III эмнэлэг хоёр тэрбум төгрөгийн өртөг бүхий Ангиографийн аппараттай боллоо

2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилуулан, өнөөдөр хүлээн авлаа.
Зүрх, тархины судасны судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний өндөр хүчин чадалтай хамгийн орчин үеийн энэ аппаратыг Монгол Улсын Засгийн газраас  улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгч байгаа аж.
Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд даруй 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй.
Улсын гуравдугаар төв эмнэлэг улсын хэмжээний зүрхний судсан дотуурх мэс заслын тусламжийн 80 орчим хувийг, мөн тархи мэдрэлийн судсан дотуурх мэс заслын тусламжийг 100 хувь дангаар хариуцан, өндөр ачаалал хүлээн ажилладаг. Тус эмнэлгийн хувьд саяханыг хүртэл нэг ангиографийн аппараттайн улмаас төлөвлөгөөт тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл нэлээдгүй байсан.
 
Харин хамгийн орчин үеийн энэхүү шинэ аппарат суурилагдснаар тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл багасах, тархины харвалт, зүрхний шигдээсийн амь тэнссэн байдалтай ирж байгаа хүмүүст судсан дотуурх мэс заслын шаардлагатай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдлээ.
Мөн  тус эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай MRI буюу Соронзон резонаст томографийн аппарат суурилагдаж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтанд орох гэж байна. Ингэснээр зүрх мэдрэл төдийгүй элэг, бөөр, дотор эрхтэн, тулгуур эрхтэн зэрэг олон эрхтний өвчин эмгэгийг оношлох бүрэн боломжтой болох юм.
Эх сурвалж: ЭМЯ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан