Хоолойд тулсан хорт хавдар


Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй нь шинэ мэдээ биш ээ. Бараг 10 жилийн өмнө энэ тухай чих дэлссэн мэдээ “Time” сэтгүүлд гарсныг иш татан бичиж байснаас хойш нөхцөл байдал огт дээрдсэнгүй, бүр дорджээ.

Монголд 2017 онд хорт хавдрын 6073 шинэ тохиолдол оношлогдож, 4412 хүн энэ өвчний улмаас хорвоог орхисон нь цөөхөн монголчуудын хувьд аюулын  харанга. 2017 онд ДЭМБ-аас гаргасан статистикаар Монгол Улс 100 мянган хүн ам тутамд 197 хүн хорт хавдраар нас барж буй үзүүлэлтээрээ, мөн ходоод, элэгний хорт хавдраар нас барж буй иргэдийн тоогоороо 183 улсаас дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
Монголд хорт хавдраар оношлуулсан, нас барсан хүний тоо /Эх сурвалж: ЭМХҮТ/ 
Хавдрын өвчлөл хэрхэн нэмэгдсэнийг энэ төрлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн ачааллаас харахад ч илэрхий байна. Эмнэлгийн төв хаалгаар оруут цахим бүртгэл, шинжилгээ авах хэсэг, үзлэг хийж буй эмч нарын өрөөний үүдэнд дугаарлах иргэд, цаашлаад Мэс заслын тасгуудын хүлээх өрөө хөл тавих зайгүй шахам хүнтэй байх ажээ. Өвчлөл өндөртэй учир 1982 онд тухайн үеийн хотын хүн амын тоогоор тооцоолж барьсан эмнэлгийн байр савны багтаамжаас эхлээд хүлээгдэл, чирэгдэл ч тэр хэрээр нэмэгдсэн нь мэдээж.
Жишээлбэл, тус эмнэлгийн Толгой, хүзүүний мэс заслын тасгийн төлөвлөгөөт хагалгааны хуваариас харахад гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэлх 20 хоногийн хугацаанд хагалгаанд орох хүнийг төлөвлөж, хүлээлт үүсжээ. “Энэ баасан гарагт эмч нарын зөвлөгөөн хийж хагалгаанд орох 10 хүний нэрийг нэмж зооно гэхээр хүлээх хугацаа тэр хэрээр уртасна. Мэс заслын эмч нарын тоо хангалттай ч эмнэлгийн хэмжээнд тасаг тус бүр хагалгааны нэг нэг өрөөтэй тул хүлээгдэл үүсэж, өвдсөн иргэдийг чирэгдүүлж байгаа юм. Энэ байдлыг эмнэлгийн удирдлага, эмч нар цөм ойлгож, мэдэж байгаа. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн хажууд эмнэлгийн зориулалтаар баригдсан хувийн компанийн барилгыг манай эмнэлгийн өргөтгөл болгож, улс худалдаж аваач гэсэн хүсэлтээ манай эмнэлгийн хамт олон салбарын яамандаа хүргэсэн. Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан, дэмжлэг авсан юм билээ. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, уг барилгыг хавдар судлалын эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэх талаар судалж байгаа юм билээ” гэж тус тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж ярив.
Дэлхийд 100 мянган хүн ам тутамд хорт хавдраар нас барж буй хүний тоо /2018 оны байдлаар. Эх сурвалж ДЭМБ /Цөөхөн монголчууд хорт хавдарт дарлуулж, хавдартай өвчтөнүүд эмнэлэгтээ багтахгүйд хүрсэн шалтгаан юу вэ…?

Хорт хавдрын өвчлөл чухам ямар шалтгааны улмаас өсөн нэмэгдсээр байгааг тогтоох нарийн судалгаа манайд байхгүй ч мэргэжлийн хүмүүс архи, тамхины замбараагүй хэрэглээ, агаарын бохирдол, зохисгүй хооллолт, стресс бухимдал гэх мэт нийгмийн өмнө тулгамдсан нийтлэг асуудлуудыг нэрлэдэг. Дэлхийн улс орнуудын хувьд ч илүүдэл жин, жимс хүнсний ногооны хэрэглээ бага, биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, тамхи болон архины зохисгүй хэрэглээ нь  хорт хавдар өвчнийг үүсгэдэг тэргүүлэх таван шалтгаан болж буйг ДЭМБ-аас онцолсон нь манай улсад тохиолдож буй шалтгаантай ч агаар нэг ажээ.Хорт хавдар нь хэвийн бус эсүүдийн хязгааргүй өсөлт бөгөөд бидний биеийн хэсгүүдээр тарж эрүүл эсийг өвчлүүлдэг. Нийт хавдрын 90-95 хувь нь хүрээлэн буй орчин, хүний амьдралын буруу хэв маягаас болсон генийн гажгаас үүсдэг бол үлдсэн 5-10 хувь нь удамшлаас үүдэлтэй байдаг.
Та анзаарав уу?Хэрэв та тамхи татдаг бол хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 25-30 хувь нэмэгдүүлж байна гэсэн үг. Зохисгүй хооллолт, таргалалт нь хавдрын эрсдэлийг хамгийн их буюу 30-35 хувиар нэмэгдүүлдэг бол халдварт өвчин 15-20 хувь, стресс бухимдал, хөдөлгөөний дутагдал нь хорт хавдраар өвчлөх нөлөөллийг 10 орчим хувиар бий болгож буйг судлаачид тогтоожээ.Хорт хавдар нь эртнээс судлагдсан өвчин тул эрүүл мэндээ хамгаалах бүрэн боломжтойг эмч, мэргэжилтнүүд зөвлөсөөр байна. Хорт хавдар нь ихэнх тохиолдолд насжилтаас үүдэлтэй буюу 40-65 насныханд тохиолдож буй тул амьдралынхаа туршид бий болгосон дээрх хорт зуршлуудыг хаяхаас нааш хорт хавдрын аюулаас зугтах амаргүйг шинжлэх ухаанаар хэдийнэ нотолчихсон. Хэрэв танд дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлүүд байгаа л бол яаралтай урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл мэндээ тогтсон хугацаанд хянуулж, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэйг сануулъя.
Хорт хавдрын шалтгаант нас баралтын 70 хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож байгаа бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад хорт хавдрын өвчлөлийн тоо улам бүр багасаж буйг  ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээнүүдээс харж болно. Жишээлбэл, АНУ-д 2018 оны байдлаар нийт хавдартай өвчтөнүүдийн тоо 25 хувиар буурсан гэх мэдээлэл байна.
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД УУШГИ, МОНГОЛД ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР 
Дэлхийн хэмжээнд хорт хавдраар нас барж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа төдийгүй, нас баралт хамгийн өндөр өвчний хоёрдугаарт хорт хавдар эрэмбэлэгдэж буй юм. Өнгөрсөн 2018 онд бөмбөрцөг дээр 18 сая хүн хорт хавдар өвчнөөр оношлогдож, 9.6 сая хүн энэ өвчний улмаас нас барсан хэмээн ДЭМБ-аас мэдээллээ. 
Монголд хамгийн түгээмэл тохиолдож буй хорт хавдар /Эх сурвалж: ЭМХҮТ/Дэлхий нийтэд 2018 онд уушги, хөхний хорт хавдраар тус бүр 2.1 сая орчим хүн, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар 1.8 сая хүн шинээр оношлуулж, уушги, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар нас баралт хамгийн өндөртэй хэмээн бичигджээ. Тэгвэл Монголд 2017 онд хавдраар оношлуулсан 6073 хүний 38.1 хувь буюу 2312 нь элэгний хорт хавдартай байгаа юм. Улс орнуудын хэмжээнд авч үзвэл элэгний хорт хавдар хамгийн түгээмэл тохиолддог зургаан төрлийн хорт хавдрын тоонд ороогүй байна. Харин хавдраас үүдэлтэй нас баралтын статистикаар жилд 782 мянган иргэн хорвоог орхиж, энэ үзүүлэлтээрээ дөрөвдүгээрт бичигдсэн байна.
 
Ж.ЧИНБҮРЭН: 10 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛД ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ЭРС БУУРНА
2014 он буюу одоогоос 15 жилийн өмнө хорт хавдраар оношлуулсан иргэдийн 87.3 хувь нь нэгэнт эмчилгээ авахгүй болсон буюу өвчнийхөө III, IV шатанд орсон хойно өвчилснөө мэдэж, нас барсан нийт хүний 75.6 хувь нь анх оношлогдсоноос хойш нэг жилийн хугацаанд амьдарчээ.Тэгвэл 2017 оны байдлаар хорт хавдраар оношлогдсон иргэдийн 77 хувь нь мөн л өвчнийхөө сүүлийн шатанд оношлогдсон байх юм. Манай улсын хувьд элэгний хорт хавдраар өвчлөгчдийн 80 хувь нь элэгний В, С вирусийн халдвартай тул Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн халдварыг эрт илрүүлэх, халдвартай бол дахин вирус тоолуулах нарийн оношлогоо хийж, вирусийн идэвхжилийг бууруулах эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр олгож байгаа.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хорт хавдрын эрт үедээ оношлуулж байгаа хүний тоо нэмэгдсэн. Эрт оношлуулж, эмчлүүлбэл хавдар эдгэрдэг өвчин. Монголд хамгийн түгээмэл байгаа элэг болон умайн хүзүүний хорт хавдар бол сэргийлж болдог өвчин. Энэ хөтөлбөрийн үр дүнд 10 жилийн дараа Монголд элэгний хорт хавдар эрс буурна” гэж Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, хавдрын мэс засалч Ж.Чинбүрэн ярив.
Тус эмнэлгийн хяналтад эмчлүүлж буй Орхон аймгийн иргэн Ч.Оюунчимэг, Би шинжилгээ хийлгэж, элэгний вирусийн халдвартай гэдгээ мэдсэнээс хойш 2018 оны арваннэгдүгээр сард Хавдар судлалын үндэсний төвд анх удаа хөл тавьсан. Тогтмол хугацаанд шинжилгээ хийлгэж, эмчдээ үзүүлж, эмээ уугаад явдаг учир биеийн байдал хэвийн байна. Хавдрын эмнэлгийн ачаалал маш их байна. Хавдар хижээл насныхны өвчин гэдэг байсан бол одоо идэр залуу 20-40 насныхан олноор өвчилж байгаа нь энэ эмнэлгээр явж байхад илэрхий харагддаг.  Хүн ер нь эрүүл мэндээ өөрөө хариуцах ёстой юм. Тиймээс жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, шинжилгээ хийлгэж байгаарай” гэж залууст захимаар байна гэв.
Хорт хавдар эдгэрдэг өвчин. Гагцхүү эрт үед нь эмнэлэгт хандвал хавдрын аюулаас айх хэрэггүй юм гэсэн жирийн эмэгтэйн яриаг дараагийн сурвалжлагаараа Уншигч танд хүргэх болно. Эх Сурвалж: News.gogo.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан