Үнэгүй хийх хавдрын шинжилгээг хаана, хэн, хэзээ хийх вэ?


Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын чуулганы 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Тус хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушги, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон. Ингээд энэ хуулийн хэрэгжилт ямар байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Анд сайхан” өрхийн эмнэлгийг зорилоо.
 Өглөөний 08:10 цагт тус өрхийн эмнэлэгт цус болон шээсний шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд хувийн бэлтгэлээ ханган өөр өөрсдийн хэсэгт дугаарлан зогсоно.
 Ойролцоогоор 20 орчим иргэн байв. Тэдний дунд 40-ээс дээш насныхан илүү олон харагдсан бол жирэмсний хяналтад орохоор ирсэн хэд хэдэн ээж байна. Ямартай ч эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд, ахмад настнууд цус, шээсний шинжилгээгээ өрхийн эмнэлэгтээ үнэ төлбөргүй өгч эхлэв. Дараалалд зогсч буй 40-ээс дээш насны төлөөлөл болсон зарим хүнээс он гарсаар хэрэгжиж эхэлсэн долоон төрлийн хавдрын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг лавлахад, “Оны дараа нэг хэсэг телевизийн бүхий л мэдээллийн хөтөлбөрөөр учир битүүлэг мэдээлэл яваад байсан. Бүх иргэдээ долоон төрлийн хавдрын шинжилгээнд үнэгүй хамруулах юм байна гэж ойлгосон. Гэтэл үнэндээ нас заачихсан л юм байна лээ шүү дээ. Зарим нь гурван жилд нэг удаа үнэгүй хамрагдах шинжилгээ. Гэтэл мэдээлэл өгөхдөө иргэдийг төөрөгдөлд оруулж байна. Түүнээс гадна аль шатны эмнэлгийн байгууллагад хандаж оношилгоо хийлгэх нь тодорхойгүй.
 Тухайлбал энэ өрхийн эмнэлэгт тэр долоон төрлийн шинжилгээгээ өгөх юм уу, эсвэл Хавдар судлал, дүүргийн эмнэлэгтээ өгөх юм уу гэдгийг ойлгоогүй. Харин сануулсан дээр чинь өрхийн эмч нараасаа асууя” хэмээн нэгэн эмэгтэй хариуллаа. Түүний ард зогссон эрэгтэй бидний яриаг анхааралтай сонсч байснаа сая ам нээж ярианд оролцов. “Иргэдийг ийм олон төрлийн шинжилгээнд үнэгүй хамруулахаар болсон юм уу. Ээж аавдаа хэлье. Манай улсад хавдартай гэж оношлогдсон иргэдийн ихэнх нь хүнд шатандаа орсон үед нь эмнэлгийн байгууллагад ханддаг гэсэн. Нэгэнт үнэ төлбөргүй болчихсон юм бол үзүүлж байх нь зөв” гэснээ “Тэгээд хэдээс дээш насныхан, хаана үзүүлэх юм бол оо” хэмээн биднээс асуулаа. “Харин түүнийг чинь мэдэхгүй байна” хэмээн өнөөх эмэгтэй хариулав.
 Өрхийн эмнэлгийн орон зай тийм ч том биш болохоор бидний яриа нэг л мэдэхэд нийтийг хамарсан хэлэлцүүлэг болчхов. Жирэмсний давтан шинжилгээ өгч байгаа бүсгүй “Сүүлийн үед хорт хавдраар хөгшин, залуугүй л өвчилдөг болсон. Тэгэхээр бүх насныхныг л хамруулах байх. Хорт хавдрын шинжилгээнд иргэдийг үнэгүй хамруулна гэсэн мэдээ зурагтаар гарахыг харсан л даа. Харин яг нас заасан, заагаагүй гэдгийг анхаарч сонсоогүй” хэмээн инээмсэглэв. Энд өрнөж буй багахан хэмжээний хэлэлцүүлэгт иргэдийн оролцоо сайн байсан ч хэн нь ч бодит мэдээлэлгүй байсан нь манайхны “Мэддэг юм байхгүй, мэдэхгүй юм байхгүй” гэдэг үгтэй л утга дүйцэнэ. Бидний асуултын хариуг өрхийн эмнэлгийн ажилтан л өгөх байх хэмээн таамагласан нь алдсангүй. Иргэдээс гэрийн хаяг, эмнэлгийн байгууллагыг зорьж ирсэн шалтгааныг товч бөгөөд тодорхой асуусныхаа дараа хаана хэдэн тоот өрөөнд хэн гэгч эмчид үзүүлэхийг хурдан шуурхай хэлж өгч байгаа сувилагч эмэгтэйгээс дээрх шинжилгээг өрхийн эмнэлэг дээр авч байгаа эсэх талаар тодруулсан юм. “Өөрөө хэдэн онд төрсөн билээ. 30 нас хүрсэн бил үү. Хэрэв 30 нас хүрсэн бол умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээнд өрхийн эмнэлэг дээрээ үнэгүй хамрагдана. Гэхдээ шинжилгээнд хамрагдахаас өмнө хувийн бэлтгэлээ хангасан байх ёстой. Тухайлбал, шинжилгээ өгөхөөр ирэх өдрөөс гурав хоногийн өмнө бэлгийн харилцаанд ороогүй, бэлгэ эрхтнээ угаагаагүй, ямар нэгэн байдлаар мөөнгөнцрийн эсрэг эм бэлдмэл уугаагүй байх ёстой. Ингээд хувийн бэлтгэлээ хангасан иргэдийн хувьд ажлын өдрүүдэд цайны цагаас бусад үед хэдийд ч өрхийн эмнэлэгтээ хандаж шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Тухайлбал, 2020 оны хувьд 1990,1987, 1984, 1981, 1978,1975,1972,1969,1966,1963,1960 онд төрсөн эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдах юм” хэмээн тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд харагдахуйцаар бичгийн цаасан хэвлэж, наасан хэсэг рүү заав. Харин бусад төрлийн шинжилгээг өрхийн эмнэлэгт хийхгүй. Лаборатори бүхий томоохон эмнэлэгт хийх байх. Ямартай ч бид өөрсдийн хийх шинжилгээнийхээ бэлтгэлийг хангасан” гэв.
 Шинжилгээ өгөх дараалалд зогсохдоо бидний ярианд оролцоогүй иргэдийн нэг болох 50 гаруй насны эмэгтэй бид хоёрыг ярилцаж дуусах үед намайг дуудан “Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн хашааны хаалганы баруун урд буланд “Экспересс оношилгооны төвд” бүх төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж өгч байна лээ. Бодвол төрөөс санхүүжилтийг нь шийдсэн байх” гэв. Түүний хэлсэн бодит эсэхийг тодруулахаар тус газарт ирлээ. Үүдний хэсэгт, ямар шинжилгээг, аль өрөөнд очиж хийлгэх талаар үйлчлүүлэгчдэд зааварчилгаа өгч буй эмэгтэйгээс “Долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх шинжилгээ авч байгаа эсэхийг тодруулахад, одоогоор манайд тийм шинжилгээ хийгээгүй байна. Оны өмнө төрөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулж, хэд хэдэн багц шинжилгээг ЭМЯ-тай хамтран үнэ төлбөргүй хийж байсан. Тэр ажил он гарсаар зогссон. Одоо хийж байгаа долоон төрлийн хавдрын шинжилгээг манай эмнэлэгтэй хамтарч хэрэгжүүлэх талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй байгаа учраас, иргэдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлээгүй байна” гэсэн юм. Ямартай ч өнгөрсөн жил хэрэгжүүлж байсан насны ангилалтай багц шинжилгээг тус эмнэлэгтэй хамтран явуулсан бололтой. Өрхийн эмнэлэг дээр таарсан эмэгтэйн ярьсан зүйл нь худал биш боловч шинжилгээний төрлөө андуурсан нь тодорхой боллоо.
 Өглөө эртлэн гарсан боловч бага үд гэхэд өрхийн эмнэлэгт умайн хүзүүний эсийн шинжилгээ үнэ төлбөргүй өгч байгаагаас өөр дорвитой мэдээлэл олсонгүй. Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтантай холбогдож, долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх шинжилгээний талаар тодруулга авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, уг ажлыг хариуцан ажиллаж байгаа мэргэжилтэнтэй холбогдох утасны дугаарыг авч, хэдэнтээ оролдлого хийсэн ч холбогдож чадаагүй. Угтаа өнөө цагийг мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн эрин үе гэдэг тул хэн нэгний өрөөний үүдэнд хэзээ ирэхийг нь үл мэдэн үүрэглэн суудаг үе ард хоцорсон. Гэсэн ч холбоо тогтоож чадаагүй учраас Эрүүл мэндийн яамыг зорилоо.Төрийн яамдуудын жишгээр үүдний харуулаас нэвтрэх эрх авахын тулд уулзах хүний зөвшөөрлийг авах болов. Сүүлдээ тус яамны хэвлэлийн ажилтан ч утсаа авдаггүй. Хамгаалагчийн хэлж буйгаар хуралд орсон гэхээр хэсэг хүлээв. Арга тасрав. Албаны хүнээс эргэлзээтэй байгаа асуудлын хариуг энэ удаад авч чадсангүй.
 Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж буй нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм.Тиймээс иргэдийн дунд зонхилон тохиолддог долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон нь сайшаалтай. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ “бүх иргэд”-ийг эдгээр шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа мэтээр мэдээлж, иргэдийг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай. Үнэндээ бол, хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа үнэгүй хамруулахаар заасан. Өөрөөр хэлбэл 30-аас дээш насныханд хавдрын эрт илрүүлгийн долоон төрлийн шинжилгээнд гурван жилд нэг удаа ямар нэгэн байдлаар хамрагдах боломж бүрдсэн гэсэн үг.
 Он гарч, хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байхад хэрэгжилтийн үйл явц хангалтгүй байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус дүүргийн хувьд мөн л дээрх төрлийн шинжилгээнүүдийг авч эхлээгүй байгаа гэж хэлэв. Одоогоор хаана, ямар шинжилгээ авах талаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу иргэдэд үйлчлэх бэлтгэлээ хангаж шатандаа ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Эндээс бидэнд дасал болчихсон нэг л зүйл тодоос тод ажиглагдаж байна. Ямарваа нэгэн хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд урьдчилан бэлтгэлээ базаалгүй орхигдуулдаг байдалдаа хэзээ анхаарал хандуулах вэ.
"Ардчилал таймс" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан