АНУ-ын Канзасын их сургуулийн саяхан гаргасан судалгаагаар чихэр хэт их идэх нь сэтгэлийн хямралыг улам хүндрүүлж болзошгүйг нотолжээ. Канзасын их сургуулийн судлаачид хэлэхдээ, өвлийн улирал бол сэтгэл гутрал илүү их тохиолддог үе бөгөөд өдөр богиносох нь зарим хүмүүсийн хэмнэлийг алдагдуулж, нойронд нөлөөлөхийн зэрэгцээ улмаар сэтгэлийн хямралд оруулдаг байна. Сэтгэлийн дарамтанд орсон хүмүүс илүү их чихэр хэрэглэхийг хүсдэг. Чихэрлэг зүйл их идэх нь зарим тохиолдолд сэтгэл санааг түр зуур сайжруулдаг хэдий ч удаан хугацаанд сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Судлаачид энэ талаархи холбогдох судалгааг Их Британийн “Анагаах ухааны таамаглал” сэтгүүлд нийтэлсэн байна. Тэд чихэрлэг зүйлийн хүний физиологи, сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөх талаархи дэлхийн хэмжээний цуврал судалгаанд шинжилгээ хийж, чихэр хэт их хэрэглэх нь бие махбодод үрэвсэл үүсгэдэг бөгөөд үрэвсэлтэй холбоотой зарим гормон тархийг сэтгэлийн хямралд оруулдаг болохыг тогтоожээ.
Чихэр их идэх нь бие махбодын бичил биетэнд нөлөөлдөг бөгөөд чихэрлэг орчинд бичил биетнүүд хялбархан үржин, химийн бодис ялгаруулж, улмаар хүмүүсийг сэтгэлийн хямралд илүү өртөмтгий болгодог байна. Сэтгэлийн хямралтай өвчтөнүүд чихрийн хэрэглээгээ багасгаж, сэтгэцийн эрүүл мэндэд тустай омега-3 баялаг хоол хүнс идэхийг судлаачид зөвлөж байна. Америкийн Зүрхний өвчнөөс сэргийлэх нийгэмлэгийн гаргасан стандартад өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх чихрийн хэмжээ 25 граммаас хэтрэхгүй байхыг анхааруулжээ.
Гэхдээ хүн бүрийн бие махбодын нөхцөл байдал өөр өөр байдаг учраас хүн бүрт тохирсон нэг төрлийн стандарт байдаггүй, хүмүүс өөрсдийн байдлаа харгалзан хоолны дэглэмээ зөв зохицуулах ёстой гэж судлаачид зөвлөсөн байна.
Eagle.mn