Улаанбаатарчуудын мөрөөдөл болсон уушигны өвчлөлгүй хот болох зорилт биелэх үндэслэлтэй

 (Баримт дүгнэлтүүд)
 БАРИМТ 1.УУШИГНЫ ӨВЧЛӨЛ.
Дэлхий нийтийн ард иргэдийн эрүүл амьдралд хар мөрөө үлдээсэн “коронавирусын” өвчлөлтийн үед монголын эрүүл мэндийн байгууллагаас уушигны хатгаа өвчнөөр жилд 78 мянган хүн өвчлөж зөвхөн 2019 онд 431 хүүхэд хөгшид энэ шалтгаанаар хорвоогийн мөнх бишийг үзүүлсэн гэх сэтгэл хэрдхийлгэм тоо баримт гарч ирэв.
ЭНЭ ҮНЭН БАРИМТ УУ? -Аль эсвэл аливаа нэг дуулиант үйл явдлыг далимдуулан гаргадаг хоосон цуурхал уу гэдэгийг хэн ч баталгаажуулж тодруулаагүй байна. Улаанбаатар хотын эмнэлгүүдийн өнөөгийн ачаалалтын байдлаас харахад дурдагдсан тоо баримт бодит үнэнтэй гэдэг нь шууд харагдаж байна. 
 БАРИМТ 2. ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААН. 
Ард нийтийн эрүүл мэндэд том эрсдэл учруулж байгаа дээрхи өвчлөлт хоёр үндсэн шалтгаантайгаар явагддаг гэдэг нь хэн бүхэнд илэрхий байна. 
1.Уушигны хатгаа гэдэг энэ аюулт өвчлөлийн дэгдэлтийн 80 -90% нь зөвхөн монгол орны хамгийн эрс хүйтрэлтийн үе буюу 11 -р сарын эхээс 3- р сарын дунд үед гарч байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан мэдэллээс харагддаг. Гэвч энэ нь монгол орны хамгийн хүйтэн бүс нутаг болох Увс нуурын орчин, Хөвсгөлийн хотгор ба их голуудын сав нутгуудаар амьдран буй ард иргэдэд учирч байгаа  эрсдэл гэвэл үнэнээс хол тасархай болно. Дээрхи бүс нутгуудад энэ өвчний дэгдэлт харьцангүй бага гардаг гэсэн баримт бий. 
2.Өвчлөлийн тоо хэмжээ ба давтамж, гарсан байршлын жил тутмын мэдэллээс авч үзвэл өвчлөл дэгдэлтийн гол үндэс нь агаар мандлын бохирдол болох нь тодорхой байна.Үүнийг төр засгаас сайтар мэдэрч шат дараалсан арга хэмжээнүүдийг авсаар байгаа боловч эргэлт үзүүлэх бодит үр дүнд гаргаж чадаагүй байсаар байна. Өмнөх жилүүдэд улаанбаатар хотын түлшний хэрэгцээнд (гэр ахуйн дулааны хэрэгцээнд) органик бодисын агууламж ба чийглэг өндөртэй, шаталтын үед бий болдог дэгдэмхий бодисын агууламж ихтэй, Багануурын нүүрсийг түлхүү хэрэглэж байсан.(70% хүртэл) Өнгөрсөн оноос энэ түлшнийг хэрэглэхийг хориглож сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор нийслэлийн утааны өтгөрөл,утаат мандлын зузааны хэмжээ эрс багассан нь нүднээ илт харагдаж байна. Гэвч уушигны өвчлөлийн цар хүрээ ба агаарын бохирдлын хоруу чанар багасахгүй байгаа нь “АГААРЫН НАЙРЛАГЫН БҮТЭЦ” -эд (концентрация воздуха) гоц анхаарал хандуулахад хүргэж байна бус уу. 
 ДҮГНЭЛТ 1.
 БАЙГАЛИЙН САЛХИНЫ ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ. 
Улаанбаатарчуудын уушигны өвчлөлийн дэгдэлт агаарын бохирдол ба хүйтрэлтийн эрчим буурдаг 3 -р сарын дунд үеээс эрс буурч дараа жилийн 11 -р сар хүртэл бараг гардаггүй. Энэ нь байгалийн дулаарал ба салхины хүчин зүйлтэй шууд холбогдоно.
(ҮҮНЭЭС ҮЗЭХЭД ЭНЭ АЮУЛТ ӨВЧЛӨЛИЙН ЭМЧИЛГЭЭГ ЭНЭ БҮС НУТАГТ ҮҮСДЭГ САЛХИ,ДУЛААН ГЭДЭГ ЦАГ АГААРЫН ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ ДАНГААРАА ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЖ БОЛОХООР БАЙНА.) Хаврын улирал ирэхэд нийслэл хот орших  бүс нутгийн өмнөд хэсэг буюу 48 -р өргөрөгөөс урдуурхи тал нутгийн цас хайлж газрын гадаргуу хаврын нарны илчинд ээгдэн дулаарахад байгаль дэлхий өөрийн зүй тогтлоороо улирлын муссон салхийг бий болгоно. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үүссэн агаарын бохирдлын хорт тунаралтыг байгалийн салхины энэ цикл л баттай чөлөөлж чаддаг байна. ОХУ ын шинжлэх ухааны нэг өгүүлэлд агаарын бохирдол ба агаарын чанар бол зүрх судас, амьсгалын замын өвчлөлийн голлох шалтгаан гээд түүнээс сэргийлэх гол хүчин зүйл нь байгалийн ердийн салхи болох тухай дурдсан байна. Тэнд; Хэрэв салхины хурд 0 - 3 м/с байх бол бохир агаарын тунаралтад өөрчлөлт ордоггүй бөгөөд зөвхөн өөр хоорондоо сэлгээгдэх хэмжээнд явагдаж байдаг. Салхи 3 - 5 м/с байх бол агаарын бохирдолын 50 -60% нь саринуулагдан зайлуулагддаг. Хэрэв салхи зөвхөн нэгэн чиглэлд 7 м/с хүрч байвал агаарын бохирдлын тунаралт 100% саринуулагдах болно хэмээжээ.
 ДҮГНЭЛТ 2.
  ЭНЭ БҮС НУТАГТ ӨВӨЛИЙН УЛИРАЛД САЛХИ ҮЛ ҮҮСГЭХ БАЙГАЛИЙН ЗҮЙ ТОГТОЛ. 
Цаг уурын судалгаанаас үзвэл; Цаг агаарын үзэгдлүүдийн шийдвэрлэх хүчин зүйл болох нарны гэрлийн нийлмэл цацрагийн “альбедогийн” тогтворжилтоос шалтгаалж өвлийн улиралд салхины хүчин зүйл эрс уналтын байдалд ордог. (Энэ уналт дээр дурдсан 3 сар гаруй хугацаанд үргэлжилдэг.)  
Ялангуяа ази тивийн өндөрлөгт орших манай орны нутаг дэвсгэрт өвлийн дүн хүйтэнд үүлгүй цэлмэг ба чийгшил багатай нөхцөл бүрдэх нь салхины нам гүм байдлыг улам баталгаажуулдаг. Үүнд Улаанбаатар хот оршин буй дөрвөн уулын дундах газар зүйн өвөрмөц “тогоо”, их хотын дулааны алдагдлаас үүсэх “дулааны арал” үзэгдэл, нарны цацрагийн гэрэл дулааныг маш багаар нэвтрүүлдэг бохир агаарын зузаан тунаралт,салхины  хөдөлгөөнийг түгжигч  “инверсийн”урвуу үзэгдэл зэрэг нь салхи үүсгэх бүх нөхцлүүдийг хаадаг байна.
Бий болсон агаарын бохирдол хэсэг зуур агаар мандлын бага өндөрт тархах боловч хэсэг хугацааны дараа өөрийн жингээрээ газрын хөрсөнд бууж хөрсний бохирдлыг нэмэгдүүлнэ. Өндөрлөгөөс  нам дор газар руу чиглэх орон нутгийн ба авто хөсгийн хөдөлгөөний улмааас үүсэх хурд багатай явган салхи зэрэг нь газарт буусан бохирдлыг дахин дахин бага өндөрт хөөргөх бөгөөд шинээр үүсч байгаа бохирдолтой нийлэн агаар мандлын хорт тунралыг улам нэмэгдүүлсээр байдаг. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг уушигны өвчлөлтийн гамшиг ийнхүү байгалийн зүй тогтлын хүчин зүйлийн циклээр үргэлжилж байна.
 
 ДҮГНЭЛТ 3.
 
АГААР МАНДЛЫН БҮТЭЦИЙН ХҮЧИН ЗҮЙЛ,
 
Бидний оршин буй эх дэлхийн агаар мандал амьдралын бүхий л эко нөхцлийг бүрдүүлэгч шидэт увидастай билээ. Агаарын бүтэцийн 20,93 %-ийг хүчилтөрөгч,78,1 %-ийг азот,0,03%-ийг нүүрс хүчлийн хий, үлдэх 1% - ийг бусад хийнүүд бүрдүүлнэ. Хүчилтөрөгч нь бүх организмуудыг хүчиллэгээр хангах бөгөөд түүний хэмжээ 8%-иар багасахад л бүх органик бодисууд үхжихэд хүрдэг. Агаар дахь азотын хэмжээ 93% -иас дээш гарвал хүн амьдрах боломжгүй болдог байна. Агаар мандал болон орон сууцан дахь агаар дахь нүүрстөрөгчийн агууламж 0,1% хүрэхэд л хүн амьсгалын замын хурц өвчлөлтөд нэрвэгдэнэ. Дэлхий дээр 4 миллард гаруй хүн хоол хүнсээ боловсруулах болон ахуйн дулааны нөхцөлөө хангахын тулд агаар бохирдуулагч төрөл бүрийн түлш хэрэглэх бөгөөд хүн төрлөхтний бүтээсэн бүх төрлийн дотоод шаталтын хөдөлгүүрүүдтэй хамт бидний  амьсгалах хүчилтөрөгчийн хэрэгцээг байнга хорогдуулсаар байдаг. Харьцангүй хүйтэн цаг агаартай монголын нийслэлийн нөхцөлд дулаан үйлдвэрлэл болон дотоод шаталтын хөдөлгүүрт авто тээврийн хэрэгслүүдэд хэдий хэмжээний хүчилтөрөгч хэрэглэж түүний хэдэн хувийг байгалийн нөхөлтөөр хангагдаж байгааг тооцолох баримжаа тун хомс.  Хүний амьдарч байгаа орон байрны доторхи агаарын найрлага гадна орчныхоос илүү их бохирдолтой байдгийг хүн бүхэн мэднэ. Гаднах агаарын найрлага дахь хүчилтөрөгчийн эзлэх хувь хэмжээ буурсан,нүүрс хүчил ба азотын дутуу эсэлийн хэмжээ эрс нэмэгдсэн,газрын гадаргуу орчимд байх озоны хэмжээ ердийн хэмжээнээс дээшилсэн,автомашины дотоод шаталтын хөдөлгүүрээс бий болдог хүхрийн хүчлийн идвэхжил нэмэгдсэн зэрэг энэ эгзэгтэй цаг үед оршин суугчид тасалгааныхаа салхивчийг нээж  агаарын сэлгэлт явуулах нь аль хэр үр дүнтэй вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Энэ сэлгээ ЦЭВЭР АГААРЫН СЭЛГЭЛТ гэсэн нэр томъёондоо нийцэж байгаа эсэхийг эрүүл мэндийн байгууллагуудаас судлаж тогтоомоор.Түүнчлэн УГААРЫН ХИЙН ХОРДЛОГО буурахгүй байгаагийн шалтгааныг эндээс тодруулж болмоор санагдана.
ДҮН ӨВЛИЙН УЛИРЛЫН ИХ ХҮЙТРЭЛТ,ГАЗАР ЗҮЙН ӨВӨРМӨЦ ТОГОО,ИНВЕРСИЙН ДАВХАРГЫН АГААР СЭЛГЭЭНИЙ ТҮГЖЭЭ,БОХИР АГААРЫН ИХ ТУНАРАЛ ЗЭРЭГ СӨРӨГ ҮЗЭГДЛҮҮДИЙГ ҮГҮЙ ХИЙХ БАЙГАЛИЙН ӨӨРИЙН ЗҮЙ ТОГТНОЛД ҮНЭСЛЭСЭН САЛХИНЫ БАЙНГЫН ЦИКЛ ҮҮСГЭХ ТӨСӨЛ таны сонирхох дараачийн сэдэв байх болно.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан