"12 хүртэлх насны хүүхдүүд нэг удаа л үзүүлж, 60 мянган төгрөгт багтааж эмчилгээ хийлгэнэ"


Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 6-8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.
Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс 2-12 хүртэлх настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэгүй үзүүлэх шийдвэр эцэг эхчүүдийн дунд хүлээлт ихтэй байсан юм.
Тэгвэл, хүлээлт үүсгээд байсан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн нэрс тодорхой болжээ. 
Тиймээс бид тус эмнэлгүүдээр хэзээнээс эхлэж үйлчлүүлэх боломжтой болох эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Энхбилэгтэй уулзаж тодрууллаа.
-2-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүйгээр эмчлэх эмнэлгүүдийн нэрс тодорчээ. Иргэд хэзээнээс үйлчилгээгээ авах боломжтой болох вэ?
-Нэр нь тодорхой болсон шүдний эмнэлгүүд хувиарлагдсан хорооныхоо хүүхдүүдэд үйлчлэх ёстой. Бид сонгон шалгаруулалтаа явуулаад, шалгарсан эмнэлгүүдтэйгээ гэрээ байгуулчихсан. Одоо Нийслэлийн эрүүл мэндийн газраас сонгогдсон эмнэлгүүдийг хороодод хувиарлана. Хувиарлалт хийгдсэний дараа хувиарлагдсан эмнэлгүүддээ үзүүлээд үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой болно.
-Тэгэхээр өнөөдөр, маргаашгүй үзүүлэх шаардлагатай хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжгүй гэсэн үг үү?
-Боломжтой. Манайхтай албан ёсоор гэрээгээ хийчихсэн учраас гэрээ бүхий шүдний эмнэлгүүдээс өөрт ойрхоныг нь сонгоод шууд очоод үйлчлүүлж болно. Ямар ч асуудалгүй. Харин хувиарлалт хийгдсэний дараа бол тухайн дүүрэгтээ хувиарлагдсан эмнэлгүүддээ л үзүүлнэ.
-Улсын хэмжээнд нийт 199 эмнэлэгтэй гэрээ хийсэн гэж байсан. Үүний хэд нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг вэ? 
-Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсон. Үүнээс 199 эмнэлэг сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрээ хийсэн. 115 нь нийслэлд, 84 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд байгаа. 
-Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянга хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон гэсэн. Энэ мөнгөөр нэг хүүхэд хэдэн удаа ямар ямар үйлчилгээ авах боломжтой юм бэ?
-Нэг хүүхэд нэг л удаа үзүүлж, үйлчилгээ авах боломжтой. Тухайн хүүхдийн шүдний өвчлөлөөс хамаараад урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг шаардлагатай бүх тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх юм.
-Үзүүлээд ямар ч эмчилгээ шаардлагагүй эрүүл байвал яах вэ. Дараа нь шүд нь өвдсөн үед дахиж үзүүлээд 60 мянган төгрөгийнхөө эмчилгээ үйлчилгээг авах боломжтой юу?
-Тийм боломж байхгүй. Нэг хүүхэд нэг л удаа үзүүлэх боломжтой.  Хэрэв тухайн хүүхдийн шүд ямар ч өвчлөлгүй эрүүл бол түрхлэг түрхээд зөвлөгөө өгөөд буцаана. Нэг хүүхдийн шүд эрүүл 60 төгрөгт хүрэхгүй үйлчилгээ авч байхад өөр нэг хүүхдийн шүд маш их өвчлөлтэй, олон шүд цооролтой  шаардлагатай авах тусламж үйлчилгээ нь 60 мянган төгрөгөөс давсан байдаг. Тэгэхээр энэ мөнгө ийм байдлаар нөхөгдөөд явна гэсэн үг. 
-Хүүхдээ үзүүлэх эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ. Ямар нэгэн бичиг баримт шаардах уу?
-Юу ч шаардлагагүй шууд очоод хүүхдийн регистрийн дугаарыг хэлэхэд л хангалттай. Анхаарах зүйлийн тухайд гэвэл эцэг эхчүүд, эмнэлгүүд хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ нэг удаагийн зүү тариур хэрэглэж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй.
Бид НЭМГ-аас сонгогдсон эмнэлгүүдийг хэзээ хороодод хувиарлахыг тодруулахад, "Хувиарлалт хийх ажил явагдаж байгаа. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Хувиарлалт хийгдээд дууссаны дараа албан ёсоор олон нийтэд мэдээлнэ" гэсэн юм.
Т.Гэрэл
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан