Амьдрал төгсөх цэгийг хойшлууллаа

Йелийн их сургуулийн эрдэмтдийн баг олон жилийн уйгагүй туршилт судалгааны үр дүнд үхсэн гахайн тархийг хэсэгчлэн сэргээж чаджээ. Шинжлэх ухааны туршилт, судалгааны ажил энэ чиглэлийн сэтгүүлд хэвлэгдэж баталгааждаг. Ненад Шестан тэргүүтэй эрдэмтдийн дээрх судалгааны ажил “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьж, амьдралын нууцыг тайлах хүн төрөлхтний өнийн хүслийг гүйцээхэд
нэгэн чухал алхмыг хийж чадсан хэмээн үнэлэгдэж байна. Ненад Сестан болон түүний багийнхны нээлт “Амьдралын эцсийн цэг хаана вэ?” гэсэн асуултын хариуг дахин тодорхойлоход хүргэсэн талаар өгүүлэхээр бэлдлээ.
Айдас, сонирхлын огтлолцол
Үхлийн талаар ер нь хэн ч бодохыг хүсдэггүй байх. Хүн таньж мэдээгүй зүйлээсээ айдаг учир үхэл бол хүн төрөлхтний хувьд хамгийн том айдас нь. Гэхдээ, таньж мэдээгүй зүйл айдас төрүүлэхийн зэрэгцээ сонирхол, танин мэдэх хүслийг бас өдөөдөг увдистай. Тийм ч учраас үнэндээ бол үхэл, үхлийн нууцыг тайлах нь бүх л цаг үед хүн төрөлхтний хамгийн амттай сэдэв байсаар ирсэн билээ. Үхлийн дараах амьдрал гэх мэт, ер үхэлтэй холбоотой та бидний мэддэг бүхэн үүний баталгаа юм. Үхэл гэж юу вэ гэдгийг бүгд мэддэг ч цаана нь шинжлэх ухаанч тодорхойлолт байдаг, тэр нь нэг бус удаа өөрчлөгдөж ирснийг мэдэхгүй болов уу. Эхлээд амьсгал татаж, зүрх зогсохыг үхлийн эцсийн шинж гэж үзэж байлаа. Энэ ойлголт өнгөрсөн зууныг хүртэл үнэнд тооцогдож байв.
XX зуунд хиймэл амьсгаа, зүрхний аппаратууд бий болсноор энэ ойлголт өөрчлөгдөж, үхлийн эцсийн цэг нэг алхмаар цаашилжээ. Энгийнээр хэлбэл, амьсгал татах, зүрх зогсох нь үхлийн эцсийн шинж биш болсон  байна. Шинжлэх ухааны хөгжил зүрх, уушгины ажиллагааг тархинаас “булааж” авчээ. Шинжлэх ухааны эдгээр нээлтийн ачаар үхлийн тодорхойлолтыг албан ёсоор өөрчилснийг 1968 онд Харвардын Анагаах ухааны сургуулийн Тусгай хорооны илтгэлд танилцуулсан бөгөөд 1981 онд Нас баралтыг тодорхойлох тухай хуульд оруулан баталгаажуулсан юм. Тодруулбал, “Цусны эргэлт, амьсгалын үйл ажиллагаа зогсох” байсныг “Цусны эргэлт, амьсгалын үйл ажиллагаа эргэлт буцалтгүй зогсох” болгож, “Тархины эд эсэд эргэлтгүй өөрчлөлт орох” гэдэг үгийг нэмсэн байна. Өөрөөр хэлбэл тархи чинь үхэж байж л та үхнэ гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолтыг одоо ихэнх улсад дагаж мөрддөг.
Амьдрал төгсөх цэгийг хойшлууллаа
Үхлийн дараах амьдрал
Амьсгал татаж, зүрх цохилохоо больсноос ойш төв мэдрэлийн систем, тархины эд эсэд эргэшгүй өөрчлөлт орох хүртэл 5-6 минутын хугацаа бий. Орчин үеийн анагаах ухаанд энэ хугацааг бүрэн ашиглаж өвчтөнийг үхлийн савраас салгах зорилготой бүхэл бүтэн салбар (реаниматологи) бий болжээ. Гэхдээ, тархи үхэжсэн ч эд, эсийн төвшинд үхэл иртлээ багагүй хугацаа зарцуулдаг нь эрдэмтдийг улам цааш ахих хөшүүрэг болж буй. Заримдаа хэдэн цаг, хэд хоног, хэдэн арван хоногоор ч үргэлжилдэг. Энэ хооронд талийгаачийн биед үс, хумс ургаж, сарын тэмдэг ирж, тэр ч бүү хэл дархлааны тогтолцоо нь ажиллаж, гаднын биеттэй тэмцэж байдаг. Тархины үйл ажиллагаа зогссон (одоогийн тодорхойлолтоор бол үхсэн) эхийн жирэмсний хугацааг үргэлжлүүлсээр (Дээд тал нь 107 хоног) амьд хүүхэд төрүүлсэн тохиолдол 30 бүртгэгдээд байна.
АНУ-ын Нью -Йорк мужийн оршин суугч Жахи МакМат хэмээх эмэгтэйгээс 2018 онд амьсгалын аппаратыг нь салгасан. Хаанахын, ямар ч эмнэлэгт байдаг ердийн энэ ажиллагаа тухайн үедээ дэлхий нийтийг шуугиулсан юм. Учир нь эмэгтэй Калифорнийн эмнэлэгт нас барсан бөгөөд тархи нь ажиллагаагүй, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тодорхойлолтоор бол үхсэн байж. Харин гэр бүлийнхэн нь эмнэлгийн дүгнэлттэй санал нийлээгүй тул Нью Жерси дэх гэртээ хиймэл амьсгалын аппарат, бусад тоног хэрэгслийн тусламжтайгаар бараг таван жил амьд байлгасан юм. 
Одоогийн үхэл үхэл биш 
Анагаахын шинжлэх ухаан, техник технологийн дэвшил хангалттай өндөр түвшинд хүрсэн ч төрөх, үхэх буюу эхлэх, төгсөх хоёрын зааг ялгаа хараахан тодроогүй хэвээр байна. Аристотель 2000 жилийн тэртээ Оюун санааны тухай (De Anima) бүтээлдээ “Аливаа амьд биет нь биеийнхээ хэсгүүдээс том хэмжээтэй” хэмээн бичиж байжээ. Тэрээр оюун санаа буюу сүнсний тухай бичсэн юм. Агуу Аристотель хүлээн зөвшөөрсөн тэр оюун санаа буюу сүнс үнэхээр байдаг уу?. Шашин номлогчдын баталдаг шиг, шинжлэх ухаан үнэхээр энэ дэлхий дээр байсан, байгаа, цаашид ч байх зүйлсийг нэг, нэгээр нь илрүүлж байгаа төдий, эцсийн цэг нь сүнс бурхан байдгийг нотлох юм гэж үү?. Яг одоогийн нөхцөлд үүнийг шууд үгүйсгэж болохооргүй байдалд байна. Орчин үед хэрэглэж байгаа үхлийн тодорхойлолтод байх “Эргэлт буцалтгүй” гэдэг үгэнд анхаарлаа хандуулъя л даа. 
Орчин үед энэ үгийг “Реаниматологи”-ийн шинжлэх ухааны хөгжлөөс хамаарна гэж тодорхойлж бараг л болж байна. ХХ зууныг хүртэл амьсгал татах, зүрх зогсох нь “Эргэлт буцалтгүй” байсан бол одоо тархины үйл ажиллагаа зогсохыг “Эргэлт буцалтгүй” гэж үзэж байна. Гэтэл Йелийн их сургуулийн эрдэмтэд энэ ойлголтыг өөрчилчихлөө. 
Тархины үйл ажиллагааг сэргээлээ 
Йелийн их сургуулийн Анагаахын сургуулийн Ненад Шестан ахлагчтай эрдэмтдийн баг үхсэн гахайн тархийг сэргээхээр судалгаа, туршилтын ажил хийсэн нь амжилттай болжээ. Судалгааны ажлын үр дүнг “Nature” сэтгүүлд хэвлэн баталгаажуулаад байна.
Эрдэмтэд гахайн үхэжсэн тархийг гавлын яснаас салган авч, тусгайлан бүтээсэн, зүрхний ажиллагааг орлох аппараттай холбоод мөн энэ туршилтад зориулан бүтээсэн тусгай шингэнийг гүйлгэжээ. Цусыг орлуулсан энэ шингэн дотроо хүчилтөрөгч, эд эсийг эвдрэлээс хамгаалдаг эмийн бодис хийсэн байна. Бөөрний дутагдалтай хүмүүс өдөр тутамдаа хэрэглэдэг диализын аппараттай төстэй л зүйл хийж. Гол нь шингэний молекулын бүтэц, тархины эд эсэд үзүүлэх нөлөөнд гол найдлагаа тавьсан байна. 
Тархи бол хамгийн их эрчим хүч, хүчилтөрөгч зарцуулдаг эрхтэн гэдгийг мэднэ. Цусны эргэлт зогсож, хүчилтөрөгчийн хангамж тасалдаад хэдхэн секунд болоход нөөц нь шавхагдаж, дахин хэдэн минут болоход тархины эд эс үхжиж эхэлдэг (хавагнах эсийн задрал гэх мэт). Энэ үйл явцыг микроскопоор ч тодорхой ажиглаж болдог. Тэгвэл Ненад Шестан болон түүний багийнхан биеэс нь таслаад дөрвөн цаг болсон буюу одоогийн хэмжүүрээр бол амьдрах ямар ч боломжгүй тархийг сэргээжээ. 
Н.Шестаны баг жил гаруйн өмнө, 2018 оны дөрөвдүгээр сард үхсэн гахайн толгойг 36 цаг амьдруулж чадсан бөгөөд энэ амжилтыг нь ВВС агентлаг онцолж байсан удаатай. 
Хиймлээр сэргээгдсэн тархины эд эс, артер, хялгасан судсууд хэвийн ажиллаж, үхлийн шинж тэмдэг болох задрал, хаван нь аажмаар арилсан аж. Хамгийн гол нь тархи нөхөн сэргэсны хамгийн гол шинж болох хүчилтөрөгч, глюкоз болон шаардлагатай бусад тэжээлийг хэрэглэж байжээ. Энэ бүх үр дүнг гаргасны дараа эрдэмтэд “Үхэжсэн тархины үйл ажиллагаг сэргээж болно” гэсэн зоригтой мэдэгдэл хийж, “Nature” сэтгүүл илтгэлийг нь эл үгээр гарчиглажээ. Нөхөн сэргээгдсэн тархинд байрлуулсан мэдрэгчүүд тодорхой дохио илгээхгүй байсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь Н.Шестаны багийнхны тооцоолсон үйлдэл бөгөөд шингэнд мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлах үйлчилгээтэй бодис хольсон байсан гэнэ. Тархийг гавалнаас гаргаж авсан тул ийм ноцтой хохирол авсны дараа сэтгэлийн асар их шаналал, өвдөлтийг мэдрэх магадлалтай. Тиймээс амьтан зовоохгүйн тулд урьдчилаад ийм арга хэмжээ авчээ. Гэсэн ч тархины эсүүд цахилгаан цэнэг ялгаруулж байсан нь цаашид туршилтыг үргэлжлүүлж болно гэдгийг хангалттай баталж байгаа аж. 
Эрдэмтэд гахайн дээр явуулсан энэхүү туршилт, судалгаа цаашдаа амжилттай болбол хүн эмнэлгийн салбарт шинэ боломжуудыг нээнэ хэмээн найдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нас барсан
хүмүүсийг сэргээн амьдруулах боломжит хугацаа дөрвөн цаг хүртэл нэмэгдэх магадлал үүсэж байна. Тодорхойгүй зүйл их байгаа ч замын зураг гарчихсан. Йелийн их сургуулийн Ненад Шестан тэргүүтэй эрдэмтэд энэ замыг гаргалаа. Хэзээ нэгэн цагт, дэлхийн хаа нэгтээ үхлийг хуурах оролдлого гарах нь тодорхой болжээ. Магадгүй, шинэ нээлтүүд ар араасаа хөвөрсөөр амьдрал, үхлийн жинхэнэ нууцыг нээх ч юм билүү.
Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан