Улстөрчдийн эрүүл мэндийн салбарт шургалсан луйвар буюу Фургон, УАЗ 469-ийн эрэн үе


Эрүүл мэндийн тусламжийг хүн өөрийн биеэр ирж чадахгүй зайлшгүй тохиолдолд дууддаг. Иймд тусламж дуудсан өвчтөнг эмнэлэг хүртэл зөөвөрлөх хугацаанд бэртэл гэмтлийг даамжруулахгүйгээр хөдөлгөөнгүй авч явах, шаардлагатай тусламж үзүүлэх, зайлшгүй тохиолдолд мэс засал хийх ч боломжтой автомашинаар үйлчилдэг.

Харин манай улсад ямар ч хүнд өвчтөн Фургоны аяыг дааж, УАЗ 469-д суугаагаараа ирэх ёстой. Энд түргэн тусламжийн машинд байдаг агааржуулалт, амилуулах тусламж “дефибриллятор”, амьсгал дэмжих, зүрх, судас хэмжих аппаратууд, гар угаалтуур гээд аль нь ч байхгүй. Цэргийн зориулалттай бүтээгдсэн хатуу явдалтай эдгээр машинд өвчтөн аюулгүй зорьчих баталгаа ч байхгүй. Үүнээс болж манай улсад газар дээр нь үзүүлж байгаа тусламжийн  30 хувь нь зөөвөрлөх явцдаа буюу эмнэлэгт ирэхээсээ өмнө нас бардаг тухай УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасаг мэдээлж байна. Мөн 20 хувь нь зөөвөрлөгдөх явцад түргэн тусламж авч чадаагүйгээс гар, хөлөө алдах, нуруу, нугасны гэмтэлтэй, суунги болох зэрэг үр дагаврууд тохиолддог аж.  Цөөн үгээр тээвэрлэгдэж ирэх явцдаа шаардлагатай тусламж, үйлчилгээг авч чадаагүй бол хэчнээн сайн эмч байгаад ч нэмэргүй.

Одоогийн эрүүл мэндийн үйлчилгээнд явж байгаа автомашины 90 орчим хувь нь Фургон болон УАЗ 469 байна. 2017 оноос хойш Эрүүл мэндийн салбар 20 орчим тэрбум төгрөгөөр 415 ширхэг Фургон болон 69-ийг худалдан авсан. Үүний дийлэнх нь буюу 75 хувь нь 69 байх бөгөөд тус автомашины суудал нь хойшоо налдаггүй учир ямар ч төрлийн өвчин, гэмтэлтэй байсан суугаагаараа ирэхээс өөр сонголтгүй. Фургоны хувьд суудлыг нь авч, зөөврийн ор тавьдаг учир эмнэлгийн стандартын  автомашинаас зай багатайн дээр нумтай учир маш хатуу явдалтай. Энэ нь хөдөлгөөн хязгаарлагдсан, зөөвөрлөх боломжгүй оноштой өвчтөнийг эмнэлэгт хүргэх хооронд өвчнийг даамжруулах эрсдэлд хүргэдэг. Мөн бусад төрлийн автомашин нь жилд 20 мянган км туулах чадвартай бол фургон нь 10 мянган км зам туулдаг, 100 км газарт 22 литр бензин зарцуулдаг, мотор нь хоёр жил болоод “цохидог” гээд асуудал ихтэй, урсгал зардал өндөртэй автомашин. Бусад төрлийн эвдрэл ч хөдөө, хээр замд түгээмэл тохиолдог тухай орон нутгийн түргэний жолоочид хэлж байгаа юм. Ийнхүү эмнэлгийн автомашин гэдэг шаардлагатай үедээ эмнэлгийг орлох чухал үйлчилгээ атал өнөөдөр энэ хэмжээнд үнэлэгдэж байна. Харин хорь орчим жилийн өмнө арваад аймгийн эрүүл мэндийн байгууллагад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Land cruser 77 маркийн автомашин хандивласан нь одоо ч ямар нэгэн засвар үйлчилгээ хийлгэлгүй, орон нутгийн хэрэгцээг хангаж, нүүр тахалж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээнд явж байгаа автомашины 90 орчим хувь нь Фургон болон УАЗ 469 байна.

Эмнэлгийн байгууллагын чөтгөрийн тойрог

Тэгвэл Фургон, УАЗ 469 маркийн автомашиныг цэргийн байгууллагадаа ч авдаггүй байж яагаад Эрүүл мэндийн салбарт аваад байна вэ. Гэтэл Эрүүл мэндийн салбар ялангуяа хөдөө, орон нутгийн тендерийн шалгууртаа Фургон, УАЗ 469 хэмээн заадаг. Автомашины маркийг заагаагүй тохиолдолд хөдөлгүүр, моторын заалт сэлт тавигдах шалгуурыг зөвхөн Фургон, УАЗ 469-д зориулан гаргадаг. Өөрөөр хэлбэл, бусад төрлийн маркийн автомашин өрсөлдөх боломжгүй. ОХУ өөрөө ч энэ загварын автомашинаа Эрүүл мэндийн салбараас 10 гаруй жилийн өмнө халсан байтал манайх худалдан авсаар байна.

Өмнө нь 2015 онд Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг салбарын сайдын үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажиллаж байх үед өвчтөнг зөөж, тээвэрлэх үеийн тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэсэн автомашинаар хот, хөдөөгийн эрүүл мэндийн төвүүдийг хангах зорилгыг Эрүүл мэндийн яам дэвшүүлж, тушаал хүртэл гаргаж байжээ. Үүгээр цаашид түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээнд фургон ашиглахаа болих асуудлыг журамласан. Ингээд тендерээр яаралтай түргэн тусламжийн зориулалтын буюу тав тух хангасан, яаралтай эмчилгээ, шуурхайн оношилгоо хийх бололцоотой эмнэлгийн тоноглол бүхий NISSAN, HYANDAI, TOYOTA маркийн машинуудыг худалдан авч байв. Эдгээр автомашин нь туулах чадвар өндөртэй, ашиглалтын зардал ч маш бага ажээ.

2016 оны намраас эхэлсэн Эрүүл мэндийн салбарт хуучны Зөвлөлтийн Фургон, УАЗ 469-ийн үе эргэн ирсэн байдаг. Ингэхдээ хөдөө, орон нутагт эмчийн гар цүнхнээс өөр эмнэлэгийн автомашины тоноглолгүйгээр худалдан авсан байдаг.

ОХУ-д Фургон, УАЗ 469-ийг үйлдвэрлэдэг “Ульяновский автомобильный завод” хэмээх “ганцхан” үйлдвэр бий. Эндээс Монгол Улсын хэмжээнд эдгээр автомашиныг нийлүүлэх албан ёсны эрхтэй “ганцхан” компани бий. Энэ тохиолдолд тендер зарлачхаад хэн нь хэнтэйгээ өрсөлдөх вэ. Нөгөөтэйгүүр тухайн автомашины урсгал зардлыг төсвийн мөнгөөр хийх учир мөн л тендерээр явагддаг. Энэхүү тендерийг хэн авах бас л тодорхой. Өөрөөр хэлбэл, салбар нь өөрөө тендерийн шалгуур, өрсөлдөгчид гээд нэг хүний, нэг компанид зориулсан бодлого явуулж байгаа нь төрд шургалсан луйвар гэдгийг харуулж байна.

Энэ жил Эрүүл мэндийн салбарт дахин олон тэрбум төгрөгөөр автомашин авахаар төсөвлөгдсөн. Үүний дийлэнх хувиар Фургон, УАЗ 469 авахаар төлөвлөгдсөн. Учир нь сайд, дарга нар эмнэлгийн тусламж авахдаа Фургон эсвэл УАЗ 469-өөр явахгүй. Тэд зовлонг нь мэдэхгүй. Үүний горийг ард түмэн л амсдаг. Иргэддээ хатуурхсан энэ үйлдэлд эмнэлгийн байгууллагууд нь ч “Өгч байгаа нь их юм” хэмээн дасан зохицон хүлээн авдаг. Гэтэл дэлхийн хамгийн ядуу  улсууд ч эрүүл мэндийн салбараа эмнэлгийн тусгай зориулалтын бүрэн тоноглогдсон автомашинаар хангадаг.

Ямартай ч хурдан муудаж, “ээлж хийдэг” уг машинуудыг авсаар байгаа энэ тохиолдолд эрүүл мэндийн салбарт автомашины дутагдал чөтгөрийн тойрог мэт мөнхөд үргэлжилнэ. Хэсэг бүлэг хүмүүс ч мөнгөөр тасрахгүй байх нь. Ядаж хэдүүлээ дэлхийн хамгийн ядуу улс Зимбабийн  хэмжээнд эмнэлэгийн тусламж авчих юмсан даа.

Дэлхийн  хамгийн ядуу гурван улс орны эмнэлгийн автомашин

Нийтлэлч С.Баярмаа

ЭХ СУРВАЛЖ: ENTER.MN

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан