Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Хархорины нэгдсэн эмнэлэгт Япон Улсад үйлдвэрлэсэн, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн авто машиныг хүлээлгэн өглөө.
Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь тойргийн сумдууд буюу Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Архангай аймгийн Хотонт, Хашаат, Булган аймгийн Рашаант сумын 25 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн 2 дугаар шатны тусламж үйлчилгээг хүргэдэг томоохон эмнэлэг юм. Түүнчлэн баруун аймгийг чиглэсэн төв зам сумын төвийг дайран өнгөрдөг учраас замын аваар осол ч багагүй гардаг байна.
Тиймээс өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь цаг алдалгүй үзүүлэхэд зориулалтын түргэн тусламжийн автомашин нэн шаардлагатай байсныг Нэгдсэн эмнэлгийн дарга П.Ууганбаяр хэлж байлаа. Тус эмнэлэг пургон болон Уаз-469 машинаар түргэн тусламжийн үйлчилгээг хүргэдэг байжээ.
Б.Батчимэг