Арьс арчилгааны дараалал нь хувь хүний арьсны онцлогоос шалтгаалдаг ч ерөнхий дарааллыг нь ойлгоход маш хялбар юм. Нэг л дүрмийг сайтар ойлгох хэрэгтэй: шингэнээс өтгөн гэсэн дарааллыг мөрдөх.
1. Нүүр цэвэрлэгч
Цаг гарган хичээж будсан будгаа арилгахыг хүсэхгүй байна уу? Төгс зурсан нүдний контур, урт сормуус гоё харагдах ч арьсаа цэвэрлэж амраах нь хамгийн гол алхам билээ. Нэг шөнө л нүүрний будагтайгаа унтахад арьс маш ихээр бохирддог ба хөгшрөх явц хурдасдаг юм. Тиймээс нүүрний будгаа арилгаж заншаарай.
Олон төрлийн нүүр цэвэрлэгч бий. Хөөсөрдөг, тосон, усан гэх мэт. Гэхдээ тэр дундаа хамгийн үр дүнтэй цэвэрлэгээ бол давхар цэвэрлэгээ юм. Нэгт будгаа өөрт таарсан цэвэрлэгчээр арилгаж, хоёрт сайтар нүүрээ угаана. Ингэснээр будаг болон арьсан дээр цугларсан тоос шороог бүрэн арилгах ба арьс дараагийн бүтээгдэхүүнүүдийг хүлээн авахад бэлэн болно.
2. Тонер
Тонер яг ямар үүрэгтэй вэ, ер нь хэрэгтэй юм болов уу хэмээн бодож байсан хүн олон байх. Тонерын ерөнхий үүрэг нь маш энгийн. Цэвэрлэсэн арьсандаа тонер түрхсэнээр дараа дараагийн түрхэх бүтээгдэхүүнээ арьсанд сайтар шингэхэд бэлдэж байна гэсэн үг юм. Орчин үеийн тонерууд арьсны pH түвшнийг тэнцвэржүүлэх, мөн бага зэргийн гуужуулах үйлчилгээтэй байдаг билээ.
3. Серум
Серум нь тонертой харьцуулбал илүү өтгөн мөн баяжуулсан бүтээгдэхүүн юм. Ямар арьсанд зориулагдсанаас шалтгаалан өөр өөр үр дүнтэй байдаг ба хэдэн өөр төрлийн серумыг давхарлаж хэрэглэж ч болно.
4. Нүдний тос
Нүдний эргэн тойрон дахь арьс нь хүний хамгийн эмзэг арьс учраас хайрлах хэрэгтэй юм шүү. Иймээс 20 наснаас эхлэн нүдний тос түрхэж хэвшсэнээр нүд орчмын үрчлээснээс сэргийлнэ. Нүүрээ цэвэрлэхдээ арьсаа аль болох татахгүй байж, нүдний хүрээлэн буй арьсандаа тосоо ядам хуруугаа гулсуулах мэт зөөлөн байдлаар түрхэж шингээнэ.
5. Эмчилгээний төрлийн бүтээгдэхүүн
Хэрэв та ямар нэгэн хүчил эсвэл батганы эсрэг тос түрхдэг бол дээрх дөрвөн шатны дараа түрхэж болох юм.
6. Чийгшүүлэгч Тос
Гөлгөр сайхан арьсны нэн чухал нууц нь чийгшүүлэгч билээ. Тослог ч бай холимог ч бай бүх төрлийн арьсанд зориулсан чийгшүүлэгч байдаг ба өөрт тохирсныг олох хэрэгтэй. Чийгшүүлэгч нь хамгийн баяжуулсан, өтгөн бүтээгдэхүүн учраас дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийн хамгийн эцэст нь бүрхэгч байдлаар түрхсэнээр бүтээгдэхүүнүүдийг арьсанд шингэхэд тусалж, дээрээс нь арьсанд чийгшил, нэмэлт тэжээл өгөх боломжтой.
7. Нарны тос
Ихэнх үрчлээс ба сэвх толбо нь нарнаас үүдэлтэй байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол нарны тос түрхэх явдал юм. Наргүй бүүдгэр өдөр ч нарны тос түрхэх хэрэгтэй учраас өдөр алгасалгүй хэрэглэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: buro247.mn