Өнөөдөр хорт хавдар өвчин Монгол Улсад газар аван тархсаныг гэрчлэх статистикийн цөөн үзүүлэлтийг эхлэн дурдъя. Тухайлбал манай улсын хүн амын дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 8.0 дахин өндөрт хүрч зөвхөн сүүлийн 19 жилийн хугацаанд хорт хавдраар 91,0 мянган хүн нийт хүн амын 3,25 хувь/ өвчилсөний 53,1 хувь буюу 48,4 мянга нь элэг, ходоод зэрэг хоол боловсруулах эрхтний өвчлөл эзэлж байна. Сүүлийн 28 жилийн хугацаанд хүн амын дундах хавдрын өвчлөлийн стандартчилсан түвшиний үзүүлэлт /ӨСТ/ 63,0 хувь /2,25x28/ хүртэл өссөний зэрэгцээ ойролцоогоор 115,0 мянган хүн /нийт хүн амын 4,42 хувь/ хорт хавдраар өвчилсөн бол сүүлийн 18 жилд ургийн гажигтай төрсөн хүүхдийн тоо 4,0 дахин нэмэгдсэн байдаг. Элэгний хорт хавдраар өвчлөгсдийн 80 орчим хувь, бусад эрхтний өвчлөлийн 60 орчим хувь мөнх бусыг үзүүлдэг болох нь тогтоогдсон байдгаас харахад дэндүү олон бодь гал цагаасаа эрт буцсаныг үзүүлсэн нь үндэсний эмгэнэл гэж үзэхээс өөр аргагүй.
Гэтэл одоогоос гуч дөчөөдхөн жилийн өмнө буюу 1970-80 аад оны үед хорт хавдрын өвчлөл өнөөгийнхтэй харьцуулбал маш бага, газар тэнгэр шиг асар их ялгаатай байсныг сэтгэл зовнин үүнийг тэрлэгч миний бие сайн мэдэх нэгэн юм. Тэр үед ахимаг насны хэн нэгэн “нарийнтах” гэх өвчин/улаан хоолойн хорт хавдар/-аар өвчилж манай гол усныхныг нэг хэсэгтээ цочирдуулж хирдхийлгэдэг, тэр нь ёстой “өдрийн од” шиг ховор хаяа нэг тохиолддог байсан нь саяхан мэт тод санагдж байна.
Гэтэл өнөөдөр хорт хавдар, ургийн гажиг зэрэг олон аюулт өвчин манай улсын хүн амын дунд газар аван тархан гаарч аюулын харангыг дэлдсээр байна. Онгон зэрлэг байгальдаа ойрхон амьдарч экологийн цэвэр хүнс хэрэглэж ирсэнэрүүл саруул үндэстэн, энх тунх амьдарч байсан ард түмэн яагаад, чухам ямар шалтгааны улмаас энэ цөөхөн жилийн хугацаанд урьд өмнө үзэгдэж, сонсогдоогүй олон төрлийн аюултай өвчин, түүний дотор хорт хавдар хэмээх үхлийн аюултай тахалд үндэстний хэмжээнд нэрвэгдэхэд хүрч өнөөдөр дэлхийн улс орнуудаас хамгийн их өвчинд нэрвэгдэж, зовж шаналсан ард түмэн болон хувирав?!Арга ч үгүй юм. Гуч дөчин жилийн турш химийн бохирдолд орсон хоол хүнс хэрэглэж буй ард түмэн хордож хавдахгүй, хорт хавдар тусахгүй байхаас өөр яах билээ?!
Манай улсын нийт ард иргэд дээрх хугацаанд өдөр тутмын ахуйн хэрэглээний ундны ус, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ зэрэг олон төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүнсний зориулалтын бус буюу химийн бодисын хуванцар саванд савлаж, хадгалж, зөөж тээвэрлэж түүнийгээ хэрэглэж байгаагаас шалтгаалж монголчууд бидариун тансаг сүү, цагаан идээ, рашаан ус, хоол хүнс биш харин хүний амь насанд аюултай, эрүүл мэндэд ихээхэн гэм хортой химийн хүнд металл, нэгдлээр бохирдсон хоол хүнсийг байнга идэж ууж, хэрэглэж ирсэн явдал нь химийн бодисын архаг хордлогод үндэстний хэмжээнд нэрвэгдэх бодит нөхцлийг бүрдүүлж үүний улмаас өнөөдөр хорт хавдар, ургийн гажиг, оюуны хомсдол, хүүхдийн цусны хорт хавдар болон бусад олон аюултай өвчин манай хүн амын дунд газар аван тархсаны голллох хүчин зүйл, шалтгаан нөхцөл болсоор байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав баглаа боодол" үндэсний хөтөлбөрийн хавсралтын 1.1-д "... хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд шилжиж хүний биед орж хуримтлагдан олон төрлийн өвчний суурь шалтгаан болоод зогсохгүй хорт хавдар үүсгэдэг гол хүчин зүйлийн нэг юм.
Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаа /2008 он/-аар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60- 800, формальдегид 1800- 6900 дахин их байгааг тус тус тогтоосон болно” гэж онцолж дурдсан байдаг.
Энд дурдагдаж буй химийн хүнд металл болох хар тугалга, хорт хавдар үүсгэдэг А зэрэглэлийн хортой бодис формальдегид нь стандарт хэмжээнээс хэдэн зуу, мянга дахин биш ердөө 3-5 дахин их байхад л хүний биеийн эрхтэн системд хорт хавдар болон бусад олон эдгэшгүй өвчин үүсэх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг байна. Дээрх судалгааны дүгнэлт нь хорт хавдар өвчин өнөөдөр Монгол улсад газар авахад хүрэх гол хүчин зүйл мөн болохыг одоогоос 11 жилийн өмнөөс анхааруулан сэрэмжлүүлж байсан нь харагддаг бөгөөд тэр нь ч өнөөдөр Монголчуудын амьдрал дээр ил тод бүрнээ нотлогдож байна. Гэвч манай улсын ЭМЯ өөрийн харъяа судалгааны энэ байгууллагын дээрх ноцтой дүгнэлтийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч хүн амын эрүүл мэндийг химийн хордлогоос хамгаалах, түүнээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэлгүй өнөөг хүрч байгаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлогын том алдаа, гажуудал гэж харж байна.
Өнөөдөр ойролцоогоор 4,5 сая орчим дээрхтэй адил химийн хорыг өөртөө өндөр тунгаар агуулж хүний биеийн эрүүл эсийн бүтцийг өөрчилж хувьсалд оруулж хорт хавдар үүсэх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг химийн бодисуудын нийлбэр болсон хуванцар сав манай иргэдийн эрүүл мэндэд өдөр тутам бодитойгоор заналхийлж Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй байх тухай Үндсэн Хуулийн суурь зарчим алдагдаж улмаар улс орны Үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа юм.
Хүнсний бүтээгдэхүүний сав, савлагааны аюулгүй байдлыг хангасан 1,3 тэрбум хүн амтай их гүрэн Энэтхэг улсын Джабалпур мужийн хөдөөх тосгоны иргэд 2002 онд пестицидийн хуванцар саванд (хүнсний бүтээгдэхүүнээ хадгалсанаас хордон 3 хүн нас барж 10-аас доошгүй иргэд , эмчлүүлсэн тухай мэдээлэл, ДЭМБ-ын мэдээнд дурдсан байдаг. Харин гуравхан сая хүн амтай манай улсад ард иргэд нь гуч, дөчин жилийн турш олон сая ширхэг пестицидийн хуванцар саванд хоол хунсээ хадгалж, зөөж тээвэрлэж түүнийгээ хэрэглэж ирсэнээс шалтгаалж иргэдийн эрүүл мэндэд сөргеөр нөлөөлж үүссэн хүн амын дундах өвчлөлийн тандалт судалгаа, үнэлэлгээ дүгнэлт, мэдээ мэдээлэл өнөө хэр байдаггүй нь ЭМЯ-ны бодлогын алдаа, завхрал гэж хэлэхэд хүргэж байна. Ерөөс алив төрийн алдаатай бодлого нийгэмд ихээхэн хор хөнөөл дагуулж байдаг нь жам ёсны үзэгдэл юм. “Төрийн түвшинд бодлого алдагдсан нэг жижиг асуудал иргэдийн амьдралд олон том асуудал болж ирдэг” гэсэн төрийн бодлого үйл ажиллагааны нийтлэг бөгөөд сонгодог зарчмаас харахад ЭМЯ-ны энэ “жижиг” алдаатай бодлогын үр дагаварт Монголын нийгэмд тоолшгүй олон мянган өвчин зовлон учирч, хүн амын эрүүл мэндэд гамшиг нүүрлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэ алдаатай бодлогоо залруулж хүн амын эрүүл мэндэд учруулж буй ахуйн хэрэглээн дэх хуванцрын химийн хордлогын хор хөнөөлийн талаарх асуудлыг бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, нийгэмд үйлчилдэг тус Төрийн бус байгууллага /НҮТББ/-аас олон удаа санал болгон хандсан боловч ЭМЯ энэ асуудалд ач холбогдол өгч анхаарал хандуулалгүй ирсэн. Яаж зүгээр байхав гэсэн мэт ор нэр төдий ганцхан заалтыг Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн 3.7,1.4-г оруулсан юм.
Харин ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Тэргүүн доктор Су НьюУнт-У болон ажилтан нар манай дээрх санал хүсэлтэд эхэн үедээ итгэж ядан гайхаж, иргэдийн химийн хортой саванд ундны ус, сүү, цагаан идээгээ хадгалж, хэрэглэж байгаатай газар дээр нь үзэж танилцсаны дараа тэдгээр хүмүүсийн сэтгэл ихээхэн зовинон эмзэглэж байсан. “ноцтой асуудал" хэмээн үзэж ихэд анхаарч тус байгууллагын санхүүжилтээр “Хүнсний зориулалтын хуванцар савны хэрэглээний тандалт судалгаа”-г 2015 онд хийж уг судалгааны дүгнэлт нь Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг батлахад нэг үндэслэл болсоныг энд онцлон дурдъя.
УИХ-ын зарим гишүүдийн Асуулгад өгсөн ЗГХЭГ-ын өгсөн хариуд “Дэлхий дахинд жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ...“тухай мөн манай улсад “2018 оны байдлаар 6073 хавдрын шинэ тохиолдол оношлогдож, 4412 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барсан ...хорт хавдрын өвчлөл, нас баралт цаашид нийгмийн хөгжил, хүний амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны бохирдол, насжилт гэх мэт олон хүчин зүйлээс нэмэгдэх хандлагатай..." гэж хорт хавдар зайлшгүй нэмэгдэх мэт үзэж, дэлхийн чиг хандлагыг тооцож байгаа хэрнээ дэлхий нийтэд ахуйн зориулалтаар хэрэглэхийг хатуу хориглодог “Waste extremely hazardous” гэх нэршилтэй химийн хүнд металл, нэгдлийг өөртөө ихээхэн хэмжээгээр агуулж байдаг аюултай хог хаягдал болох химийн бодисын хуванцар савны ахуйн хэрэгдээ өнөөдөр манай ард иргэдийн дунд хэт хавтгайрч химийн бохирдолд орсон хоол хүнс удаан хугацаанд байнга хэрэглэж байгаагийн улмаас энэ нь манай улсын хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийн өндөр түвшний тархалтын дийлэнх хувийг бодитойгоор нөхцөлдүүлж, өвчлөл нэмэгдэх гол хүчин зүйл, шалтгаан болж байгааг салбарын Яам олж харахгүй, харахыг ч хүсэхгүй байгаа нь дэндүү харалган бодлого, эмгэнэлт явдал юм.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тоггоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх” /ХБӨ/ үндэсний хөтөлбөрт “...хүн амын нас баралтын шалтгааны 85,9 хувийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний нэг нь зүрх судсны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдар өвчний шалтгааны улмаас нас барж байна ... урьдчилсан тооцоолсоноор 2025 он гэхэд жилд хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатай байна” гэж ЭМЯ хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлд архи тамхины хэрэглээ таргалалт, насжилт, орчны бохирдол нэмэгдсэнээр гэх хориод жилийн өмнө тооцож байсан хавдрын эрсдэлт хүчин зүйлийг өнөөдөр мөн адил тооцож байна. Энэ нь өнөөгийн амьдралын нөхцөл байдалд нийцэхгүй, ихээхэн алдаатай дүгнэлт хийж таамаг дэвшүүлж байгаа нь монгол ардын нэгэн мэргэн үгэнд байдаг “Уулын чинээ харыг харахгүй дуулайн чинээ цагааныг олж харав” гэгчээр нийт ард иргэд нь хуванцар савны хорон дунд нэлэнхүйдээ “живчихсэн”, хүн ам нь химийн хордлогод өдөр тутам, өвөл зун, хот хөдөө ялгалгүй, хөгшин залуугүй үндэсний хэмжээгээр нэрвэгдэж буйг тооцож үзэхгүй, гамшгийн хэмжээнд байгаа тулгамдсан энэ асуудалд ийнхүү бодитой бус хандаж байгаа нь дэндүү харамсалтай бөгөөд хачирхалтай санагдаж байгаа юм. Сүүлийн гуч, дөчөөд жилийн хугацаанд манай ард иргэдийн гар дээрх химийн хүнд металл, нэгдэл бүхий хуванцар савны тоо ойролцоогоор 90,0 дахин нэмэгдэж 4,5 сая орчимд хүрч нэмэгдсэн.
Өнөөдөр манай улсын хүн амын дундах хавдрын өвчлөлийн стандартчилсан түвшин /ӨСТ/ 63.0 хувьхүртэл өсч, хоол боловсруулах эрхтэн системийн тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин дэлхийн дунджаас 8,0 дахин өндөрт хүрч “тасран цойлж”, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүн эгнээнд жагсаж, бага насны хүүхдийн цусан дахь хүнд металлын нэвчилт ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 4-5 дахин ихэсч, хүүхдийн цусны хорт хавдар, ургийн гажиг, оюуны хомсдол зэрэг эдгэшгүй, үхлийн аюултай олон өвчин хүн амын дунд газар аван тархан гаарч байгаагийн голлох шалтгаан, хүчин зүйл болж байгааг монголчууд бидний өнөөгийн амьдрал барин тавин ил тодоор нотлон харуулж байна.
Энэ бүгдээс харахад химийн бодисын болон хүнсний зориулалтын бус хуванцар сав баглаа боодлоос монголчуудын хоол хүнсийг нэн даруй салгах, эдгээр савны хэрэглээнээс нөлөөлж үүссэн хүн амын дундах өвчлөлийн тандалт судалгаа, үнэлгээ, дүн шинжилгээг даруй хийж магадлан тогтоох, түүнээс шалтгаалсан өвчлөлөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод цаг алдалгүйгээр тусган оруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ асуудал бол цаг үеийн онцгой шаардлага, хүлээлт үүсгэсэн нийгмийн захиалга юм. Хэрэв эдгээр хуванцар савыг ахуйн хэрэглээнээс бүрэн шахан гаргасан тохиолдолд 6-10 жилийн хугацаанд хүн амын дундах дээрх өвчлөлүүдийн өндөр түвшний тархалт эрс багасч цаашлаад 60-80 хувь хүртэл буурах бүрэн магадлалтай болохыг амьдрал, цаг хугацаа бидэнд нотлон харуулах нь дамжиггүй юм.
Ийнхүү химийн бохирдолд орсон хоол хүнс нь хүний эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж эрсдэл дагуулж хорт хавдар өвчин үүсэх эрсдэлийг 90 хүртэл хувь нэмэгдүүлдэг болохыг манай ард иргэд маань ойлгон ухаарч хорт хуванцрын хэрэглээнээс бүрэн татгалзаж өөрийн болон үр хүүхэд, гэр бүлийнхээ цаашлаад нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас зайлсхийхийг уриалж байна.
Манай Нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага /НҮТББ/ эдгээр хуванцар савны хэрэглээг хориглож, хүнсний аюулгүй байдлыг хангаж хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн “Сав баглаа боодол" үндэсний хөтөлбөрийг батлуулж УИХ-ын Байнгын хорооны хоёр ч тогтоол гаргуулсан боловч Төр, Засгийн дээрх бодлого шийдвэрүүд цаасан дээрээсээ бууж иргэдийн амьдралд хүрч, малчдын хотонд очиж хүрч хэрэгжихгүй байсаар байгаа хэдий ч удахгүй монголчууд бид хорт хуванцар сав болон хорт хавдар өвчнөөс нэгэн зэрэг салах сайхан цаг айсуй гэдэгт итгэл төгс байна.
Р.НЯМДОРЖ
“Заша өвс төв" ТББ-ын тэргүүн, “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн удирдан зохион байгуулах зөвлөлийн гишүүн