гэж мэдэгдсэн.
Цар тахал гэдэг нь хамрах нутаг дэвсгэрийнх нь тухайд нэрлэж байгаа, ийн нэрлэснээр өвчинтэй тэмцэх арга хэмжээ, шийдвэрүүд өөрчлөгдөхгүй гэсэн үг юм.
Шинэ төрлийн титэм вирус анх дэгдсэн даруйд Хятад улс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн ч халдвар хурдацтай тархсан тул хөл хоро, зорчих хөдөлгөөнийг хориглох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох зэргээр хатуу арга хэмжээнд шилжсэн юм. Улмаар энэ нь тус улсын төдийгүй дэлхийн эдийн засагт хүндхэн цохилт өгнө гэж шинжээчид таамаглаж байна.
Хятад даяар тээвэрлэлтийг эрс багасгаж, 11 сая хүн амтай Ухань хотыг бүслэх зэрэг өвчний тархалтыг тогтоон барих гэсэн Хятадын эрх баригчдын хатуу арга хэмжээнүүд нь эдийн засгийн өсөлтийг эрс сааруулсан юм. JPMorgan банкны эдийн засагчдын үзэж байгаагаар Хятад улс энэ оны эхний улиралд 6,3 хувийн эдийн засгийн өсөлттэй байна гэж тооцоолж байсан гэнэтийн энэ өвчний улмаас төлөвлөсөндөө хүрч чадалгүй, 1 хувийн өсөлттэй байх гэнэ.
Дэлхийн эдийн засаг дахь Хятадын ач холбогдол асар их. Хятадын жилийн экспорт нь хоёр их наяд 383 тэрбум байдаг нь түүний гол өрсөлдөгчид болох АНУ, Герман, Япон, Өмнөд Солонгостой харьцуулахад хавьгүй их тоо юм. Дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дөрөвний нэг нь БНХАУ-д ноогддог бөгөөд дэлхийн бүх бүс нутаг руу сэлбэг, хэрэгсэл нийлүүлдэг. Хямрал хурцадлаа гэж бодоход дэлхийн бусад улс орнууд дахь үйлдвэрүүд ч зогсох эрсдэлтэй.
Үүний зэрэгцээ, гуравдугаар сар гарсаар дэлхий даяар халдвар эрчимтэй тархаж, дэлхийн 111 оронд вирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд улмаар халдвар бүртгэгдсэн орнууд эхнээсээ зорчих хөдөлгөөнийг хориглож эхэлсэн.Энэ нь агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд хүндхэн цохилт болсон бөгөөд олон тэрбумын алдагдалд орж, тэсч үлдсэн нь дараагийн арван жилд "бүсээ чангалахаас" аргагүйд хүрсэн бол зарим нь эхнээсээ дампуурлаа зарлаж эхэлжээ.
COVID-19 цар тахал хүний амьдралын бүхий л салбарт хүчтэй цохилт өгч байна. Эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн байгууллагууд зогсонги байдалд орсон бол соёл үйлчилгээний газрууд ч алдагдал хүлээж, дэлхийн алдартнууд аялан тоглолтоо цуцалж, Холливуд ч шинэ кинонуудынхаа нээлтүүдий хойшлуулж байгаа юм.
Мөн энэ үеэр олон орны хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй болсон. ЮНЕСКО-ийн мэдээлснээр, хөл хорионы улмаас 370 сая орчим хүүхэд сургуульдаа явж чадахгүй байгаа гэнэ.
"Өнөөдөр дэлхий даяар таван хүүхэд тутмын нэг буюу нийтдээ 369 сая хүүхэд сургуульдаа явж чадахгүй байна" гэж ЮНЕСКО мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN